СЗХ-ны дарга С.Даваасүрэн: Тогтвортой ажиллагаатай ХЗХ-г нэмэгдүүлэх бодлогыг баримтална
- schedule 2016 оны 10 сарын 28
- chat_bubble 0
Эрхэм хүндэт хоршоологчидоо,
Хатагтай, ноёд оо,
Монголын ард иргэдийн амьдралын зайлшгүй хэрэгцээ шаардлагаар хадгаламж, зээлийн хоршооны хөдөлгөөн өрнөснөөс хойш 20 жил өнгөрчээ. Бусад улс оронтой харьцуулахад манай хадгаламж, зээлийн хоршооны хөдөлгөөний түүх харьцангуй богино боловч баялаг түүхийг нэгэнт бүтээсэн байна.
Эхэндээ төрөөс тавих хяналт, зохицуулалт хангалтгүй, иргэдийн дунд хоршооны талаарх мэдлэг хомс байснаас болж зарим хоршоодын үйл ажиллагаа гишүүдийнхээ төлөө үйлчилдэг байх сонгодог утгаасаа гажуудан, санхүүгийн пирамид хэлбэрт шилжиж, хүсэмгүй үр дүн дагуулж, иргэдийн дунд хадгаламж, зээлийн хоршоодын нэр хүндийг унагаасан нь та бидний мартаж үл болох гашуун сургамж билээ.
Хэдийгээр хадгаламж, зээлийн хоршоодын хөгжлийн замнал шулуун дардан байгаагүй ч та бид хамтдаа тулгарсан саад бэрхшээлийг даван туулж, хуримтлуулсан туршлага дээрээ суралцан хөгжсөөр өнөөдөр жижиг, дунд, үйлдвэрлэл эрхлэгчид, бага, дунд орлоготой иргэдийн санхүүгийн анхдагч хэрэгцээг хангаад зогсохгүй өргөн уудам нутагтаа тархан суурьшсан иргэддээ хүрч үйлчилдэг нийгэм, эдийн засгийн чухал институци болоод байна.
Санхүүгийн зохицуулах хороо байгуулагдсанаар бие даасан хуультай болж, холбогдох журам, заавруудыг шинээр боловсруулан мөрдүүлснээр ХЗХ-ны салбар жинхэнэ утгаараа төрийн зохицуулалттай болсон. Өнөөдрийн байдлаар тусгай зөвшөөрөлтэй ХЗХ-дын тоо 277-д хүрч, актив хөрөнгийн хэмжээ энэ онд анх удаа 100 тэрбум төгрөгөөс даваад байгаа нь иргэдийн санхүүгийн боловсрол сайжирч, ардчилсан зарчмаар хоршин амьдрах сонирхол нэмэгдсэнийг илэрхийлж байна.
Өдөр өдрөөр ийнхүү өсөн хөгжиж байгаа хэдий ч Хоршоодын маань үйл ажиллагаа хязгаарлагдмал, өртөг зардал өндөр, ажиллах хүчний хомсдолтой хэвээр байна. Тиймээс та бид үйл ажиллагаагаа улам батжуулах, өнөөдөр үүсээд байгаа эдийн засаг, санхүүгийн хүндрэлийг даван туулахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллах шаардлагатай байна. Холбогдох хууль, журмыг шинэчлэн сайжруулах асуудал ч үүнд багтах учиртай.
Санхүүгийн зохицуулах хороо бүтэц бүрэлдэхүүнээ өөрчилж, Хадгаламж зээлийн хоршооны газрыг бие даасан бүтцээр ажиллуулах болсныг та бүхэн мэдэж байгаа. Манай Хадгаламж, зээлийн хоршооны газар нь зах зээлийг хөгжүүлэх, оролцогчдыг учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр онцгойлон анхаарч, бодлого стратеги, хууль тогтоомж, заавар, журмыг боловсронгуй болгох, зах зээлийн судалгаа шинжилгээ хийх, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Төвөөс алслагдсан бүс нутагт ард иргэдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлж, нийгмийн хэрэгцээг ханган орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах, тогтвортой үйл ажиллагаа бүхий хоршоодыг нэмэгдүүлэх бодлогыг Санхүүгийн зохицуулах хорооноос баримтална. Үүний тулд ХЗХ-дыг мэргэжлийн санхүүгийн байгууллага болгон хөгжүүлэх, эрсдэл даах чадвар болон үйл ажиллагааны цар хүрээг нь нэмэгдүүлэх чиглэлээр бодлого боловсруулж, иргэд гишүүдийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх замаар Хоршооны засаглалыг сайжруулах, хууль, журмын хэрэгжилтийг хангах, хяналт шалгалтын үр дүнтэй тогтолцоонд шилжүүлэхэд анхаарлаа хандуулна.
Цаашид хоршоодыг мэргэжлийн санхүүгийн байгууллага болгон хөгжүүлэх, цар хүрээг нь өргөтгөх,тогтворжилтын сан, хадгаламж хамгааллын тогтолцоог бий болгох зэргээр дэд бүтцийг сайжруулах үүднээс холбогдох бодлого, стратегийг боловсруулж байна.
Хоршооны салбар, гишүүдийн чадавхийг сайжруулах чиглэлээр олон улсын болон үндэсний байгууллагуудтай хамтран ажиллаж, дотоод, гадаадын санхүүжилтийн эх үүсвэр, зээлийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд анхааран ажиллах болно.
Төлөвлөж байгаа болон эхлүүлсэн ажлуудаа үр дүнтэй хэрэгжүүлэхэд хадгаламж, зээлийн хоршооны салбарын нийт оролцогчид та бүхний хамтын ажиллагаа нэн чухал юм. Үүнд Монголын Хадгаламж зээлийн хоршоодын үндэсний холбоо гүүр болж, Дэлхийн болон Азийн хадгаламж, зээлийн хоршоодын сайн туршлагаас суралцах, түншлэхэд хувь нэмрээ оруулна гэж найдаж байна.
Монголын хадгаламж, зээлийн хоршоодын “Хөгжлийн төлөө хамтдаа” үндэсний II форумын үйл ажиллагаанд амжилт хүсье.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...