Э.Амартүвшин: 200-гийн боошгинд толгойгоо шургуулаад дуулахад гоё байдаг байлаа
- schedule 2016 оны 4 сарын 25
- chat_bubble 0
Дуурийн гоцлооч, Монгол Улсын гавьяат жүжигчин Энхбатын Амартүвшин Итали улсад уран бүтээлийн анхны бие даасан тоглолтоо хийхээр энэ сарын 27-нд явах гэж буй юм. Тэрбээр тус улсын Аркоре, Бьеллахотын театруудад дуулна. Удирдаач нь алдарт Ла Скала театрын маэстро Стефано Салватори. Дуучинтай аян замд гарахынх нь өмнө уулзаж ярилцлаа.
-Сонгодог урлагийн өлгий нутагт хийх бие даасан тоглолтод нь амжилт хүсье. Өмнө нь Италид дуулж байсан байх аа?
-Баярлалаа. Дуулж байсан. 2010 онд Триеста хотын Делле Санте сүмд болсон сонгодог хөгжмийн хандивын тоглолтод дуулж байлаа.
-Одоо бол тэндээс удирдаачтайгаа хамт ирээд шууд Дуурийн театрт тоглох юм билээ. Анхны бие даасан тоглолт гэх юм. Өмнө нь хийж байгаагүй билүү?
-Бие даасан тоглолт хийж байгаагүй, зав байсангүй дээ. Миний тоглолт ирэх сарын 11-нд Дуурийн театрт болно. Италийн алдарт Ла Скала театрын удирдаач Стефано, манай концертмейстер багш УГЖ Б.Солонго, манай театрын симфони найрал хөгжим гэсэн бүрэлдэхүүнтэй тоглолт болно. Сонгодог бүтээлүүд дуулна.
-Таны амжилтын тухай олон түмэн сайн мэддэг. Харин таны урлагт хөл тавьсан түүх, бага насны амьдрал, уран бүтээлчийн замналын талаар тэр бүр мэддэггүй байх. Ингэж тухтай ярилцах боломж олдсоных энэ бүхний талаар асуух гэсэн юм. Та хэзээнээс дуулж эхэлсэн юм бэ?
-Би чинь их багаасаа дуулсан хүн. Бараг л горшоок дээр сууж байхаасаа гэж ойлгож ч болохоор.
-Тийм үү, ямар сонирхолтой юм бэ?
-Аав ээж хоёр маань тэгж ярьдаг юм. Юм л бол амандаа дуу аялж гингэнэж байдаг хүүхэд байсан гэж. Бас их зөв аялдаг. Намайг төрөхөд манайх Сүхбаатар аймгийн Халзан суманд байдаг байлаа. Аав маань сумын сургуулийн захирал. Ээж багш. Сургуулийн ажил их болохоор аав ээж хоёр гэртээ байх нь ховор. Ах, дүү, бид гурав өөрсдийгөө аваад л байж байдаг байсан. Би юм л бол гэртээ ганцаараа үлдчихнэ. Тэгээд юу хийх билээ, дуулна. Зун бол хөдөө өвөө эмээгийндээ гурван сар орхигдоно шүү дээ. Мал дээр байгаа хүүхдүүд өвөө эмээдээ тусалж бүхий л ажилд нь оролцоно. Малд явахдаа дуулна. Хээр талд ганцаараа дуулж гарна. Салхи сөрж нэг дуулна, уруудуулж нэг үзнэ. Харин гэртээ, хүмүүсийн дэргэд бол дуугай л байдаг.
-Ичимхий хүүхэд байж дээ..?
