Үнэт эдлэлийн үнэ цэнэ
- schedule 2017 оны 2 сарын 20
- chat_bubble 2
Бид уран дархчуудын хийсэн дахин давтагдашгүй бүтээлүүдийг уншигчдадаа хүргэж байхаар болсон билээ. Энэ удаад бид хөөрөгний тухай сонирхолтой мэдээллийг уншигчдадаа хүргэхээр шийдлээ. Энэ бүгдийг үнэт эдлэлийн бизнес эрхлэгчдээс лавлаж бичлээ.
Барууны оронд эрчүүд нь бугуйндаа зүүсэн цаг, хөлдөө өмссөн гутлаараа гангарч зиндаархдаг. Нэг үгээр ингэж өөрийн имиджээ тогтоодог бол ази дорно дахиныхан бол өөр. Тэд олон саяар үнэлэгдэх хөөргөөр гангардаг. Энэ нь нэг талаасаа соёлын үнэтэй өв бөгөөд нөгөө талаасаа эрчүүдийн хобби болж хөгжсөн гэж хэлж болно. Хөөрөг нь дотроо олон янз байдаг. Зарим нь энэхүү үнэт чулуугаар хийсэн эдээр гангарах гэж хэрэглэж ирсэн бол зарим нь хууч өвчнөөсөө салахын тулд эмчилгээний зориулалтаар ашиглаж иржээ. Ардын хувьсгалын үед хөөрөг үнэгүйдэж хүүхдийн толоом мэт үзэгдэж байсан үе бий. Гэвч бидний монголчууд өөрсдийн гэсэн мэндчилгээний зан үйлтэй учир хөөрөг үе дамжин уламжлалаа хадгалсаар ирсэн билээ.
Хөөрөг ямар цагт хийснээрээ үнэтэй байдаг
Түүхэн хөгжлийн эхэн үед хөөрөг дугуй хэлбэртэй байжээ. Энэ хэлбэр аажмаар өөрчлөгдөж өнөөдрийн байгаа хэлбэрт иржээ. Хөөргийг хийдэг арга өнөөдрийг хүртэл нууцлаг хэвээр байгаа. Чулууг усан өрмөөр засч хийдэг гэж ярьдаг. Харин үүнийг батласан хүн алга. Хатуу хэдий ч эв нь таарвал амархан хагарчихдаг энэ л чулуугаар доторхи тамхи нь харагдахуйц нимгэн хөөрөг хийж байсан нь одоо ч гайхагдсан хэвээр байна.
Орхон аймагт хөөрөгний уралдаан гэгч болж монголын нэртэй 10 хөөргийг тэндээс шалгаруулж, нэрлэсэн гэж дуулдсан. Одоогоор олны ам дамжин ярьдгаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын дархан аврага Б.Бат-Эрдэнэд хосгүй цагаан хөөрөг бий. Хууль зүй дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржид бага хаадын үеийн хэрэглэж явсан хөөрөгний дайлан байдаг. Ш.Отгонбилэг агсны хүнээс үнэлж авсан хөөрөг ослын үеэр хагарч гэмтэлгүй тэр чигээрээ олдсон. Тэр хөөрөг Монголын эртний, үнэтэй хөөргийн тоонд зүй ёсоор ордог аж. Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан мөн л үнэт эдлэл цуглуулах дуртай аж. Түүнийг хэдэн саяар үнэлэгдэх олон сайхан суврага худалдан авсан гэж ярьдаг юм билээ. Монголын геологич Лхамсүрэнд 300-гаад хөөрөг байдаг гэж дуулдсан. Тэр хүн үнэтэйг нь гэхээсээ илүү чулууны тогтоц илүүтэйг нь сонирхдог аж.
