Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
- schedule 2015 оны 10 сарын 6
- chat_bubble 0
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2015.10.06.Мягмар гараг/ хуралдаан 09.00 цаг 30 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэллээ. Байнгын хорооны хуралдаанаар 5 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Хуралдаанаар эхлээд Эрчим хүч хэмнэлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Засгийн газар 2015.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Эрчим хүч хэмнэлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт танилцууллаа.
2012 оноос Монгол Улс эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалд орж байгаа нь хурдацтай өсөж байгаа барилга, уул уурхайн салбарын өсөлтийг сааруулж, эдийн засгийн өсөлтийг удаашруулах сөрөг хүчин зүйл болж байна. 2013 оны байдлаар Улаанбаатар хотод 14 мянган айлын орон сууц, оффисын барилга шинээр баригдсан бөгөөд тэдгээрийн заримыг нь дулаан, цахилгаанд холбох боломжгүй байна.Иймд өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангахад эрчим хүчний шинэ эх үүсвэр барихын зэрэгцээ бүтээгдэхүүн үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний эрчим хүчний зарцуулалтыг үндэслэл сайтай тооцож, үр ашигтай, хэмнэлттэй хэрэглэх нь хамгийн үр өгөөжтэй арга хэрэгсэл мөн гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байна.
Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төсөлд Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага, эрчим хүч хэмнэлтийн талаар нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх, зохицуулах чиг үүрэг бүхий эрчим хүч хэмнэлтийн зөвлөл, эрчим хүчний мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх байгууллага /аудитын байгууллага, аудитор, эрчим хүчний үр ашгийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллага/, үүрэг хүлээсэн хэрэглэгч, эрчим хүч хэмнэлтийн менежер болон тэдгээрийн хоорондын харилцааг зохицуулахаар тусгасан гэдгийг салбарын сайд хэллээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм. Гишүүдийн зүгээс эрчим хүчний салбар бол бусад салбаруудын адил өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг салбар. Иймээс тус салбарыг зах зээлийн горимоор ажиллахад төрөөс дэмжих нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлж байв. Ингэснээр хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувиар дэмжлээ.
Үүний дараа Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.
Хуулийн төслүүдийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ танилцуулав. Танилцуулгад дурдсанаар, барилга байгууламжийг төвөгшлөөс нь шалтгаалан таван ангилалд хуваасан бөгөөд барилгын үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгох, тухайн барилга байгууламжийн барилгын ажилд зөвшөөрөл олгох асуудлыг шууд ангилалтай холбож өгсөн. Төсөлд заасан нэгдүгээр ангилалд хамаарах барилга байгууламжийн барилгын ажлыг ямар нэгэн бүртгэл, зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхээр тусгалаа. Хоёрдугаар, гуравдугаар, дөрөвдүгээр, тавдугаар ангилалд хамаарах барилга байгууламжийн барилгын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй эрхлэхээр төсөлд тусгасан. Барилгын үйл ажиллагаа эрхлэх иргэн хуулийн этгээд төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн байх бөгөөд бүртгэлийг цахим хэлбэрээр гүйцэтгэж нийтэд нээлттэй байлгахаар зохицуулсан. Тухайн байгууллага, ажилтны үзэмжээс шалтгаалан хүнд суртал гаргадаг явдлыг зогсоох зорилгоор барилгын ажлын зөвшөөрөл олгох процессыг хуульд нарийвчлан зохицуулсан бөгөөд тодорхой хугацаа тогтоож өгсөн. Түүнчлэн барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, хяналт тавих, барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах үйл ажиллагааг аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд тусган гүйцэтгэхээр төсөл тусгасан гэлээ. Мөн барилгын үйл ажиллагааны мэргэжлийн оролцогчдын эрх үүргийг тогтоох, даатгалд хамруулах, барилгын салбарын мэргэжилтнийг бүртгэлж гэрчилгээ олгох, барилгын компанийг бүртгэх, барилгын хууль тогтоомж зөрчигчдөд хариуцлага тооцох харилцааг зохицуулах зорилт тавьсан байна гэлээ.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Зоригт, Б.Гарамгайбаатар, С.Одонтуяа, Ц.Нямдорж, Л.Энх-Амгалан, Д.Ганхуяг, С.Дэмбэрэл нар асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Тухайлахад Улсын Их Хурлын гишүүн Д.Зоригт асуултдаа, барилгын чанар, баталгаат хугацаа болон барилгын дулаан алдагдлыг бууруулах асуудлыг хөндсөн бол Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, хуучин байшинг нураах асуудлаар Мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан. Бусад орнуудад хуучин байшингаа аль болох нураахгүй хадгалж байна. Иймд энэ асуудлыг эргэж хараасай гэдгийг хэлмээр байна. Мөн задгай тагттай барилгууд барьж байгаа нь Улаанбаатар хотын үзэмжийг хамгийн муухай харагдуулж байгаа. Энэ асуудлаар яамны зүгээс шийдвэртэй хариулт өгдөггүй. Бусад улс оронд үзэмжтэй, жигд битүү тагттай, ижил стандарттай байшин баригддаг. Манайд болохоор задгай тагттай барилга бариад дараа нь айл бүр өөр өөрсдийн үзэмжээр тагтаа таглаж байгаа нь үзэмж муутай муухай харагдуулж байгаа. Хөдөө орон нутагт ч мөн ялгаагүй ийм байна гэдгийг хэлж энэ талаар хариулт авахыг хүслээ.
Хамгийн их анхаарал татдаг барилгын чанар, аюулгүй байдлын асуудлыг тусгай бүлэг болгож хуулийн төсөлд оруулсан. Барилгын чанарын баталгаат хугацааг нэлээд боловсронгуй болгосон. Зүгшрүүлэх, тохируулах хугацаа гэж өмнө нь гурван жил байсныг нэг жил байхаар зохицуулалт хийсэн. Цаашлаад барилгын чанар, элэгдлийн хугацааг ашиглалтын хугацаатай уялдуулан нарийвчилж хуулийн төсөлд тусгасан. Хуучин барилгыг нураах асуудал дээр Мэргэжлийн хяналтын газар дүгнэлт гарсан ч зохицуулалтгүй явж ирсэн бол шинэ хуулиар хэн хэрэгжүүлэх асуудлыг тусгаж өгсөн. Ингэхдээ Мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт гаргасан тохиолдолд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга шийдвэр гаргаж албадан буулгана. Зардлыг буруутай этгээдээр гаргуулна гэсэн зохицуулалтыг оруулсан гэсэн тайлбарыг салбарын сайд өгөв. Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 80 хувийн саналаар дэмжлээ.
Мөн байнгын хорооны хуралдаанаар Эрчим хүч хэмнэлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, Санхүүгийн чөлөөт бүсийн асуудлаар ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг тус тус хэлэлцэн шийдвэрлэв.
Ингэснээр Эрчим хүч хэмнэлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан , Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдрх бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Санхүүгийн чөлөөт бүсийн асуудлаар байгуулах ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан нарыг тус тус баталлаа.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...