-Тийм. Томрох тусмаа бүрэг болж байлаа. Сургуульд ороод байлаа. Нэгдүгээр ангид юм, гэрийн гаднаас 200-гийн боошигноос ус авах гэтэл дууссан шиг байхаар нь шалгах гээд боошигны хажуу бөөрөнд байдаг шанага орох хэрийн нүх рүү толгойгоо хийгээд хартал ёроолд нь жаахан ус цэлэлзэж байлаа. “Өө, ус дуусч байгаа юм байна даа” гэж бодох зуураа дуулаадхалаа. Тэгсэн чинь миний дуу их гоё сонсогдож байна аа. Хүнгэнээд л, цуурайтаад л. Боошигны нүх рүү толгойгоо шургуулсан нөхөр баахан дуулсан юмдаг. Түүнээс хойш шинэ дуу сурах болгондоо 200-даж туршдаг болсон.
-Хүүхэд насандаа бараг л нээлт хийсэн юм биш үү?
-Нэг тийм бяцхан түүх бий. Тэр үед өөрөө хэлж мэдэхгүй ч гэсэн дуугаралт, акустикийн мэдрэмж цухалзаад байсан шиг байгаа юм. Намайг хоёрдугаар ангид байхад манайх аймгийн төв рүү нүүж ирсэн юм. Аймгийн I арван жилийн сурагч болсон. Гэртээ дуулдаг, сургууль дээр, хүмүүсийн дунд таг. Тэгсэн манай ээжийн дүү бас багш эгч маань “Энэ Амартүвшинг олны өмнө гаргаж дуулуулж байя. Нүүрийг нь хагалах хэрэгтэй” гэдэг байлаа. Би ч айж, ичээд “За” гэдэггүй байсан. Бүр зургаадугаар ангид байхад нэг өдөр эгч ятгасаар байгаад тайзан дээр гаргачихав аа. Тэгэхэд би “Уул үүл нь нийлэн харагдах, умрын цэнхэр хангай минь ээ хө”..., “Хангай наран хан аавын минь сүргээ хариулсан нутаг аа хө” гээд л дуулж гарсан. Аятайхан ч боллоо. Тэгэхэд “Болдог л юм байна, аймаар юм байхгүй л юм байна шүү дээ” гэсэн бодол төрсөн. Тэр цагаас хойш сургуулийн хэмжээний бүхий л концертод оролцдог болсон. Дуулсаар байгаад хүүхдийн урлагийн “Яргуй” наадамд аймагтаа гурван жил дараалан түрүүлсэн. Тэр үед үндсэндээ дуучин болсон байлаа. Дуулдаг маань илэрч, авьяас тодорч ирсэн цагаас дуу хөгжмийн Баттайван, Баянжаргал, Оюун гэж гурван багш их дэмжиж, чөлөөтэй дуулах, өөрийгөө хөгжүүлэх бололцоо олгож байсан юм. Энэ багш нартаа маш их баярлаж явдаг.
-Дуурийн дуучин болох замд яаж орсон бэ?
-2003 онд юм. Монголын Хүүхдийн ордноос зохион байгуулсан “Дуулах уу” улсын уралдаанд аймгаасаа шалгарч ирж өрсөлдлөө. Ер нь тэгж есдүгээр ангидаа анх Улаанбаатар хотод ирж байлаа. Тэр уралдааны шүүгчид нь ардын жүжигчин Г.Хайдав, Х.Уртнасан, гавьяат жүжигчин А.Бүтэд, СУИС-ийн багш, профессор Ц.Ерөө нар байсан. Одоо гавьяат багш. Би уралдаанд байр эзэлж чадсангүй. Хүүхдүүд, багш нар, шүүгчид хамтдаа тайзны ард зургаа авахуулж бужигнаж байхад ардын жүжигчин, “Зууны манлай дуурийн дуучин” Х.Уртнасан багш ирж надтай уулздаг юм байна. ХБК-ийн урилга бичиж гарын үсгээ зурж өгөхдөө “Чи аравдугаар ангиа төгсөөд дуучин болох бол ХБК-д над дээр ирээрэй” гэлээ. Би юу юугаа ч мэдэхгүй хүүхэд урилгыг нь авч л орхилоо. Дараахан нь тав, арван минутын дараа А.Бүтэд багш хүрээд ирлээ. “За миний хүү, чи дуучин болох хүсэлтэй юу. Тийм бол над дээр ирээрэй, би ХБК-ийн багш байна” гэсэн. Гэтэл удалгүй Ц.Ерөө багш ирлээ. Уранхай цаасны булан дээр гэрийнхээ утасны дугаарыг биччихсэн“За миний хүү, чи ерөөсөө л дуурийн дуучин болох хүүхэд байна. Энэ утсыг ав, жилийн дараа төгсөөд чи над дээр ирнэ шүү за юу, би СУИС-д багшилдаг Ерөө гэдэг хүн. Сургууль дээр ирээд манайх руу шууд залгаарай” гээд өглөө. Бас л авлаа. Гэртээ харилаа.