Намхан бөгөөд оюу, номин дэвсгэртэй, алт мөнгөн нуух, халбага бүхий шүрэн толгойг том шүр орлох боллоо
Хөөргөнд толгой чухал. Хөөрөгний ерөнхий биед тохирсон толгой мөн л багагүй үнэтэй байдаг. Алтан нуухтай шүрэн толгой хамгийн үнэтэй нь. Дээр үед хийгдсэн хөөрөгний толгой намхан, оюу, номин дэвсгэртэй, алт мөнгөн нуух, халбагатай байсан аж. Харин сүүлийн үед алтан нуух, халбагатай байхаас гадна хөөрөгний толгой өндөр, том байж үнэд хүрдэг болжээ. Нэг төгрөгийн гуулин зоосны хэмжээ бүхий диаметртэй, дээшээгээ нэг, хоёр цун өндөртэй байх жишээтэй. Тийм сайн шүрэн толгой 20 саяар үнэлэгддэг юм байна.
Сайн хөөрөг далд ордоггүй
Ийнхүү хэлсэн учир нь муугаар ярихад хөөрөг алдагдлаа гэхэд тэр хөөргийг заръя ч авах хүн олддоггүйд байгаа юм. Хөөргийг ихэвчлэн энэ төрлийн бизнес эрхлэгчид л авдаг. Гэтэл нэртэй хөөргийг хэн ч авч хэл аманд орооцолдохыг хүсдэггүй гэнэ. Учир нь тэр хөөргийн гарал үүслийг эзнээс нь илүү наймаачид сайн мэддэг аж. Тиймээс олны танил сайн эд эдлэх хэрэгтэй юм байна.
Мөнгөтэй нь хашаар гоёдог
Үе үеийн баячууд цагаан өнгийн хөөрөг ихэвчлэн барьдаг байж. Энэ хаш хөөрөг бусад чулуунаас хатуулгаараа нэгдүгээрт ордог. Мөн түүнийг байгаль дээрээс тэр бүр томоор нь олборлох нь ховор. Байлаа ч хөөрөг хийх хэмжээнийх нь маш ховор.Тиймээс өнгө сайтай, хатуулаг чанараараа, ховор нандин байдгийнхаа хувьд үнэд хүрдэг байжээ. Хаш эдэлдэг хүний яс хугарч бэртдэггүй гэж ярьдаг. Мөн байгаа өнгөтэйгөө адил сайхан, гэгээлэг зүйлийг амьдралд дагуулж ирдэг гэж байсан. Тиймээс дан хөөрөг ч гэлтгүй гаанс, хөөрөгний тээглүүрийг хашаар хийсэн байх нь олонтой. Сүүлийн үед хаш хөөргийг ихээр хийдэг болжээ. Тэгэхдээ бүр оросоос оруулж ирдэг байсан юм байна. Шинэ цагийн хаш хөөрөг санасан хэмжээнд хүрч үнэлэгддэггүй. Одоогоос таван жилийн өмнө Геологийн төв лабораторт хийгдсэн гэх хаш хөөрөг зарагдсан. Өнгөний хувьд цагаан хэдий ч хийц нь гологдож үнэд хүрч чадаагүй гэдэг юм билээ. Хуучин хөөргийг шинээс нь амны хэлбэр, ёроол суурийн хийц зэргээр нь ялгаж болно. Шинэ цагийн хөөрөг нь гаднаасаа өөлөх аргагүй сайн ч дотор нь хийсэн тамхи ханандаа үлдэх нь элбэг байдаг. Энэ нь хортонтой болоод тэр биз. Харин хуучных нь гаднахтайгаа адил гөлгөр дотортой байдаг учир яах аргагүй үнэтэй бүтээл болж чадсан гэдэг юм билээ.
