Экс дэд сайд Ж.Цолмон Анагаахын дээдийг “онилов”
- schedule 2017 оны 1 сарын 16
- chat_bubble 0
МАН-ынхны халаа, сэлгээний дараагийн нэг дуулиан, хэрүүл, эсэргүүцэл дэгдэж эхлээд байна. Тэд уг нь засгийн эрх авангуутаа яам, агентлаг, төрийн өмчит компанийн дарга удирдлага төдийгүй бараг “цэнхэр” цамцтай ажилтнуудыг нь шахуу хуйгаар нь халж сольсон. Ялсан намын сүр хүчээ харуулж байгаа юм байх даа, яах вэ одоо гэсхийгээд л олон нийт өнгөрөх. Тэгвэл одоо мэргэжлийн байгууллагын удирдлага руу тэд дайрч эхэлжээ. Тэр тусмаа эрүүл мэндийн шинжлэх ухааны цорын ганц хамгийн том сургуулийг ойр ойрхон эргэх болсны учир нь дараагийн хүнээ хаана томилох вэ гэсэн тандалт байсан бололтой.
Төсөрхөн БСШУС-ын сайд Ж.Батсуурь өөрийн зөвлөх болох Эрүүл мэндийн дэд сайд асан үзэсгэлэнт бүсгүй Ж.Цолмонгоо дагуулан АШУҮИС-тай танилцан чухам амжилттай ажиллаж байгааг нь магтаад явсан гэсэн. Гэтэл одоо өөрийн зөвлөх Ж.Цолмонгоо энэ сургуулийн захирал болгохоор лобби хийж яваа сурагтай. Эрүүл мэндийн дэд сайд байсан Ж.Цолмонг монголчууд ч сайн танина даа, дэд сайдаар ажиллаж байхдаа чамгүй шүүмжлэл сонссон хүн. Өнгөрсөн сонгуулиар МАН эрх баригч болоход мөн л түүнийг Эрүүл мэндийн сайдаар томилуулах сураг сонсогдож, харамсалтай нь АТГ түүнийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн томилогдож чадаагүй. Гэхдээ хоосонгүй сайдын зөвлөхийн суудалтай. Тэр үеэр ч нам нь засаг авахаар заавал зөөлөн суудал хүртдэг, ялагдахаар гадаад руу дүрвээд явчихдаг, яасан идтэй, чадалтай бүсгүй вэ гэсэн яриа намынхан дунд нь ч дэгдэж, ил, далд эсэргүүцэл илэрхийлж байсан. Өнөөдөр ч намдаа нүүртэй хүн гэдгээ харуулж хамгийн том анагаахын сургуулийн захирал болохоор “чичирч” яваа сурагтай.
АШУҮИС олонхийн нэрлэж заншсанаар Анагаахын дээд бол мэргэжлийн нэр хүнд бүхий байгууллагаас гадна Япон улсын буцалтгүй тусламжаар Жайка олон улсын байгууллагатай хамтран их сургуулийн эмнэлэг барих төсөл боловсруулж, барилгын ажлаа эхлүүлсэн, тун удахгүй ашиглалтад оруулах гэж байгаа. Улсын төсвийн хоёр тэрбум, сургуулийн 1.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар долоон давхар номын сантай болсон гээд “сонирхол” татам, өнгөтэй, мөнгөтэй амттай суудал.
Монголд байхгүй нано тодотголтой эмнэлэг барих бараг бэлэн болоод байгаа төслийн ажил хэн хүний сонирхол татам, бэлэн хоол харагдаж байгаа хэрэг. Ийм л бэлэн хоолон дээр чадалтай төрсөн Ж.Цолмонг суулгахаар Ж.Батсуурь тэргүүтэн “чичирч” харин сургуулийнх нь багш, ажилчид, эрдэмтэд эсэргүүцэн бухимдаж, мэдэгдэл гаргаад байгаа.
Түшэц эмнэлэг, төвийн сургууль, чамгүй төсөвтэй Анагаахын дээд амттай хоол санагдсан байж магадгүй зарим нэг хүнд? Гэвч мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж амласан Ж.Эрдэнэбатад мэргэжлийн “толгой” байдаг болов уу? Намынхан нь хүртэл “заяатай төрсөн Цолмон” гэж атаархах, ад үзэхийн дундуур шивнэлдэж, эсэргүүцэхэд бэлэн байгаа гэсэн шүү.
Эх сурвалж: WWW.INFOMONGOL.MN
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...