Ирэх хавар нь дунд сургуулиа төгссөн. Элсэлтийн шалгалт болж, хүүхдүүд сургуулиа сонгоод хөдөлгөөнд орчихоод байхад би тайван, дотроо СУИС-д л орно доо гэж бодоод байж байлаа. Намайг эмч болгоно гэдэг байсан аав ээж хоёр маань нэг их юм хэлэхгүй, миний амыг хараад байсан юм билээ. Нэг өдөр би аав, ээж хоёртоо “Би дуугаараа л явъя” гэхэд аав шууд гэрээсээ Ц.Ерөө багш руу залгалаа. “Багш аа, манай хүү Амартүвшин гэдэг хүүхэд ээ, ноднин та утсаа өгсөн юм байна, дуучин болох бол ирээрэй гэж хэлжээ, аваад очих уу” гэлээ. Тэгээд л ирцгээсэн, Ц.Ерөө багшийнхаа шавь болсон, дөрвөн жилийн дараа СУИС-иа төгссөн.
-Танай ээжийн дүү ятгаж олны өмнө гаргаагүй бол авьяас нь мэдэгдэхгүй байсаар байгаад магадгүй өөр мэргэжилтэй болсон байх байсан болов уу?
-Үгүй байх аа. Би тэгэхэд биш юм гэхэд хэзээ нэг цагт нь дуулсан л байх байсан байх. Яагаад гэхээр надад дуунаас өөр таалагддаг, сонирхдог зүйл байдаггүй юм. Тийм болохоор ямар нэг байдлаар энэ замд орсон л байх байсан.
-Та Ц.Ерөө багштайгаа учирсандаа их баярладаг, багшаараа бахархдаг, дэлхийн хаана ч явсан багшийн минь заасан эрдэм үнэн байдаг гэж ярилцлага өгөхдөө нэг бус удаа хэлж байсан. Хэрвээ өөр багштай таарсан бол энэ хэрийн амжилттай байх байсан болов уу, юу гэж боддог вэ?
-Энэ тухай бодож байгаагүй юм байна. Ер нь манай дуурийн дуулаачийн багш нар сайн шүү дээ. Хэн нь ч гэсэн сайн шавь төрүүлж чадна. Гэхдээ л бодит байдал дээр миний багшийн шавь баритонууд өнөөдөр яаж, ямар явж байгааг хүмүүс мэдэж байгаа. Тэгэхээр Ц.Ерөө багш маань маш сайн мэргэжилтэн гэдэг нь нотлогдоод байгаа биз.
-Багшийн тань хамгийн гол, бусад багшид байхгүй онцгой эрдэм нь юу юм бол?
