Д.Хүрэлбаатар: Антибиотик бүртгэхийг хоёр жилийн хугацаагаар түр зогсоох санал оруулна
- schedule 2017 оны 1 сарын 5
- chat_bubble 0
Үндэсний шуудан сонин
2017.01.05
Ц.БААСАНСҮРЭН
Паразитын эсрэг үйлчилгээтэй эмийн бүртгэлийн 60 хувийг антибиотикийн найрлагатай эм эзлэдэг.
Манай улсад малын өвчлөлтэй холбоотой антибиотикийн хэрэглээ тулгамдсан асуудал болоод буй. Үүнтэй холбоотойгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Хүрэлбаатартай ярилцлаа.
-Манай улсад өнөөдрийн байдлаар хэчнээн төрлийн малын эм, бэлдмэл, тариа хэрэглэж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар манай улсад 740 гаруй худалдааны нэршил бүхий эм, био бэлдмэл улсын бүртгэлд бүртгэгдсэн байгаа. Эдгээр эм, био бэлдмэлийг эм ханган нийлүүлэх 96 байгууллагаас импортоор авдаг. Дотоодын долоон үйлдвэр малын эм, био бэлдмэл нийлүүлж байна. Нийслэл болон хөдөө орон нутагт 900 гаруй малын эмийн сан үйл ажиллагаа явуулж байгаа.
-Малын эмийн хэрэглээ, ханган нийлүүлэлт зэргийг ямар хуулиар зохицуулж байгаа вэ?
-Манай улсад эмийн харилцааг зохицуулсан хэд хэдэн баримт бичиг бий. Гол хууль нь "Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль", "Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын бичиг баримт" зэрэг эрх зүйн баримт бичгүүдийн хүрээнд эмийн зохицуулалт хийдэг. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэд Малын эмийн салбар зөвлөл орон тооны бус үйл ажиллагаа явуулдаг. Дээрх эм, био бэлдмэлийн чанар аюулгүй байдлыг хуульд заасан чиг үүргийн дагуу мэргэжлийн хяналтын байгууллага шат болгонд хянаад явдаг. Аймаг, сумдад малын эмийн улсын байцаагч нар ажиллаж байгаа. Үүнээс гадна манай улсад шинээр орж ирж байгаа эм, болон вакцин, аж ахуй нэгжүүдийн худалдан борлуулах эм, био бэлдмэл бүрт Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори стандартын дагуу шинжилгээ хийж, сорилт баталгаажуулалтын дүгнэлтээ гаргадаг. Үүний дагуу зах зээлд эмийн сангуудаар борлуулж байгаа.
-Танай байгууллага малын эмийн хэрэглээнд ямар үүрэгтэй, хэрхэн нөлөөлж оролцдог вэ?
-Монгол Улсад шинээр ирж байгаа малын эмийг бүртгэх болон малын эмийн бүртгэлийн асуудалд өөрчлөлт оруулах, эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг зохицуулах чиглэлээр гол үйл ажиллагаа явуулдаг.
-Малчид ивомекийг ихээр хэрэглэдэг. Үүнээс шалтгаалж малын махны чанарт нөлөөлж байна гэх шүүмжлэл цөөнгүй бий. Энэ талаар тодруулахгүй юү?
-Малын эмийн салбар зөвлөл эмийн бодлогын асуудалд өөрчлөлт оруулах болон эмийн бүртгэлд өөрчлөлт оруулах чиг үүрэгтэй гэдгийг дээр дурдсан. Сүүлийн үед малчид ихээр хэрэглэх болсон ивомекийн хэрэглээнд анхаарч байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас антибиотикийн хэрэглээг бууруулах, хариуцлагатай хэрэглэх аяныг энэ сарын эхний долоо хоногт явуулсан. Үүний хүрээнд Эрүүл мэндийн яам манай яамтай хамтраад салбар дундын хамтын ажиллагааг сайжруулж, өргөжүүлэх үүднээс ажлын хэсэг байгуулаад антибиотикийг зөв хэрэглэх үндэсний төлөвлөгөө боловсруулаад ажиллаж байгаа. Мөн малчид ивомекийг малдаа ихээхэн хэрэглэдэг. Энэ эм антибиотикийн бүлэгт багтах найрлагатай. Эмийг аж ахуй нэгжүүд бизнесийн ашигаа бодоод ихээхэн оруулж ирдэг.
Манай улсад дотор, гадар шимэгч буюу паразитын эсрэг үйлчилгээтэй эмийн бүртгэлийн 60 орчим хувийг ивомекийн буюу ивермэктин, аверметин гэсэн үйлчлэгч бодистой гурван эм эзэлж байна. Одоогоор ийм үйлчлэгч бодистой эм, бэлдмэл хангалттай бүртгэгдсэн гэж үзэж байгаа. Тиймээс энэ төрлийн антибиотикийг бүртгэхийг хоёр жилийн хугацаагаар түр зогсоох санал оруулахаар төлөвлөсөн. Эцсийн шийдвэр эмийн зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэгдэнэ.