Шүрэн хөөрөг
Хаштай адил үнэтэйд тооцогдох хөөрөг бол шүрэн хөөрөг. Шүрээр голцуу сийлбэртэй хөөрөг хийдэг байжээ. Хуучны хийц бүхий шүрэн хөөргийг эртний эдлэлийн дэлгүүрт шаггүй үнээр зарж байсан. Богд хааны хэрэглэж байсан гэх шүрэн хөөрөг УИХ-ын гишүүн асан Ц.Цэнгэлд байдаг гэж дуулсан. Үүгээр ч зогсохгүй хэд хэдэн шүрэн хөөрөг байдаг гэнэ билээ. Түүнд Далайчойнхор вангийн хэрэглэж байсан шүрэн тоногтой эмээл байдаг. Тэрээр шүрэн эдлэлийг эдэд тооцож түүнийг цуглуулан нэг ёсондоо кайф авдаг хүн аж. Үнэтэй ховор аливаа чулуу нь хүн биед байнга сайнаар нөлөөлж эрүүлжих үйлчилгээ үзүүлж байдаг аж. Шүрэн эдлэл хэрэглэдэг хүний бамбай өвчилдөггүй юм байна.
Чүнчигноров хөөрөг
Чүнчигноров нь дотроо улаан, ногоон, хүрэн гээд олон янз байдаг гэнэ. Хүний биед үүссэн элдэв яр шархыг энэ чүнчигноровоор эдгээдэг гэж ярилаа. Хуучны улсуудын хэлснээр мэдрэлийн цочмог өвчнөөс үүссэн могой яр, сум яр өвчин эмчлэгдэхгүй үхэх тохиолдол ч гарч байжээ. Энэ эмчлэгдэхгүй өвчинг жинхэнэ сайн чанарын чүнчигноров хөөргөөр эмчлэж болдог юм байна. Энэ бүгд нь хий хоосон яриа мэт санагдах боловч одоо болтол эл өвчнийг энэ л аргаар эмчилдэг гэнэ лээ. Архангай аймгийн Хайрхан сумын баян Пүрэвдорж гэдэг хүний чүнчигноров хөөрөг хүү Данзанравжаад нь байдаг. Тэднийд одоо ч өвчнөө эдгээх гэсэн хүмүүс хөөргийг нь гуйж очдог хэвээр. Хэрэв хөөргийг нь унагааж, гэмтээвэл үнийг нь төлнө гэж хэлээд явсан хүн байдаг гэнэ лээ. Тэгэхээр хөөрөг зах зээлээ дагаад өөрөө үнэтэй болж байна.
Шил мэт сүүжин хөөрөг
Гаднаас нь харахад шилтэй адил тунгалаг өнгөтэй энэ хөөргийг дотор нь тунгалаг сүүж, үстэй сүүж, манатай сүүжин хэмээн олон янзаар ангилдаг байжээ. Энэ хөөргийг барьдаг хүмүүс ихэвчлэн нүдээ хөөргөөрөө арчиж байгаа харагддаг. Энэ нь нүдний харааг сайжруулдаг болоод тэр аж. Үнийн хувьд чамгүй үнэтэй.
Гартааман хөөрөгтнийг иргэд андахгүй
Энэ хөөргийг барьдаг хүн хэзээ ч саа өвчин тусдаггүй гэж ярьдаг юм байна. Саа өвчний улмаас нүүр ам, нь муруйсан хүмүүс гартаам хөөргөөр зөөлөн үрсээр эдгэдэг гэнэ. Тиймээс хэн хэн гартааман хөөрөг хэрэглэдэг болохыг иргэд андахгүй мэддэг.
Мана хөөрөг элбэг
Харин мана чулууны хувьд олдоц ихтэй, элбэг байдаг учраас энэ чулуугаар хийсэн хөөрөг элбэг байдаг аж. Мана дотроо 20 гаруй төрөл байдаг. Тэр дотроо усан, халтар, ногоон , замагт мөн өөр янз бүрийн чулууны элементүүд орсноос нь шалтгаалан гартаам мана гэдэг ч юм уу нэрийдэх болж. Харин манаар хийсэн хөөрөг нэг их үнэтэйд тооцогддоггүй. Тиймээс мана хөөрөг барьдаг хүн элбэг.
Г.ЭНХТУЯА
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...