-За, сайн уяачид дунд морь сайн таньдаг хүн байдаг даа. Яг түүнтэй адил миний багш дуурийн дуучин болох хүнийг маш сайн таньдаг. Шинжиж ажаад шууд л хэлдэг. “За, энэ явах хүүхэд байна” гэдэг. Тэгж ч шавь нараа сонгож авдаг. Нэгэнт шавиа болгоод авчихсан бол уг хүний байгалийн хоолойг хүчээр зориуд эвдэхгүйгээр зөнгөөр нь, маш гүнзгий суурьтай хөгжүүлж чаддагаар онцлогтой. Мөн хүний хоолой танихдаа гаргуун, дээд зэргээр мэргэшсэн хүн. Сопрано уу, меццо юу, колоротурный юу, эсвэл центральный сопрано уу, баритон уу, высокий басс уу гэдгийг шууд л хэлдэг. Учир нь олддоггүй дуучид байдаг л даа. Тэр тал руугаа бол илүү явчих ч юм шиг, энэ тал руугаа бол зүгээр ч юм шиг байдаг. Аль нь вэ гэдгийг манай багш мэргэжлийн хэлнэ. Дуучныг таньж авна гэдэг хамгийн эхний чухал чанар. Энэ нөхөр ийм хоолойтой юм байна, яваандаа ингэж задрах юм байна, харин энэ бол бүр байгалиас тавилттай хоолойтой юм байна, гамтай эдэлж цааш хөгжүүлж явах ёстой юм байна гэдгийг маш сайн мэддэг, хэлж өгдөг. Ийм багшийн шавь нарт муу явах эрх байхгүй.
-Та сургуулиа төгсөөд шууд УДБЭТ-т гоцлол дуучнаар орсон. Одоо долоо дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд та “Дэлхийн монгол дуучин” болж чадсан. Уран бүтээлчийн хувьд танд баримталдаг зарчим, өөрөө өөртөө бий болгосон дүрэм, журам гэж байдаг уу. Миний анзаарснаар та цаг нартай уралдаж ажил амжуулж явдаг хүн шиг санагддаг...
-Дуучин л юм бол дуулах л хэрэгтэй. Баритон л юм бол баритон хоолойд зориулж бичсэн том том дүрүүдийг бүгдийг нь дуулах ёстой гэсэн зарчмаар ажилладаг. Цаг нартай уралдах гэх үү, цаг хугацаанд юм уу, эсвэл хүсэл, мөрөөдөл, зорилгодоо хожигдож амьдрах юм бол ямар амьдрал байх вэ. Тэмүүлэлдээ захирагдаж урагшилж байвал эцсийн дүнд дандаа хожсон байдаг. Тийм болохоор би бүтээх гэсэн дүрүүдээ бүтээж, дуулах гэснээ дуулж, чанарын өндөр түвшинд гүйцэтгэж сэтгэл ханаж явдаг.Өнөөдөр чи олон улсад чансаатай том дуучин, мундаг яваа гэж байгаа бол өөрийн хоолойдоо зохиогдсон, баритоны дуулах ёстой бүхий л дуунаас хамгийн хэцүүг нь дуулж байх ёстой. Ийм байж өөрийгөө сорино. Тэгж байж сая өөрийгөө тэр дээр барьж байна. Түүнээс биш халширч, хүсэхгүй, мөрөөдөхгүй, эрмэлзэхгүй байж болохгүй. Үгүй бол хүн зогсоно.
Хамгийн сүүлд Ж.Вердийн “Травиата” дуурийн эцэг Жермоны дүрийг бүтээлээ. Энэ дүр цаашид миний нэрийн хуудас болсон дүрүүдийн нэг болох байх. Ж.Вердийн “Риголетто” дуурийн Риголеттийн дүрийг 25 настайдаа бүтээж байлаа. Тэр үед хүмүүс намайг нас болоогүй байхад айхавтар том дүр барьж авч яах нь вэ, хоолойгоо эвдэнэ гэж болгоомжлуулж байсан л даа. Гэтэл миний хувьд болоод , чадаад байгаа юмыг байгалийн жамаараа явна аа, цаг нь болохоор дуулна гээд өөрийгөө нөөгөөд, цаг алдаад байж чадаагүй. Дуулсан, болсон. Гадаадын тайзан дээр ч тоглосон. Ж.Вердийн “Аида”-гийн Амонасро гээд ер нь баритон хоолойн тэнхээ, ур чадвар сорьсон дүрүүдийн ихэнхийг бүтээлээ. Хосыг нь шувтардаг дүрүүдээс одоо надад Ж.Вердийн “Отелло” дуурийн Яго л үлдээд байна. Үндэсний дуурь Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс” дуурийн Лодонд нэлээд хэдэн жил дуулж үзэгчдээс үнэлэлт, үнэлгээ авч байна.
