АШУҮИС-ийн хамт олон мэдэгдэл гаргажээ
- schedule 2017 оны 1 сарын 13
- chat_bubble 5
АШУҮИС-ийн нийт хамт олон мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэл гаргах болсон шалтгаан нь БСШУС-ын сайд Ж.Батсуурь тус сургуулийн удирдлагыг өөрчлөн, халаа сэлгээ хийхээр санаархах болсонтой холбоотой юм байна. Ингээд мэдэгдлийг бүрэн эхээр нь нийтлэж байна.
МЭДЭГДЭЛ
АШУҮИС-ийн эрдэмтэн, профессор багш нар, оюутан залуус, ажилтан, төгсөгчид бид энэхүү мэдэгдлийг албан тушаалын төлөө улайран зүтгэгч, увайгүй нөхдүүдэд хандан гаргаж байна.
Манай хамт олон төр засгаа хүндлэх үүднээс Монгол Улсын Эрүүл мэндийн салбарын тэргүүлэх их сургуулийг 2013 оны 08-р сараас хойш чадварлаг удирдан, үсрэнгүй хөгжилд хүргэсэн захирал, профессор Г.Батбаатар багшийн хөдөлмөр зүтгэл, хийсэн бүтээснийг нь төрийн гурван өндөрлөг болон холбогдох байгууллагад бичгээр удаа дараа уламжлаж байсан билээ.
Гэвч үүнийг үл ойшоон албан тушаал горилогч, эх орноо гэсэн сэтгэлгүй нөхдүүд, тухайлбал, БСШУС-ын сайдын зөвлөх Ж.Цолмон мэтийн сургалт эрдмийн ажлын туршлагагүй, урд хашиж байсан ажил үүргээ амжилттай биелүүлж чадаагүй, ашиг сонирхлын зөрчилтэй нөхдийг МАНАЙ ХАМТ ОЛОН ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ ГЭДГИЙГ ЭРС МЭДЭГДЭЖ БАЙНА.
Монголын ард түмэн Монгол Ардын Намыг сонгосон. Бид ч бас сонгосон. БСШУС-ын сайд ноён Ж.Батсуурь Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн нэрийг барин улс төрийн бохир шийдвэр гаргахаар улайран зүтгэж байна.
Даргын цүнх барьж албан тушаал горилогчдод манай их сургуулийн үүд хаалга хаалттай, сургалт эрдэм шинжилгээний академик байгууллагад гишгэх газар байхгүй болно.
Их сургуулиа улс төрийн бохир савраас аварцгаая!
Эрүүл Монгол хүн байж эх орон маань хөгжих учиртай.
Эрдэмтэй, сэтгэлтэй хүн их сургуулийг удирдах учиртай.
АШУҮИС-ийн нийт хамт олон.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...