Зарим улсад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татаж, шинээр тохоон томилов
- schedule 2016 оны 11 сарын 17
- chat_bubble 0
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2016.11.17/ нэгдсэн хуралдаан 10 цаг 40 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Пүрэв, Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар нийт 11 асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнийг томилов
Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнийг томилох тухай асуудал хэлэлцэж, энэ талаар Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаас гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танилцуулав.
Тус байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнээр УИХ-аас Жамсрангийн Бямбадоржийг улируулан томилуулах саналыг хэлэлцээд дэмжсэн байна.
Нэр дэвшигч Ж.Бямбадорж нь Москва хотын улсын их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн, эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны доктор цолтой. 1992-1996, 1996-2000, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга, 2004-2010 онд Үндсэн хуулийн цэцийн дарга, 2010-2016 онд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, даргаар ажиллаж байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлсэн УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Болд нар нэртэй хуульч, туршлагатай улстөрчийнх нь хувьд нэр дэвшигчийг дэмжиж байгаагаа илэрхийлээд хүний эрхийн асуудал чухлаар тавигдаж буй өнөө үед комиссын үүрэг, хариуцлага өмнөхөөсөө ч илүү хариуцлагатай болж байгаад дүгнэлт хийж идэвхитэй ажиллахыг захилаа.
Ингээд байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 96 хувь нь дэмжсэн тул энэ талаархи УИХ-ын тогтоолыг батлагдсанд тооцохоор болов.
Хуралдааны төгсгөлд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнээр улиран томилогдсон Ж.Бямбадорж төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагаас итгэл хүлээлгэж төрийн өндөр хариуцлагатай албанд дахин томилсонд талархал илэрхийлээд хуулиар хүлээсэн үүргээ урьдын адил үнэнч шударгаар гүйцэтгэхээ илэрхийлэв.
Д.Одбаярыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо
Дараа нь Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, УИХ-ын дарга М.Энхболд энэ талаар танилцуулав. Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбатын бүрэн эрхийн хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс дуусгавар болж буйтай холбогдуулан Доржийн Одбаярыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлж буйгаа УИХ-ын дарга танилцуулсан юм.
Нэр дэвшигч Д.Одбаяр нь хууль зүйн өндөр боловсрол, мэдлэг, туршлагатай хуульч төдийгүй улстөрч, нийгмийн зүтгэлтэн, хуульд заасан болзол, шалгуурыг бүрэн хангаж байгаа гэдгийг УИХ-ын дарга танилцуулгадаа дурдав.
Нэр дэвшигч Д.Одбаяр нь 1967 онд Дорнод аймагт төрсөн, 49 настай, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1987 онд Москва хотын Залуучуудын дээд сургууль, 1997 онд Энэтхэгийн эрх зүйн Үндэсний их сургуулийг тус тус төгссөн, эрх зүйч мэргэжилтэй. 1987-1992 онд Дорнод аймгийн Пионерийн зөвлөл, ХЗЭ-ийн хороонд зааварлагч, зохион байгуулагч, МХЗЭ-ийн Гүйцэтгэх хороонд Тэргүүлэгч гишүүн, Монголын залуучуудын холбоонд Хяналтын зөвлөлийн дарга, 1997-1998 онд Хууль зүйн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, Олон улсын эрх зүйн тасгийн ахлагч, 1998-2000 онд Хууль зүйн яаманд Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, 2000-2004 онд Дорнод аймгийн Засаг даргаар ажиллаж байжээ.
Улмаар 2004-2008, 2008-2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2006-2007 онд Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2004-2006, 2010-2012 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажилласан байна. Харин 2013 оноос “Альтернатив энерги” ХХК-д зөвлөхөөр ажиллаж байгаа аж.
Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн тухай асуудлыг Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцэж санал нэгтэйгээр дэмжсэн тухай Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганболд танилцуулсан юм.