Олон улсын дуурийн дуулаачдын уралдаануудад удаа дараа амжилттай оролцлоо. Уралдаанд орохдоо ч гэсэн сайтар бодож, хариуцлагатай хандаж, түрүүлнэ л гэж оролцдог. Түрүүлэх зорилго тавьж, байнга бэлэн байж, аялал, ачаалал, нойр хоолоо ч гэсэн зохицуулж байж амжилт гаргана. Түүнээс биш “За, нэг оролцоод ирье дээ. Болохгүй бол тэр л биз” гэсэн байдлаар хэзээ ч ханддаггүй.
-Танай дуучид “Манай Амраа нэг л юм сэтгэлд нь таарахгүй болохоор дуугаа хураачихдаг юм” гэж ярьж байхтай таарсан. Та ямар тохиолдолд тэгж дуугаа хураадаг вэ?
-Яах вэ, хааяа дуурь энэ тэр дээр хөгжмийн хувьд зөрөх зэрэг санамсаргүй алдаа гарахад сэтгэлээр уначихдаг юм. Настрийндана. Тэгэхээр манайхан “За, юун сүртэй юм, чи ямар робот биш” гэдэг. Тэр үед наанаа нээрээ ч тийм дээ гэж бодсон ч, цаагуураа шаналж байдаг. Бүхнийг алдаагүй хийж байж санаа амрах гээд байдаг зан бий.
-Төрөлхийн зан байна л даа...
-Магадгүй. Ер нь нэг тиймэрхүү. Хүүхэд байхаасаа нэг юм дутуу хийчихвэл сэтгэл амардаггүй байсан юм. Хүүхэд байхдаа зун өвөө эмээгийндээ очоод бараг гурван сар болдог байлаа. Малчин айлынд ажил мундахгүй. Зун хурга, ишиг өттөг, хөл нь гишгүүлж шархалдаг. Тэгэхэд нэг л хурганы ч юм уу, ишигний хөлд юм түрхэхгүй, цэвэрлэхгүй үлдээвэл дутуу санагдаад, заавал барьж авч цэвэрлэж байж санаа амардаг байлаа. Бид хурга, ишгээ бүгдийг нь зүсээр нь бүртгэчихсэн толгой бүрээр нь таньдаг байлаа. Энэ мэтчилэн аливаа юмыг гүйцээж хийж байж санаа амардаг шиг байгаа юм.
-Бас “Манай хүн их нямбай. Тэр чанар нь уран бүтээлд нь ч харагддаг” гэдэг юм билээ. Танай Б.Солонго багш нэг удаа “Амраа нямбай. Гутлаа үдсэн ч хоёр өөр болчих юм бол уйгагүй дахиж задлаад үддэг” гэж ярьж байсан. Энэ эцэг эхийн өгсөн хүмүүжил, төлөвшил биз?
-Өөрийгөө магтсан болох вий дээ. Би жаахан нямбай байж магадгүй. Тийм бол төрөлхийнх байх. Аав ээж хоёр хүүхдүүдээ зөв хүмүүжүүлсэн юм болов уу гэж боддог. Хүүхдийг хэтэрхий дураар нь биш, барихдаа барьж байхын зэрэгцээ биеийг нь даалгаж, зах замбараатай байх, ажилтай байх зэрэгт багаас нь сургасан гэж боддог. Бид гурав юу л бол юу хийчихнэ. Гэрт орж эмэгтэй хүний ажил хийнэ, гадаа гарч аавыгаа дагаж эр улсуудын ажил хийнэ. Энэ бүхнээс өнөөдрийн би бий болсон гэж боддог.
-Та азаа үзэж байв уу, эсвэл энэ нь байж боломгүй эрсдэлгэж үздэг үү?
