Цаг агаар хүйтэрснээс сурагчдын амралтыг сунгав
- schedule 2017 оны 1 сарын 17
- chat_bubble 0
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр ирэх долоо хоногт нийт нутгаар хүйтний эрч чангарч байгаа мөн ханиад томууны дэгдэлт ихэссэнтэй холбогдуулаад нийслэлийн хэмжээнд Ерөнхий боловсролын сурагчдын амралтыг БСШУСЯ-ын сайдын тушаалаар нэгдүгээр сарын 30-ныг хүртэл сунгасан талаар мэдээллээ.
Хөдөө орон нутгийн хувьд Ховд болон Завхан аймгаас хүсэлт ирсэний дагуй сайдын тушаалаар сурагчдын амралтыг мөн адил сунгасан болно. Харин цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн явагдана.
2017 оны нэгдүгээр сарын 16-наас 23-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
\ Цас орж цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна \
Баруун аймгуудын нутгаар: 16-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд ихэнх нутгаар, 18,20-нд нутгийн зүүн хэсгээр цас орж цасан шуурга шуурна. Салхи 17-18нд зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. 16-18, 20-нд хүйтний эрч нэмэгдэж Увс нуур, Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 27-32 градус, Монгол Алтайн өврөөр шөнөдөө 28-33 градус өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус өдөртөө 12-17 градус хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч бага зэрэг суларна.
Төвийн аймгуудын нутгаар: 16-17-нд ихэнх нутгаар, 18,20-нд зарим газраар цас орж, салхи 12-14м/с хүрч цасан шуурга шуурна. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 41-46 градус өдөртөө 28-33 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус өдөртөө 24-29 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус өдөртөө 16-21 градус хүйтэн байна. 22-ноос хүйтний эрч суларна.
Зүүн аймгуудын нутгаар: 16-17-нд зарим газраар, 18,21-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн өмнөд хэсгээр, 20-нд нутгийн хойд хагаст цас орж, салхи 14-16м/с хүрч цасан шуурга шуурна.. Хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус өдөртөө 17-22 градус хүйтэн байна.
Говийн аймгуудын нутгаар: 16,18-нд ихэнх нутгаар, 17-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи зарим газраар 14-16м/с хүрч цасан шуурга шуурна. хүйтний эрч чангарч Өмнөговийн нутгаар шөнөдөө 20-25 градус өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус өдөртөө 14-19 градус хүйтэн байна. 22-ноос хүйтний эрч суларна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...