УИХ-ын даргын танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан үг хэлсэн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, О.Баасанхүү, Л.Оюун-Эрдэнэ, Д.Лүндээжанцан нар нэр дэвшигчийг дэмжиж байгаагаа хэлээд төрийн хүний хувьд ноён нуруутай, ёс жудагтай, зарчимтай ажиллах, сүүлийн жилүүдэд цэц нь улстөржсөн байгууллага болоод байгааг засч цэц нь Үндсэн хуулийн шүүхийн үүргээ улстөрөөс хамааралгүй хэрэгжүүлдэг байхад анхаарах зэргийг захиж байлаа.
Ингээд байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 50 гишүүний 48 нь буюу 96 хувь нь дэмжсэн тул энэ талаархи УИХ-ын тогтоолыг батлагдсанд тооцов. Мөн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул П.Очирбатыг Үндсэн хуулийн цэцийн гишүүний үүрэг ажлаас чөлөөлөх санал хураалгахад гишүүдийн 86.4 хувь нь дэмжлээ.
Зарим улсад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татаж, шинээр томилов
Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Энэ талаархи Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн танилцуулсан юм.
Монгол Улсаас гадаадын зарим улсад суух Элчин сайд нарыг томилуулах асуудлыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтсон байна. Энэ үндсэн дээр Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох хуулийн заалтуудыг үндэслэн Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Кувейт Улс, Бүгд Найрамдах Австри Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Бельгийн Вант Улс, Бүгд Найрамдах Чех Улс, Бүгд Найрамдах Болгар Улс, Шведийн Вант Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дашийн Билэгдорж, Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Зоригтын Чинтүшиг, Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ганхуурайн Баттунгалаг, Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Равдангийн Болд, Бельгийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Одын Оч, Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямаагийн Наранбат, Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дашжамцын Батсайхан, Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Мэндсайханы Энхсайхан, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Санжаагийн Баяр, Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсангийн Баттулга нарыг томилуулахаар санал болгожээ.
Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцсөн талаархи Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр танилцуулсан юм. Тус байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, Элчин сайдад нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулж дэмжсэн байна.
Элчин сайдад нэр дэвшигч Д.Билэгдорж нь 1963 онд төрсөн, 1985-1991 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын эрх зүйч мэргэжлээр төгссөн, “Тэргүүн шадар” дипломат цолтой. 1991 оноос Гадаад харилцааны яаманд атташе, мэргэжилтэн, газрын хоёрдугаар нарийн бичгийн дарга, зөвлөх, газрын дэд захирал, Ханой дахь ЭСЯ-нд атташе, хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, Элчин зөвлөх, Анкара дахь ЭСЯ-нд зөвлөх, 2014 оноос Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зүйн газарт зөвлөх, Олон улсын гэрээ, эрх зүйн газрын дэд захирлаар ажиллаж байгаа аж.
Нэр дэвшигч З.Чинтүшиг нь 1978 онд төрсөн, 1998-2004 онд ХБНГУ-ын Чөлөөт их сургуулийг улс төрийн ухааны бакалавр, АБНЕУ-ын Америк их сургуулийг олон улсын харилцааны магистр зэрэгтэй төгссөн, “Тэргүүн итгэмжит” дипломат цолтой. 2008 оноос Гадаад харилцааны яаманд мэргэжилтэн, гуравдугаар нарийн бичгийн дарга, газрын дэд захирал, зөвлөх, Москва дахь ЭСЯ-нд атташе, 2015 оноос Москва дахь ЭСЯ-нд зөвлөхөөр ажиллаж байгаа.
Нэр дэвшигч Г.Баттунгалаг нь 1972 онд төрсөн, 1990-1996 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль төгссөн, Олон улсын эдийн засгийн магистр зэрэгтэй, “Тэргүүн шадар” дипломат цолтой. 1996 оноос Гадаад харилцааны яаманд мэргэжилтэн, атташе, газрын гурав, хоёрдугаар нарийн бичгийн дарга, дэд захирал, Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газарт атташе, гуравдугаар нарийн бичгийн дарга, төлөөлөгчийн орлогч, 2015 оноос Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрны захирлаар ажиллаж байгаа.