-Аз туршдаггүй. Би азгүйтэх, одгүй байх, аз нь таарвал орно биз, тоглоно биз, эсвэл түрүүлнэ биз гэх зэргийг хүлээн зөвшөөрдөггүй. Хүн мундаг байхыг хүсч байгаа бол бүгдэд нь л мундаг байх ёстой. Уралдаанд очсон бол шагнал авахгүй ирэх эрх чамд байхгүй. Бүхийг баталж байх ёстой. Тэгж байж хүн өөрөө өөрийгөө мундаг юм байна, эсвэл бусад хүн чамайг мундаг юм байна гэдгийг мэдрэх ёстой. Түүнээс биш алдаг оног амжилт гаргаад, “За яах вэ, тийм л байх ёстой байсан юм байгаа биз” гэхчлэн ярьж болохгүй. Алхам бүр том хариуцлага байдаг.
-Та дэлхийн нэр хүндтэй олон тайзан дээр дуулсан. Дуурийн урлагийн домог болсон Домингогийн уралдаанд түрүүлж, түүгээр дайлуулж цайлуулж явлаа. Өөрсдийгөө хүн төрөлхтний оройн дээд гэж үзэх нь холгүй эрхэмсэг англичууд таныг биширч байлаа. Сонгодог урлагийн орон Их Оросын Чайковскийн уралдаанд дэд байр эзлэхэд тань Оросын хэвлэлүүд магтах үгээ олохгүй байсан. Та дэлхийн монгол дуучин. Тэгэхээр бүдүүлэг ч гэмээр асуулт асуух гээд байна л даа. Ийм том дуучин юм чинь дэлхийн хамгийн том, хамгийн үнэтэй театрт ажиллаж болохгүй юу?
-Монголын Дуурь бүжгийн эрдмийн театр бага театр биш шүү дээ. Уран бүтээлчдэд өгдөг цалингийн хэмжээгээр манай театрыг хэмжиж болохгүй. Уран бүтээл, урын сан, дуучдын ур чадвар зэргээр хэмжинэ. Би театраа голдоггүй. Театр нь уран бүтээлчдийг голж, шилж, сонгодог байж болох байх, харин уран бүтээлчид театрыг голох биш, харин өөрийгөө харуулж ажиллаж чаддаг байх ёстой гэж боддог. Би эндээ ажиллаад дэлхийтэй харилцаад дуулах газраа очиж дуулаад болж л байна. Мэдээж янз бүрийн түр хугацааны гэрээ контракт гарахыг үгүйсгэхгүй. Түүнээс биш Монгол Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлч байхаа хэзээ ч болихгүй.
-Дэлхийн дуурийн урлагийн томчууд цугласан газар ер бусын орчин байдаг байх. Ярьдаг зүйлүүд нь ч тусдаа байдаг биз ээ. Тухайлбал Пласидо Домингогийн уралдаанд оролцож байх үеийн уур амьсгал ямар байсан бол. Домог болсон Доминго гуай тантай юун тухай яриа өрнүүлж байв аа?
-Дуурийн томчууд цугласан газар дуурийн тухай, ур чадварын тухай л яриа болдог доо. Домингогийн уралдааны хүлээн авалтын үеэр Доминго гуай надад “Бид уралдааны явцад гэр бүлээрээ ярилцаж байхдаа энэ монгол түрүүлэх юм байна гэдэг дээр бүгд санал нэгдсэн. Гэтэл дүн яг бидний урьдчилан харж байсанчлан гарсан” гэж хэлж байсан. Тэгэхэд би аргагүй л мировой хүн гэж мировой л байдаг юм байна. Хэн түрүүлэхийг яг л хэлж байж шүү гэж бодож байлаа. Тэнд олон шүүгч ажиллаж байгаа юм чинь, дор бүрнээ оноо тавиад нийлүүлэхэд дүн тэгж гарсан байлаа.
-“BBC Cardiff singer of the world” дуурийн дуулаачдын олон улсын уралдаан таны амьдралд ямар өөрчлөлт авчирсан бэ?
