Түр хугацаагаар архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахгүй хориглолоо
- schedule 2017 оны 1 сарын 17
- chat_bubble 0
Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт таван иргэн хордож нас барсан хэрэг өчигдөр гарсан. Энэхүү хэргийн улмаас нийслэлийн Засаг даргын орлогч, нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалангаар ахлуулсан Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Нийслэлийн онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр нарын гишүүдтэй ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа юм байна.
Ажлын хэсэг яг одоо НЗДТГ-ын А танхимд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан түрүүхэн мэдээлэл хийлээ.
Энэ үеэр комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан “Анхны дүгнэлтүүд гарсан. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа болохоор хуульд заасны дагуу мэдээлэл өгнө. Олон тооны иргэд хордсон байдалтайгаар амь нас нь эрсэдсэн учраас шүүх шинжилгээний эцсийн дүн гарах хүртэл Улаанбаатарын хотын иргэдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах үүднээс өнөөдрийн /2017.01.17/ 18:00 цагаас нэгдүгээр сарын 20-ны өдрийг дуустал архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг зогсоосныг мэдэгдэж байна" гэв.
Мөн Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд "Хохирогч нарт шүүхийн шинжилгээг хийлээ. Амь эрсэдсэн иргэдийн дөрөв нь шингэн зүйлсийн хордлогын улмаас нас барсан нь тогтоогдсон. Ямар бодисоос, ямар шингэнээс хордсон болох нь эд эсийн шинжилгээнээс тодорхой болно. Энэ хэрэгтэй холбоотойгоор хэргийн газраас шингэн зүйлийг олж илрүүлэх, хураах арга хэмжээг авсан байгаа. Архи, согтууруулах ундааг худалдаалахыг тодорхой хэмжээгээр хязгаарлаж байгаа нь иргэдийн аюулгүй байдлыг хангах, эрсдлээс хамгаалах үүднээс хийж байгаа ажил гэдгийг хэлэх байна” гэлээ.
Түүнчлэн НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун "Нийслэлд 2959 архи, согтууруулах ундаа борлуулах дэлгүүр байдаг. Мөн баар, ресторануудад хяналт, шалгалт хийж байна. Нийтдээ 7000 гаруй архийг битүүмжилсэн. Шинжилгээний хариу эцэслэж гараагүй байна. 500 гаруй байцаагч 16:00 цагаас эхлэн ажиллана. Техникийн болон хүнсний спиртийн хяналтыг дэлгүүрүүдэд хийнэ. Мөн стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулж буй эсэхийг шалгана. 2017 оны нэгдүгээр сарын 16-наас нэгдүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн харьяа 36 хүн архи согтууруулах ундаанаас шалтгаалсан эмчилгээ хийлгэсэн мэдээ байна. Гэхдээ манай иргэд анхааралтай хандаж, ялангуяа ойр орчимд нь архи согтууруулах ундаа уусан, хүнсний бүтээгдэхүүн хэрэглээд хордлогын шинж тэмдэг илэрсэн бол яаралтай 103 дугаарт хандах хэрэгтэй. Цаашид аливаа баталгаагүй архи согтууруулах ундааг гар дээрээс болон үйлдвэрлэгч нь тодорхойгүй бараа бүтээгдэхүүн, архи согтууруулах ундааг хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүж байна." гэлээ.
Улаанбаатарын хотын иргэдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах үүднээс өнөөдрийн /2017.01.17/ 18:00 цагаас нэгдүгээр сарын 20-ны өдрийг дуустал архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг зогсоосонтой холбогдуулан НИТХ-ын дарга НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гаргажээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...