Гадаад паспортаа Төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээс захиалаарай
- schedule 2016 оны 10 сарын 26
- chat_bubble 0
Гадаад паспортын захиалгыг ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс Төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд шилжүүлэх болсон байна.
Тодруулбал, Дүнжингарав, Мишээл, Драгон дахь Төрийн үйлчилгээний нэгдсэн төв дээр очиж гадаад паспорт захиалах боломжтой боллоо.
Энэ талаар өнөөдөр Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар (ОӨУБЕГ)-аас мэдээлэв.
Мөн гадаад паспортын сунгалтын үйлчилгээг дүүргүүдийн Улсын бүртгэлийн хэлтэст шилжүүлэхээр болжээ. Ингэснээр гадаад паспорт олгох, сунгах үйлчилгээний ачаалал буурч, түргэн шуурхай болно хэмээн ОӨУБЕГ-ын удирдлагууд үзэж байгаа аж.
Шинэ Засгийн газар байгуулагдснаас хойших 100 хоногийн хугацаанд гадаад паспортын бэлдэцийн хомсдлоос үүссэн ачааллыг хэвийн байдалд оруулах зорилгоор албан хаагчдыг нэмэлт цагаар ажиллуулжээ. Ингэснээр 36 мянга 751 гадаад паспорт шинээр олгож, 24 мянга 944 паспортын хүчинтэй хугацааг сунгасан хэмээн ОӨУБЕГ-ын дарга Р.Содхүү онцлов.
Тэрбээр, “Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн үеэр хаягийн сангийн удирдлагын программыг шинээр боловсруулж, хаягийн мэдээллийг боловсронгуй болгосон. Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Ухаалаг засаг” төслийн хүрээнд эд хөрөнгийн эрхийн бүртгэлийг цахим системд шилжүүлэхээр ажиллаж байна. Төсөл амжилттай хэрэгжсэнээр эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архив цахим хэлбэрт шилжиж, аймгийн бүртгэлийн төвүүдийг нэгдсэн сүлжээнд холбох боломж бүрднэ” гэлээ.
Тус байгууллага өнгөрсөн гурван сарын хугацаанд 19 мянга 287 төрсний, 3984 гэрлэлтийн бүртгэл хийжээ. Мөн 16 нас хүрсэн 11 мянга 945 хүнд шинэ иргэний үнэмлэх олгосон байна.
Түүнчлэн 2780 хуулийн этгээд буюу 2087 компани, Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар 5, 71 төрийн байгууллага, улсын төсөвт үйлдвэрийн газар бүртгэж, 9012 иргэнд газар өмчлөх эрх олгосон байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...