-Дэлхийн дуурийн домгуудыг ярихаа больё. Тэд бол тусдаа хүмүүс. Харин сүүлийн үед гарч ирсэн одуудын олонх нь энэ уралдааны финалын тав л байна. Энэ уралдаанд оролцож өрсөлдөж байгаа дуучид, зохион байгуулалт, нэр хүнд гэдэг бол тэр чигээрээ карьер. Миний хувьд ч гэсэн гадаад ертөнц дэх нэр хүнд, танигдсан байдал зэрэг бол энэ уралдааны улбаа. “Кардиффын тавын нэг” л гэж яригддаг.
-Монголын Virtuoso академийнхан ээлжит VirtuosoGalaConcert-доо түрүү жил “Кардифф дуучин” Надежда Кучерыг урьсан л даа. Тэгэхэд “Монголоос урилга ирж байгааг талархан хүлээж авч байна. Намайг очих үед дуучин Э.Амартүвшин БНСУ-д тоглолттой байж таарах юм байна. Миний хувьд түүнтэй цуг дуулах нь нэр төрийн хэрэг байх байлаа. Магадгүй өнөө цагийн дэлхийн шилдэг бүх сопранууд түүнтэй хамт дуулахыг хүсч байгаа байх” хэмээн захидал ирүүлсэн байсан. Эндээс харахад л таны нэр хүнд дэлхийд хаахнуур явааг харж болохоор...
-Баярлалаа. Энэ нэр хүндийг байх ёстой өндөрлөгт нь авч явахыг хичээж явдаг. Аливааг гүйцэд хийх, бусдыг сонсч, өөрийнхөөрөө шийдвэр гаргаж байх ухаан өвлүүлсэн аав ээж хоёртоо, хар багаас минь бусад хүүхдүүдийнхээ нэгэн адил дэмжиж, урмын үг харамгүй хайрлаж, сонирхсон чиглэлд маань айхавтар ил бус ч далдуур чиглүүлж ирсэн эмээдээ, ээжийн маань ээж л дээ, учрах л гэж учирсан Ц.Ерөө багшдаа талархаж явдаг даа. Дотроосоо, тайз, танхим эзэгнэж, хүмүүсийг, үзэгчдийг өөртөөховсдох мэт татаж зүрхнээсээ, юмыг ойлгож мэдэрч дуулах л хамгийн чухал юм байна гэдгийг Домингогийн уралдаанаас мэдэж авсан.
-Таныг тэнд ингэж үнэлжээ дээ?
-Тэгж хэлсэн. Намайг тэгж хэллээ гээд хүн асуугаагүй байхад яриад байлтай биш, энэ тухай дуугарч байсангүй. Харин энэ удаа хэлчихлээ. Тэр үнэлгээ надад дуучин хүн гэж хэн юм, яаж дуулах ёстой юм гэх зэргийг олон үггүйгээр ойлгуулж өгсөн. Цаашид хүслээ, мөрөөдлөө гүйцээж дуулсаар байх болно.
-Танаас, ярианаас тань эрч хүч, эрмэлзэл, тэмүүлэл мэдэрлээ. Илэн далангүй ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Би нэг юм нэмж хэлье. Манай удамд дуучин байхгүй биш, байдаг. Гэхдээ энэ талаар бид хожуу мэдэлцэж, хоорондоо танилцсан хүмүүс бий. Аавын ээжийн талын хамаатан болох хүн ардын жүжигчин Ч.Шархүүхэн гуай байна. Гавьяат жүжигчин Н.Отгон гуай ээжийн, ээжийн талын хамаатан хүн юм билээ. Манай аав ээж хоёр ч сайхан дуулчихдаг хүмүүс байдаг. Ээжийн ээж бол онцгой сайхан дуулдаг, задгай авьяастай хүн байсан. Ийм дууч удмын хэлхээг үргэлжлүүлэн дуулж яваа хүү юм билээ, би.
-Танд амжилт хүсье. Сайн яваад санасан зорьсноо биелүүлээд ирээрэй.
-Баярлалаа.
Сэтгүүлч Р.Оюунжаргал
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...