Хятад улс Хойд Солонгосоос нүүрс авахаа зогсоож байгаагаа зарлалаа
- schedule 2017 оны 2 сарын 19
- chat_bubble 1
Өнөөдрөөс буюу ням гарагаас эхлэн 2017 оныг дуустал Хятад улс Хойд Солонгосоос нүүрс авахаа зогсоож байгааг тус улсын худалдааны яам Бямба гарагт зарлалаа. Энэ тухай Washington Post мэдээлжээ.
Нүүрсний экспорт Хойд Солонгосын дэглэмийн санхүүгийн гол эх үүсвэр болдог юм.
Хятадын тал ямар шалтгаанаар ийм хориг арга хэмжээ авах болсноо мэдэгдээгүй ч Хойд Солонгос саяхан пуужингийн туршилт хийсэн, Ким Жон Уны ахын амийг Малайзад хөнөөсөн зэрэг үйл явдлууд Бээжинг бухимдуулсан байж болзошгүй байна.
Үүнээс гадна Хойд Солонгосын эдийн засаг, цөмийн хөтөлбөрт гол дэмжлэг үзүүлдэг Хятад улсад үзүүлэх олон улсын шахалт нэмэгдсэнтэй холбоотой байх талтай. Хойд Солонгос бол Австрали, Индонез, Монголын дараа Хятадын дөрөв дэх том нүүрс нийлүүлэгч.
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас НҮБ-ын хориг хэрэгжиж, Хойд Солонгосоос нүүрс импортлохыг хориглосон ч Хятад улс цөмийн зэвсгийн хөтөлбөрт нь хамаагүй, хүн ардын тусын тулд гэсэн нэрийн дор импортыг нь үргэлжүүлсээр байсан юм.
Гэвч энэ бүхний эцэст Бээжингийн тэвчээр барагдсан байж магадгүй байна. Мөн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар саяхан утсаар ярих үед Вашингтон Бээжингээс Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрт шахалт үзүүлэхийг уриалсан нь үүнд нөлөөлсөн байх боломжтой.
Энэ долоо хоногийн эхээр Бээжингийн тусгай хамгаалалтад байсан Ким Жон Намын амийг Хойд Солонгосын дэглэм хөнөөсөн нь хоёр орны харилцаанд сэв суулгах үйл явдал болсон гэж ажиглагчид үздэг юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...