Мах буюу ууц тавих ёс
- schedule 2018 оны 2 сарын 13
- chat_bubble 0
Малын махны толгойн хэсэг нь эх болно. Махаа энэ эх талаар нь зочин руу харуулж тавина. Зочин толгой талаас нь барьж хажуулдуулан огтолж идэх ёстой. Ууцыг хөндөхдөө зүүн гараараа сүвэргэдэн талаас нь барьж баруун гараараа өөхөн нурун талаас нь нимгэн зүсэх хэрэгтэй. Бусад махыг нь зөв огтлоход ганц эх талыг нь мэдэх нь чухал.
Их бүхэл /бүтэн мах, ууц/ тавих журам:
- толгой
- ууц
- өвчүү
- хаа
- гуя
- хүзүүний сээр
Махны толгой /эх/ гэдэг нь толгойны хошуу талыг хэлдэг. Толгойг идэхдээ эхлээд хамар дээрээс нь хуйх авч галд өргөөд дараа нь хоёр чих, зовхийг нь хөндөөд огтолж иддэг. Хүзүүний эх нь хүзүү тал, сээрнийх нь хар сэр, ууцны сүвэргэдэс тал, өвчүүний бүдэрхий нь, далны толгой нь, хавирганы толгой тал нь, бугалганы нарийн атгамал үзүүр нь, шагайтын борвитой тал нь, дунд чөмөгний нарийн үзүүр нь, сүүжний далбаа нь юм. Бүхэл мах тавьсан байвал зочин хүн анхлан хүрээд дараа нь ууцанд, сүүлд нь сээр, хүзүү болон бусад махнаас иднэ.
Ууц хөндөх ёсон
Ууц нь зургаан хавирга, ууц сүүлийн хамт үргэлжилж байгаа хэсгийг нэрлэх бөгөөд ууцан дээр сээр, эсвэл хүзүү, дал, дөрвөн өндөр, хавирга, хонготой шагайт чөмөг дагуулан тавьдаг. Гийчний өмнө ууц тавихдаа баруун гарт нь дөрвөн өндөр хавиргыг тавих бөгөөд сээрний нарийн үзүүр, шаантыг борви, далны маяа, хавирганы буруу талыг ууцны харцага өөд харуулан тавина. Хэрэв сээрний оронд хүзүү тавих бол аман хүзүү талыг харцага тийш нь, харцагыг зочны зүг харуулан тавина.
Ууцыг хөндөхөд зүүн гараараа харцаганаас түшин барьж, баруун гар дахь хутгаар ууц, сүүл хоёрын уулзвар орчинд голд нь нэг, дараа нь олон яс уулзах орчмоос эхлэн өөрийн тийш харцаганы хоёр зураа дагуу цувуулан гурав гурав эсгэнэ. Түүний дагуу сүүлний бөгтрөг орчмын хоёр толионоос дугариг хэлбэртэй хоёр хэсэг өөх хөрслөн халимлаж авна.
Дараа нь харцага талын ирмэгний мах өөхний нийлэлт орчмын хоёр талаас хоёр хэсэг халимлан аваад толгой сүүлнээс авсан хоёр дээжтэй нийлүүлэн гал голомтын хувь гэж тусгай тавина. Ийнхvv хөндөж гүйцсэний дараа ууцаа таллана. Хоёр талаас таллаж авснаа гурав гурав хувааж нэгийг нь галын хувь дээр нэмнэ. Харин гурвыг нь дээж болгож тусгай тавина. Үлдсэн хоёрыг хувь болгон үлдээж амсана. Дараа нь ууцныхаа хоёр талаас нэжгээд таллан авч хишиг хэмээн тараадаг ёстой.
/Ч.Арьяасvрэн “Монгол ёс заншлын их тайлбар толь” Гутгаар боть/
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...