Хойд Солонгос улс хэн нэгний амь насыг хөнөөх зорилгоор хортой зүүг бүтээсэн үү?
- schedule 2017 оны 2 сарын 15
- chat_bubble 2
Хойд Солонгос улсын удирдагч Ким Жон Ун Малайз улсад амьдарч байсан ахыгаа захиалгаар амь насыг хөнөөлгөсөн хэрэг өчигдөр гарсан юм.
Тэгвэл Малайз улсын цагдаагийн газраас "Түүний биед гадны нөлөөтэй хортой зүү шигдэн орсон ба уг хор нь амьсгалын эрхтэн болон булчингийн үйл ажиллагааг зогсоож, улмаар амь насаа алдах хэмжээнд хүргэсэн байж болзошгүй. Тодорхой шалтгааныг задлан шинжилгээ хийсний дараа дахин мэдээлнэ" гэжээ.
Хортой зүү гэдэг нь гаднаас нь харахад үзэг мэт боловч кноп дарах төдийд үзүүртээ хүний амь нас хөнөөх хор бүхий 11 мм орчим урттай зүү харвагдаж, 10 метр хүртэл зайд байгаа хүний биед шигдэн ордог байна. Өмнөд Солонгос болон Япон, Малайз улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байгаагаас үзвэл удирдагч Ким Жон Ун-ий ах Ким Жон Нам нь гадаадад зорчихоор өчигдөр өглөөний 9 цаг 26 минутийн орчим Малайз улсын Куала Лампур хотын Олон улсын нисэх онгоцны буудал дээр очсон ажээ.
Тэрээр онгоцны нислэгийн хуваарийг шалгадаг автомат төхөөрөмж дээр үйлчлүүлж байгаад ухаан алдаж унасан ба түргэн тусламжийн тэргээр эмнэлэгт хүргэсэн ч амь насаа алдсан байна.
Малайз улсын цагдаагийн газрын мэдээлсэнээр "Хяналтын камеруудыг шалгаж үзэхэд Ким Жон Нам-ын дэргэд Ази царайтай хоёр эмэгтэй очоод холдсон ба тэд тэр даруй онгоцны буудлаас таксинд сууж явсан байна. Бид тэр хоёр эмэгтэйг эрэн сурвалжилж эхэлсэн" гэжээ. Мөн сэжигтэн байж болзошгүй хоёр эмэгтэйн зургийг олон нийтэд үзүүлсэн байна.
Америкийн мэдээллийн CNN агентлаг өнгөрсөн 2011 онд "Хойд Солонгосчууд нь Хятад улсад дүрвэн гарсан Хойд Солонгосчуудад тусалж байсан Өмнөд Солонгосын нэгэн сүмийн пасторийн амь насыг хөнөөх оролдлого хийхдээ хортой зүү харваж байсан" гэж мэдээлж байсан удаатай. Үүнээс үзвэл Хойд Солонгос улс хэн нэгний амь насыг хөнөөх зорилгоор хортой зүүг бүтээж, ашигладаг байх гэж таамаглаж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...