-Ивомекийн төрлийн эм, бэлдмэл паразитын эсрэг үйлчилгээтэй эмийн бүртгэлийн 60 орчим хувийг эзэлдэг гэсэн. Мөн хоёр жилээр түр зогсоох шийдвэр гарчихвал хэн, хэрхэн хяналт тавих вэ?
-Манай улсын эм ханган нийлүүлэх байгууллагууд хуулийн дагуу холбогдох баримт бичгээ бүрдүүлээд албан хүсэлтээ гаргаж хандсаны үндсэн дээр манай салбар зөвлөлийн шийдвэрээр тухайн эмийг Монгол Улсад бүртгүүлж, худалдах эрх нь нээгддэг. Сүүлийн 3-4 жилийн хугацаанд ивермэктин, аверметиний найрлагатай эмийг олноор бүртгүүлсэн. Зах зээлд энэ төрлийн эм хангалттай байгаа. Гэхдээ тэр хэмжээгээр нь хамаагүй хэрэглээд байгаа гэсэн үг биш. Хавар, намар дотоод гадаад шимэгчээс сэргийлэх зорилгоор, Монгол Улсын малын ерөнхий эмч батлан гаргасан зааврын дагуу хэрэглэдэг. Үүнээс гадна хяналтын тогтолцоо сайжрах бас нэг ажил нь мал эмнэлгийг босоо тогтолцоотой болгож, улсын мэдэлд шилжүүлж байгаа явдал.
-Улсын бүртгэлд бүртгэгдсэн 740 гаруй эм, био бэлдмэлийн хэчнээнийг эмчийн жороор, хэчнээнийг малчин өөрөө аваад хэрэглэх боломжтой вэ?
-Малын эмийн салбар зөвлөлөөр орж байгаа эмийг бүртгэхдээ улсын гэрчилгээ, хэрэглэх заавартай ирдэг. Тэгэхдээ жороор олгох, жоргүй олгох, зөвхөн эмнэлгийн хэрэгцээнд хэрэглэнэ гэх мэтээр тусгай тэмдэглэгээгээр зааж өгсөн. Хэрэглэх зааврыг нь ч мөн ингээд заагаад өгчихсөн. Бүх төрлийн антибиотикийн бэлдмэл, зарим төрлийн гормон, спортын зориулалтаар ашиглах бэлдмэлүүдийг жороор олгох ёстой.
-Антибиотикийн хэрэглээ өссөнөөс малын мах чанаргүй, таргалсан ч шим тэжээлгүй зэрэг шүүмжлэл гардаг. Үүнд тайлбар өгөхгүй юү?
-Эм хэрэглэснээр тухайн малын шимэгч хорхой, шимэгч нь устаад таргалж байгаа. Гэтэл эм, тариа хийснээс болоод таргалчихлаа гэсэн буруу, ташаа ойпголтууд явдаг. Тухайн эмийг заавар, журмын дагуу хэрэглэвэл сөрөг үр дагавар үзүүлэхгүй.
-Сүүлийн жилүүдэд мал угаах асуудал байхгүй болчихлоо, муудчихлаа. Тэрнээс болж паразитад идэгдэж, арьс шир нь үнэд хүрэхгүй, үйлдвэрүүд авахгүй гэх асуудлууд гарч ирж байгаа. Үүнд танай байгууллагаас хэрхэн анхаарал хандуулж ажилладаг вэ?
-Дэлхийн мал эмнэлгийн практикг хэрэглэж байгаа найрлагатай бэлдмэлүүдийг манай улс импортоор авчирж хэрэглэдэг. Гэтэл малчид өөрсдөө малаа угаалгад хамруулахгүй, өөр тариа, вакцин хийлгэсэн гэх мэт шалтгаанаар мал эмнэлгийн үйлчилгээгээ бүрэн авахгүй байгаатай холбоотой. Хариуцлагыг сайжруулах нь ярилцах асуудлын нэг болоод байна.
-Энэ онд хэчнээн эм, бэлдмэл шинээр бүртгэсэн бэ. Жилд дунджаар хэчнээнийг шинээр бүртгэдэг юм бол?
-Сүүлийн таван жилийн давтамжаар жилд дунджаар 70-90 шинэ эм, бэлдмэл бүртгэгддэг. Энэ оны гуравдахь хурлаар 77 нэр төрлийн эм, био бэлдмэл бүртгэгдсэн. Улирал бүр нэг хуралддаг. Энэ үеэр шинээр бүртгэгдсэн эм, био бэлдмэлийн тоо гардаг.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...