Дархан-Уул аймгийн АН-ынхан З.Энхболдыг огцруулах шаардлагатай гэж үзэн өлсгөлөн зарлажээ
- schedule 2016 оны 5 сарын 4
- chat_bubble 0
2016 оны сонгууль болоход хоёр сар хүрэхгүй хугацаа үлдсэн. Бага хугацаа үлдээд байгаа энэ үед ХҮН, ИЗНН гэсэн хоёр намыг бичиг баримтын зөрчилтэй байсан учраас Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд бүртгэх үндэслэлгүй хэмээн бүртгэхээс татгалзсан. Мөн МАХН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Л.Цог нарын гишүүд намаасаа гарах тухай мэдээлсэн, УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхийлөгчийг огцруулах хүсэлт гаргасан гэх мэтчилэн улс төрийн хувьд нэлээд халуун үйл явдлууд өрнөөд байгаа.
Тэгвэл бас нэг халуун үйл явдал өрнөж эхэллээ. Энэ нь Дархан-Уул аймгийн АН-ынхан Барилгачдын талбайд өлсгөлөн зарлаж эхэлсэн явдал юм. Тэд АН-ын дарга З.Энхболдыг огцруулах шаардлагатай гэж үзсэн учир ийнхүү өлсгөлөн зарлаж байгаа гэнэ.
З.Энхболдыг огцруулах шалтгаан нь:
-Ардчилсан намын дарга З.Энхболд нь улс төрийн намын тухай хуулийн 11.1 зүйл , 21.2 зүйл болон Ардчилсан намын хяналтын хорооны 2013.11.18 өдрийн 02 тогтоол , 2014.10.13 өдрийн 03 тогтоол , дотоод сонгуулийн хорооны 2015.01.08 өдрийн 08 тогтоол болон намын үндсэн дүрмийг зөрчиж дүрмийн бус дарга , дүрмийн бус намын хороо , хүчингүй хоёр тамгатай Н.Мөнхдашд Дархан уул аймгийн ардчилсан намыг Н.Мөнхдаш төлөөлж төрийн сонгуульд орно гэж итгэмжлэл олгосон.
-2004-2012 оны бүх шатны сонгуулиудад намаа ялагдуулж , 2007 оноос анхан шатны үүрүүдэд нэг ч удаа шударга сонгууль явуулаагүй , дотоод ардчилалгүй , намаа хоёр хувааж , гурван тамгатай , хоёр намын байртай болгосон дүрмийн бус намын хороо болон түүний дарга гэх Н.Мөнхдашийг “Эрх чөлөөний одон” гоор шагнасан.
-Дархан сумын Ардчилсан намын дарга О.Баярсайханы шүдийг цөм цохиж 4.1 жил эрүүгийн хариуцлага хүлээж байсан , Аймгийн иргэдийн төлөөлөгчийн хурал дээр салаавч гаргаж хараал хэлж ёс зүйгүй авирласан Н.Мөнхдашийн нэрийг дэд сайдад дэвшүүлж байсан.
-Дүрмийн бус даргатай, дүрмийн бус намын хороо , хүчингүй хоёр тамгатай намын хороогоор Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүний сонгуулийг явуулж УИХ даргын эдийн засгийн зөвлөх н.Лхагвасүрэн тэргүүтэй Дарханы бус “ Шонхор ” фракцийн дөрвөн хүнийг ҮЗХ гишүүнээр сонгогдсон мэтээр ҮЗХ хуралд танилцуулж байгаа нь огцрох үндэслэл болно гэж үзэж байгаа аж.
Тиймээс хууль бус итгэмжлэл болоод ҮЗХ ны сонгуулийг хүчингүй болгох шаардлагатай гэлээ. Мөн АН-ын дүрмийг үндэслэж Дархан-Уул аймгийн АН-ын маргаантай асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байгаа юм байна.
Хэрэв АН-ын дүрэм болон хуулийн хүрээнд тавьсан эдгээр шаардлагыг хүлээн авахгүй тохиолдолд З.Энхболд таныг АН-ыг удирдах чадваргүй гэж үзээд зогсохгүй огцрох шаардлагаа үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдлээ.
Өлсгөлөн зарлаж байгаа эдгээр хүмүүсийн амь нас эрүүл мэнд эрсэдвэл хууль бус зүйлийг өөгшүүлэн дэмжиж буй АН-ын дарга З.Энхболд хариуцлага хүлээх ёстой гэлээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...