Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ
- schedule 2017 оны 1 сарын 19
- chat_bubble 0
Өдрийн хуралдаанаар Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хуулийн төслийн үзэл баримтлалыг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцууллаа.
Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалд дараахь асуудлыг тусгасан байна. Цагдаагийн алба хаагч гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд зайлшгүй гүйцэтгэдэг арга, ажиллагааг зөвхөн хуульд заасан хүрээнд гүйцэтгэж, зөрчсөн бол хариуцлага хүлээлгэдэг байхаар тусгажээ. Мөн цагдаагийн байгууллагын удирдлага, зохион байгуулалтын бүтцийг нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх зарчимд нийцүүлэн тодорхойлж, цагдаагийн алба хаагчийн эрх, үүрэг, түүнд хориглох зүйл, нийгмийн баталгаа, эрх зүйн байдлыг өөрчлөн томьёолж, эрхэлж байгаа албан тушаал, алба хаасан хугацаа, ажлын үр дүнг харгалзан цагдаагийн алба хаагчид цол олгодог байхаар тусгажээ. Цагдаагийн алба хаагч гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох зорилгоор бусдын орон байранд нэвтрэн орж хохирогч болон гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг шалгах, холбогдох хуульд заасны дагуу аюулын зэргийн үнэлгээ хийж, түүнийг үндэслэн хохирогчийг түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв болон эмнэлэгт хүргэх, эсхүл боломжтой бол төрөл, садан, ойр дотны хүний түр хамгаалалтад өгөх, цагдаагийн байгууллагын тодорхой албан тушаалд анхлан томилох, алба хаагчийг албан тушаал дэвшүүлэн томилохдоо алба хаагчийн мэдлэг, мэргэжил, ур чадвар, гаргасан амжилт, хувийн болон мэргэжлийн ёс зүйг үндэслэл болгох, албан тушаал эрхлэх шат дарааллыг баримтлах зарчим зэрэг асуудлыг тусгасан байна.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дээрх хуулийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан.
Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар эргүүлийн алба гүйцэтгэж байгаа болон олон жил алба хааж байгаа цагдаагийн алба хаагчдын нийгмийн асуудлыг хэрхэн тусгасан талаар болон цагдаагийн цол олгох асуудлыг хэлэлцүүлгийн явцад анхаарах, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар цагдаагийн төв байгууллагын дарга, дэд даргыг томилж, чөлөөлөх асуудал нь Засгийн газрын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжтой нийцэж байгаа эсэх, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага нь нийтийн хэв журам хамгаалах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ орон нутгийн засаг захиргааны байгууллагатай хамтран ажилладаг байх, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар зөвшилцөн гэдэг нь томилох гэж байгаа албан тушаалтныхаа талаар дүүрэг, орон нутгийн удирдлагад урьдчилан мэдээлэл хүргүүлж, санал солилцож байгаа хэлбэр бөгөөд тус байгууллагын материаллаг бааз бэхжиж, харилцан ойлголцол бий болдог сайн талтай юм, мөн цагдаагийн байгууллагын тэргүүн дэд дарга, дэд дарга нь гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын дадлага туршлагатай гэсэн шаардлагад нийгмийн хэв журмыг хангах чиглэлээр гэдгийг нэмэх, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын чиг үүрэгт орон нутагт хэрэгжүүлэх хэд хэдэн үүргийг нэмж тусгаж, тухайн шатны Засаг даргатай харилцах харилцааг өргөжүүлэн тодотгох, УИХ-ын гишүүн Л.Энхболд сум, орон нутагт ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдын ажлын байрны нөхцөл, нийгэм, эдийн засгийн асуудлыг нь шийдвэрлэхэд анхаарах нь зүйтэй гэсэн саналыг тус тус гаргажээ.
Түүнчлэн, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нутгийн өөрөө удирдах байгууллага нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах ажилд олон нийтийн цагдаа ажиллуулж байгаа боловч таних тэмдэг, тусгай хувцас, нэг бүрийн тусгай хэрэгсэл болон холбогдох зардлыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжид заасны дагуу санхүүжүүлж байгаа ч олон нийтийн цагдаагийн эрх хэмжээ, оролцоог цаашдаа анхаарах нь зүйтэй гэсэн саналыг гаргасан байна.
Хуулийн төслийн үзэл баримтлалын талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ц.Даваасүрэн, Л.Энх-Амгалан, Д.Тогтохсүрэн, Н.Оюундарь, Н.Цэрэнбат нар асуулт асууж, УИХ-ын гишүүн А.Сүхбат, Л.Мөнхбаатар, Л.Элдэв-Очир нар үг хэлж байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...