Замын-Үүд дэх гаалийн хэсэг ажилтнуудыг авилгын хэргээр баривчилсан гэлээ
- schedule 2016 оны 5 сарын 3
- chat_bubble 0
АТГ-аас Замын-Үүд дэх Гаалийн газрын хэсэг ажилтнуудыг авилгын хэргээр баривчлан эрүү үүсгэж улмаар шүүхэд хэргийг нь шилжүүлсэн байна. АТГ-ын Ажлын хэсэг тус газарт шалгалт хийснээр албан тушаалын гэмт хэрэг, авлига, ашиг сонирхлын зөрчил үүссэн хэмээн үзжээ. .
Тухайлбал, гаалийн улсын байцаагчийг бэлтгэх, дадлагажуулах нь хангалтгүй, төрөл бүрийн мэргэжил эзэмшсэн хүмүүсийг 14 хоногийн дотор бэлтгэж байна. Түүнчлэн орон тооны хязгаарыг зөрчин цалин хөлсний асуудал нь төсөвт тусгагдаагүй байхад томилгоо хийж, цалин хөлс олгож байгаа ч үүнийгээ төсөвт тодотгол хийлгэх замаар залруулж байна. Тус газар одоо ч орон тооны илүүдэлтэй. Энэ нь төсвийн хөрөнгө зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийн шинжийг агуулсан байж болзошгүй хэмээн Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг үзэж байна. Гаалийн улсын байцаагчийг томилох, сэлгэн ажиллуулах үйл явц шударга бус, хөндлөнгийн нөлөөлөл их байдаг. Өөрөөр хэлбэл, дарга солигдох бүрт томилгоо хийгддэг нь салбарын хүрээнд хэвийн үзэгдэл болжээ.
Гаалийн төв, орон нутгийн байгууллагаас иргэн, үйлчлүүлэгч нарт импортын барааны гаалийн үнийг тодорхойлдог хэлцлийн үнийн арга болон ямар тохиолдолд үйлчлүүлэгч хураамж багаар төлөх боломжтой, ямар бичиг баримтыг бүрдүүлсэн байх ёстой зэрэг асуудлаар сурталчилгаа, мэдээлэл өгдөггүй. Мөн түүнтэй уялдуулсан системийн код, тодорхойлолт, тодотгол зэргийн ил тод, нээлттэй байдлыг хангахгүй байгаа нь үйлчлүүлэгч өөрийн төлж буй хураамжийг хянах, хяналт тавих боломжийг олгохгүй байгаа төдийгүй гаалийн улсын байцаагч, ачаа тээвэрлэгч нарын дунд “зуучлагч буюу “зууч” бий болгох боломжийг бүрдүүлж байна. Энэ нь нэг талаас үйлчлүүлэгчийн бага хураамж төлөх сонирхол, нөгөө талаас гаалийн улсын байцаагчийн авлига, шан харамж авах сонирхолтой давхцдаг байхыг үгүйсгэхгүй.
Иймд Авлигатай тэмцэх газраас Замын-Үүд дэх Гаалийн газарт ажиллахад илэрсэн сөрөг үр дагавар бий болохуйц асуудлаар гаалийн төв болон орон нутгийн байгууллагуудад зөвлөмж хүргүүлэх, Гаалийн газар, хороодод ажилласан тайлан, мэдээлэлтэй уялдуулан салбарын хэмжээнд зохион байгуулах цогц арга хэмжээний төлөвлөгөө гарган Сангийн яам, Гааль, татварын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж.
Мөн Замын-Үүд дэх Гаалийн газарт ажилласан ажлын хэсгийн тайлангийн нэг хувийг Гааль, татварын ерөнхий газрын дарга С.Пүрэвт хүргүүлсэн байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...