Нэр дэвшигч Р.Болд нь 1955 онд төрсөн, 1973-1997 онд Цэргийн ерөнхий сургууль, 1978-1980 онд ЗХУ-ын Цэргийн дипломатын академи төгссөн. Түүхийн ухааны боловсролын доктор. Ардын армид улс төрийн ажилтан, Зэвсэгт хүчний Жанжин штабын цэргийн тагнуулын газарт офицер, Гадаад явдлын яаманд бэлтгэл ажилтан, Токио дахь ЭСЯ-нд атташе, Батлан хамгаалах яамны дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн нарийн бичгийн дарга, захирал, Тагнуулын төв газрын дэд дарга, УИХ-ын Тамгын газарт зөвлөх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Улмаар 2003-2007 онд Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 2007-2012 онд Тагнуулын ерөнхий газрын дарга, 2012-2015 онд Монгол Улсаас Австрали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллажээ.
Нэр дэвшигч О.Оч нь 1967 онд төрсөн, 1986-1991 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, 2001-2002 онд Япон Улсын Кюүшү их сургуулийг төгссөн. Олон улсын эрх зүй, хуулийн магистр зэрэгтэй, “Тэргүүн шадар” дипломат цолтой. 1991-2008 онд Гадаад харилцааны яаманд атташе, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, зөвлөх, газрын дэд захирал, Брюссель дэх ЭСЯ-нд атташе, НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газрын Бүсийн төлөөлөгчийн газарт Монгол дахь салбарын ажилтан, яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал, 2008-2012 онд Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөхөөр тус тус ажиллажээ. 2012-2015 онд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан.
Нэр дэвшигч Н.Наранбат нь 1979 онд төрсөн, 1996-2000 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг орчуулагч, 2006-2008 онд тус их сургуулийг бизнесийн удирдлагын магистраар төгссөн. “Тэргүүн шадар” дипломат цолтой. 2000-2009 онд Гадаад харилцааны яаманд атташе, дэд сайдын туслах, газрын гуравдугаар нарийн бичгийн дарга, Сингапур дахь Ерөнхий консулын газарт консул, ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 2009-2012 онд Төрийн ёслолын газрын дэд захирал, 2012-2014 онд Европын газрын, 2014-2016 онд Ази, Ойрхи дорнод, Африкийн газрын захирлаар ажиллаж байсан. Одоо Ази, Номхон далайн орнуудын газрын захирлаар ажиллаж байгаа.
Нэр дэвшигч Д.Батсайхан нь 1965 онд төрсөн, 1984-1989 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын харилцааны мэргэжлээр төгссөн, Австри, АНУ-д мэргэжил дээшлүүлсэн. “Тэргүүн шадар” дипломат цолтой. 1989-1991 онд Улаанбаатар хот дахь Болгар Улсын ЭСЯ-нд орчуулагч, 1991-1995 онд Софи дахь ЭСЯ-нд атташе, 1995-2015 онд Гадаад харилцааны яаманд атташе, мэргэжилтэн, нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх, Софи дахь ЭСЯ-нд нэгдүгээр нарийн бичгийн дарга, Анкара дахь ЭСЯ-нд зөвлөх, Куйвет дахь ЭСЯ-нд зөвлөх, 2015 оноос яамны Европ, Америкинй газарт зөвлөхөөр тус тус ажилласан, энэ оны 8 дугаар сараас Европын газрын дэд захирлаар ажиллаж байгаа аж.
Нэр дэвшигч М.Энхсайхан нь 1955 онд төрсөн, 1973-1978 онд Киевийн Улсын их сургуулийг олон улсын эдийн харилцааны мэргэжлээр төгссөн, Эдийн засгийн ухааны доктор. Тэрбээр 1978 оноос Гадаад худалдааны яаманд эдийн засагч, эрдэм шинжилгээний ажилтнаар ажлын гараагаа эхэлж, улмаар Улсын Бага Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, УИХ-ын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Монгол Улсын сайд зэрэг алба хашиж ирсэн туршлагатай улстөрч, нийгмийн зүтгэлтэн.
