Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Оюунхоролыг томиллоо
- schedule 2016 оны 7 сарын 22
- chat_bubble 0
УИХ-ын чуулганаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Оюунхоролыг томилох асуудлыг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Засгийн газарт Эрдэнэтээ алдахгүй байхыг анхаарууллаа. Эрдэнэтийн асуудлыг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаараа хэлэлцэж, өмнөх булхайтай асуудлыг цэгцэлж, цуцлахыг хүссэн юм.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Л.Оюун-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн, Я.Содбаатар, Л.Энх-Амгалан, А.Сүхбат нар санал хэлж нэр дэвшигчээс асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Ерөнхий сайд аа та, Засгийн газрын 68 дугаар тогтоолыг та үзэж харж дуулсан уу гэж асуумаар байна. Энэ Эрдэнэтийн асуудал дээр 49 хувийг яаж байгааг харж судалж байгаа. Эрдэнэтийн асуудалд монголчууд маш их анхаарч байгаа. Энэ асуудал дээр ард түмэнд үнэн бодит мэдээлэл өгөөч. Д.Оюунхорол сайдад хэлэхэд Эрдэнэтийн цагаан тоосны асуудлыг шийдэж өгөөч ээ. Кувейтийн судалгааны төвд таны нэрийг гүтгэсэн юм шиг байна лээ. Үүнийгээ тайлбарлаач. Яамныхаа халаа сэлгээний асуудлыг болиорой. Мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажиллахын тулд татгалзах хэрэггүй болов уу. Үүнд хатуу анхаараарай” гэв.
Д.Оюунхорол гишүүн “Монгол Кувейтийн судалгааны төв гэж ТББ байдаг. Кувейтийн Засгийн газраас өгсөн тусламж ямар ч эзэнгүй орхигдсон байдаг. Монголд сууж байгаа Кувейтын элчин сайдын яам надад хандсан. Үүнийг эзэнтэй болгож удирдах зөвлөлийг ажиллуулж тухайн ТББ-ыг хэвийн үйл ажиллагаатай болгосон. Тэнд улсын нэг ч төгрөгийн хөрөнгө байдаггүй. Кувейтийн хөрөнгө байдаг. Та бүхэн очиж тэр байгууллагын үйл ажиллагаа ямар түвшинд явж судалгаа хийгдэж байгааг хараасай гэж хүсэж байна. Эрдэнэтийн цагаан тоосны асуудлын тухайд ч энэ бүхнийг та бүхэнтэй хамтран шийдэхийн төлөө явна” хэмээн хариулав.
УИХ-ын 64 гишүүн санал өгснөөс 61 гишүүн дэмжиж 95.3 хувийн саналаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Оюунхоролыг томиллоо.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...