Дэрэк Лютэн: Судалгаанд оролцогчдын 83 хувь нь Засгийн газрыг маш муу ажиллаж байна гэжээ
- schedule 2016 оны 5 сарын 3
- chat_bubble 0
Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн /БНОУХ/-гийн Санал асуулга, судалгааны төвөөс иргэдийн дунд ээлжит судалгаа хийжээ. Энэхүү судалгаагаар ажилгүйдэл, үнийн өсөлт болон авлигаас үүдэн Монгол Улсын иргэдийн дунд гутранги үзэл нэмэгдэж байна хэмээн тодорхойлсон байна.
Энэ оны гуравдугаар сарын 1-15-нд явуулсан “Олон нийтийн санал бодлын тандалт” судалгаанд оролцогчдын 61 хувь нь Монгол Улсын хөгжил “Буруу чиглэлд” явж байна гэж хариулсан. Энэ нь 2011 оны үзүүлэлтээс 23 хувиар өссөн бөгөөд тэдний 92 хувь нь Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг муу болон маш муу хэмээн дүгнэжээ.
Энэ удаагийн судалгаанд Улаанбаатар хот болон 13 аймаг хамагдсан бөгөөд аймаг бүрээс гурван сумыг санамсаргүйгээр түүвэрт сонгож авчээ. Нийт 5000 хүн уг судалгаанд хамрагдсанаас 2800 нь 13 аймгаас, 2200 нь нийслэлийн дүүргүүдээс санамсаргүйгээр сонгогдсон иргэд байна.
Мөн 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеийн сонгогчдын тоог үндэслэн тухайн аймгуудаас судалгаанд хамрагдах иргэдийн тоог тогтоожээ. Судалгаанд оролцогчдын 56 хувь нь өрхийн эдийн засгийн нөхцөл байдал нь улам доройтсон гэж үзэж байгаа бол 48 хувь нь ажилгүйдэл Монгол Улсад нүүрлэж байгаа хамгийн том асуудал гэжээ.
БНОУХ-гийн Азийн бүс нутгийн захирал Дэрэк Лютэн “Монгол Улсын эдийн засгийн хэцүү байдал нь иргэдэд хүндээр нөлөөлж байгаа нь илт байна. Судалгаанд оролцогчдын дийлэнх буюу 83 хувь нь эрх барьж буй Засгийн газрыг муу болон маш муу ажиллаж байна гэж хариулсан. Мөн 75 хувь нь авлигыг хамгийн гол тулгамдсан асуудал гэж нэрлэсэн бөгөөд Засгийн газраас авлигатай тэмцэх хангалттай арга хэмжээ авч хэрэгжүүлж чадахгүй байна гэж үзжээ. 15 хувь нь сонгуулиас санал авах зорилгоор улс төрийн намууд тэдэнд хээл хахууль санал болгосон удаа бий” гэж хэлжээ.
Уг судалгааг Нийгмийн бодлого хөгжлийн судалгааны хүрээлэн БНОУХ-гийн удирдлага дор Канад улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр гүйцэтгэжээ. Судалгааны үр дүнд "Олон нийтийн санал бодлын тандалт судалгаа" гэсэн дэлгэрэнгүй судалгааны товхимол гаргасан байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...