Нэр дэвшигч С.Баяр нь 1955 онд төрсөн, 1973-1978 онд Москвагийн их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд” дипломат цолтой. 1978 оноос Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд зааварлагчаас ажлын гаргаагаа эхэлж, улмаар Улсын Бага Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан туршлагатай улстөрч, нийгмийн зүтгэлтэн. Мөн 2001-2005 онд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байв.
Нэр дэвшигч Л.Баттулга нь 1953 онд төрсөн, 1996-1972 онд Эрхүү хотын Ан олзворын техникум, 1972-1978 онд Будапешт хотын Эдийн засгийн их сургууль төгссөн, Олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжилтэй. “Тэргүүн шадар” дипломат цолтой. 1978 оноос Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооноос ажлын гараагаа эхэлж мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын орлогч дарга, Гадаад харилцааны яаманд газрын орлогч дарга, Будапешт, Москва хотууд дахь ЭСЯ-нд зөвлөх, Элчин зөвлөх, Вашингтон хот дахь ЭСЯ-нд зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн даргаар тус тус ажиллаж байжээ. 2013 оноос Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газарт зөвлөхөөр ажиллаж байгаа аж.
Ерөнхийлөгчийн санал, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ц.Даваасүрэн, Ө.Энхтүвшин, Х.Болорчулуун, Л.Болд, Б.Жавхлан, Г.Занданшатар, Ж.Ганбаатар, Л.Оюун-Эрдэнэ, М.Оюунчимэг, Б.Пүрэвдорж, Т.Аюурсайхан нар нэр дэвшигчид болон Гадаад харилцааны сайдаас асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийллээ. Үг хэлсэн гишүүд Элчин сайд болно гэдэг маш хариуцлагатай, нэр хүндтэй ажил учраас улс орны ашиг сонирхлыг дээдэлж, хоёр улсын харилцааг өнөөгийн хүрсэн түвшингээс ахиулах, иргэддээ ойр байж эрх ашгийг нь хамгаалж тусалж дэмжихэд голлож анхаарах, эдийн засгийн хүндрэлтэй энэ үед хөрөнгө оруулалт, хамтарсан төсөл хөтөлбөрүүд, үр өгөөжтэй зээл тусламж татах, гадаад худалдааны эргэлт, оюутны тоог нэмэгдүүлэх чиглэлээр санаачлагатай ажиллах, энэ талаар хэрхэн ажилласан байдлаар ажлыг нь үнэлж дүгнэдэг байх зэрэг саналууд гаргаж байв. Мөн УИХ-ын гишүүн Л.Болдын гаргасан саналын дагуу нэр дэвшигч бүр суух улс орныхоо талаар хэр мэдэээлэлтэй байгаа, нэн тэргүүнд ямар ажил хийж хэрэгжүүлэх бодолтой байгаа талаараа товч тайлбар өгсөн юм.
Ингээд байнгын хорооны саналаар Элчин сайд нарыг эгүүлэн татах санал хураалт явуулахад Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Энхбат, Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Энхбат, Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргал, Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг, Бельгийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Даваадорж, Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Зүмбэрэллхам, Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Дүгэржав, Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Алтай, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга, Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сүхээ нарыг эгүүлэн татахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 93.9 хувь нь дэмжлээ.
Дараа нь Элчин сайдад нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшигч Д.Билэгдорж нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 98 хувийн, Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшигч З.Чинтүшиг 98, Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшигч Г.Баттунгалаг 97.9, Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшигч Р.Болд 95.8, Бельгийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшигч О.Оч 98, Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшигч Н.Наранбат 100, Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэгр дэвшигч Д.Батсайхан 98, Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшигч М.Энхсайхан 93.9, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшигч С.Баяр 93.9, Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшигч Л.Баттулга 98 хувийн санал авлаа. Иймээс энэ тухай УИХ-ын тогтоолыг батлагдсанд тооцлоо
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...