Ардчилсан намын даргад нэр дэвшигчид үнэмлэхээ гардав
- schedule 2016 оны 12 сарын 19
- chat_bubble 0
Ардчилсан намын даргад нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах ажиллагаа Blue Sky-д боллоо.
АН-ын даргад С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр, Ж.Батзандан, Н.Алтанхуяг нар дэвшээд байна. Тэд өнөөдөр хамтын гэрээнд гарын үсэг зурж, үнэмлэхээ гардан авлаа. Тэдэнд АН-ын дарга З.Энхболд эв нэгдлийг бэлгэдсэн таван сумыг гардуулан өглөө.
Н.Алтанхуяг: Ардчилсан намын шинэчлэл гэдэг бол Монголын шинэчлэл юм шүү
-Өнгөрсөн Их хуралд байсан нөхөд бүгд намын даргад өрсөлдөж байна. Ардчилсан намын даргыг зургаан жил удирдсан хүний хувьд намын даргад өрсөлдөхгүй байя гэж бодож байсан. Гэвч өрсөлдөх болсон шалтгаан нь хүнд үед намынхаа төлөө зүтгэх ёстой гэдгийг олон хүн надад хэлсэн. Ардчилсан намын нөхдийнхөө хэлснээр би намын даргын сунгаанд өрсөлдөж байна. Намын даргын сунгаа бол Ардчилсан намын дотоод асуудал биш. Монгол Улсын маань асуудал юм шүү. Ардчилсан намд хоосон магтаал, хорссон үзэл санаа хэрэггүй. Ард түмэнд амласан ажлынхаа төлөө зүтгэж ажилламаар байна. Өнгөрсөн хугацаанд Ардчилсан намыг дотор нь хагаралдуулах, муухай харагдуулах ажлыг их хийсэн. Үүнийг бид одоо мэддэг болсон. Ардчилсан намд өнөөдөр эв нэгдэл хэрэгтэй. Ардчилсан намын шинэчлэл гэдэг бол Монголын шинэчлэл юм шүү. Иймээс би намын даргын сунгаанд өрсөлдөж байна. Эвийн хүчээр илүү ихийг бүтээцгээе гэлээ.
С.Эрдэнэ: Хэн ч ялсан бай Ардчилсан намын шинэчлэл, эх орныхоо сайн сайхны төлөө зүтгэсээр байх болно
-Надтай хамт гэрээнд гарын үсэг зурсан нөхөддөө амжилт хүсье. Ардчилсан нам байгуулагдсан 26 жилд хамтдаа зүтгэж ирсэн журмын нөхөд юм. Намын даргын сунгааг, өрсөлдөөн гэхээс илүү намын шинэчлэлийн төлөө хийж байгаа бидний хамтын ажиллагаа, зүтгэл гэж хараасай гэж хүсэж байна. Ингээд журмын нөхөддөө амжилт хүсье. Миний хувьд хэн ч ялсан бай Ардчилсан намын шинэчлэл, эх орныхоо сайн сайхны төлөө зүтгэсээр байх болно гэдгээ хэлье.
Д.Эрдэнэбат: Ам ажил нь битгий зөрөөсэй гэж хүсэж байна
-Миний хувьд намын даргын сунгаанд оролцох эсэхээ их бодсон, эргэлзэж байсан. Намын даргын сунгаанд оролцох нь өөрөө намын шинэтгэлийн төлөө зүтгэж буй явдал гэж намын нөхөд хэлсэн учир би оролцож байна. Орон нутгийн сонгууль Ардчилсан нам үндэсний хэмжээний нам юм гэдгийг бататган харуулсан. Одоо харин Ардчилсан намын даргын сунгаа Монголын Ардчилсан намын дотоодын эв нэгдлийн төлөө, ардчилсан нийгмийн төлөөх үзлийг тодотгон харуулах сонгууль юм шүү. Хамтран зүтгэж буй нөхөддөө амжилт хүсье. Ам ажил нь битгий зөрөөсэй гэж хүсэж байна. Та бүхэндээ амжилт хүсье.
Л.Гантөмөр: Ардчилсан нам гишүүдийнхээ төлөө зүтгэсэн, хүний нөөцийн бодлоготой, хариуцлагатай нам болох ёстой
-Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвших боломжийг олгосон намын удирдлагуудад чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна. УИХ-ын сонгуулийн ялагдал, тэр их ялагдлын дараа намын гишүүд дор бүрнээ ихийг тунгаан бодсон биз ээ. Ардчилсан намын их хурлаар намын даргыг сунгаагаар тодруулахаар болсон. Ардчилсан нам гишүүдийнхээ төлөө зүтгэсэн, хүний нөөцийн бодлоготой, хариуцлагатай нам болох ёстой гэдэг үүднээс би энэ сонгуульд нэр дэвшиж байгаа юм.
Ж.Батзандан:Ардчилсан намын шинэчлэл эхэлж байна
-Ардчилсан намын шинэчлэл эхэлж байна. Монголыг шинэчлэх шаардлагатай байгаа учраас Ардчилсан нам шинэчлэгдэх шаардлагатай байгаа юм. Монголын улс төрийн шаардлагыг бид хангаж чадна гэж харж байгаа. Ардчилсан намын хүний эрхийг дээдэлсэн эрх чөлөөний үзэлтэй болж шинэчлэгдэх юм. Ардчилсан нам бүлэглэл фракцийн гарт орсон байх уу, ард түмнийхээ төлөө үйлчилдэг байх уу гэдгийг бид шинэчлэлээрээ шийднэ. Нэгдсэн эрх ашигтай нэгдмэл байхыг энэ шинэчлэлээрээ хийнэ. Ардчилсан намын даргад хэн ч ялсан бай би гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөн явах болно.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...