Сурагчдын амралтад өөрчлөлт орлоо
- schedule 2013 оны 12 сарын 12
- chat_bubble 0
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас манай орны байгаль, цаг уурын онцлог, хот, хөдөөгийн амьдрал, аж ахуйн ялгаатай байдал, хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх шаардлагад нийцлүүлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг өөрчилж байна.
Улаанбаатар хотод өвлийн ид хүйтний үед сургууль хичээллэх нь эцэг, эх, иргэд, хүүхдүүдэд дараахь хүндрэл бэрхшээл үүсгэж байна. Тухайлбал:
- Өвлийн ид хүйтний үеэр хүүхэд даарснаас ханиад томуу хүрэх, өвчлөх нь ихэсч байна;
- Өглөө орой гэгээ орж, орой эрт харанхуй болдог өвлийн ид хүйтний үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж, хальтиргаа, гулгаа ихэсдэг нь хүүхдүүд нэн ялангуяа бага ангийн хүүхдүүд ахуйн болон замын осол, гэмтэлд өртөх эрсдлийг нэмэгдүүлж байна.
- Улаанбаатар хотод замын нөхцөл байдал хүндэрдэгээс эцэг, эх хүүхдээ унаагаар хүргэж өгч авахад болон зарим хүүхэд автобусаар хичээлдээ ирж буцахад өдөрт 2-3 цагийг зарцуулж байна. Үүнтэй холбоотойгоор нэн ялангуяа бага ангийн хүүхэд их ядарч байна, эцэг эхчүүдийн ажил, хөдөлмөрийн цаг, хүүхдээ авах, хүргэх цаг нь зөрчилдөж байна.
- Хүүхдээ сургуульд нь хүргэх, авах эцэг эхийн унаа замын хөдөлгөөний урсгалд саад учруулж, замын түгжрэлийг улам нэмэгдүүлж байна.
Хөдөө, орон нутагт монголын уламжлалт цагаан сарын баяраар хүүхдүүд дотуур байранд биш, гэртээ байх, мал төллөх үеэр эцэг, эхдээ туслах, уламжлалт ахуй, соёлоо өвлөх боломжийг нь бүрдүүлж өгөх шаардлагатай байна.
Энэ хичээлийн жилд Улаанбаатар хотын сурагчид доорхи хуваариар амарна.
Хичээлийн жилийн 2 дугаар улирлын амралт:
I–V ангийн сурагчид 2013 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны 1 дүгээр сарын 26-ныг дуустал 5 долоо хоног;
VI-IX ангийн сурагчид 2014 оны 1 дүгээр сарын 04-нөөс 26-ныг дуустал 3 долоо хоног;
X-XII ангийн сурагчид 2014 оны 1 дүгээр сарын 11-нээс 26-ныг дуустал 2 долоо хоног тус тус амарна.
Хичээлийн жилийн 3 дугаар улирлын амралт:
Бүх сурагчид 2014 оны 3 дугаар сарын 29-нөөс 4 дүгээр сарын 06-ныг дуустал 1 долоо хоног амарна.
Энэ хичээлийн жилд хөдөөгийн сурагчид дорхи хуваариар амарна.
Хичээлийн жилийн 2 дугаар улирлын амралт:
I–V ангийн сурагчид 2014 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 2 дугаар сарын 09-нийг дуустал 4 долоо хоног;
VI-IX ангийн сурагчид 2014 оны 1 дүгээр сарын 25-наас 2 дугаар сарын 09-нийг дуустал 2 долоо хоног;
X-XII ангийн сурагчид 2014 оны 2 дугаар сарын 1-нээс 09-нийг дуустал 1 долоо хоног тус тус амарна.
Хичээлийн жилийн 3 дугаар улирлын амралт:
Бүх сурагчид 2014 оны 3 дугаар сарын 29-нөөс 4 дүгээр сарын 13-ныг дуустал 2 долоо хоног амарна.
Сурагчдын амралтыг хугацааг хот, хөдөөгөөр ялгаатай тогтоож өгсөн ч хичээлийн жилд бага, дунд, ахлах ангийн сурагчдын хичээллэх болон амрах нийт хугацаа хот, хөдөөгүй адил байна.
Энэ хичээлийн жил ерөнхий боловсролын сургуулийн бүх ангиудад 6 дугаар сарын эхний долоо хоног буюу 6 дугаар сарын 7-ны өдөр гэхэд дуусна.
Сурагчдын амралтад өөрчлөлт орсноор санхүүгийн нэмэлт зардал шаардагдахгүй. Мөн анги дэвших, сургууль төгсөх, элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалт, багшийн амралтын хугацаа гэх мэт сургууль, сургалтын аливаа үйл ажиллагаанд сөрөг нөлөөлөл байхгүй болно.
Сурагчдын амралтын өөрчлөлтийг цаашид тогтвортой мөрдөнө. Хичээлийн жил бүр хөдөөгийн сурагчдын 2 дугаар улирлын амралтын эхлэх хугацааг зарладаг болно.
Бага ангийн сурагчдын амралтын үеэр, дунд, ахлах ангиуд 1 ээлжид хичээллэх боломж бий болно. Ингэснээр дунд, ахлах ангийн сурагчид давтлага, секц, дугуйланд хичээллэх өрөө, танхим, цагийн нэмэлт боломжууд бий болно.
Сурагчдын амралтын үеэр багш нар өөрийгөө хөгжүүлэх, сургалтад хамрагдах, сургалтын арга зүй, технологио хөгжүүлэх цагийн боломжтой болно. Сурагчдын амралтын үеэр багш нарын нэгдсэн сургалтуудыг зохион байгуулна.
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...