Хүнсний гол нэрийн барааны үнэ, буурсан байна
- schedule 2015 оны 10 сарын 2
- chat_bubble 0
Хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарынхтай харьцуулахад 6.8 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 1.4 хувиар буурсан байна.
Махны дундаж үнэ: Өнөөдрийн байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 14.0 хувь, үхрийн ястай махны үнэ 6.7 хувь, үхрийн цул махны үнэ 1.9 хувь, адууны ястай махны үнэ 5.5 хувь, ямааны ястай махны үнэ 13.2 хувиар буурсан байна.
Нэг кг хонины /ястай/ мах дунджаар 5200 төгрөг, үхрийн /ястай/ мах 6745 төгрөг, үхрийн цул мах 8790 төгрөг, адууны мах 4995 төгрөг, ямааны /ястай/ мах 4435 төгрөгийн үнэтэй байв.
Гурилын үнэ: Савласан дээдийн дээд зэргийн гурилын үнэ өмнөх сарынхаас 0.9 хувь, савласан дээд гурилын үнэ 1.6 хувь, задгай 1-р зэргийн гурилын үнэ 1.4 хувь, савласан 2-р зэргийн гурилын үнэ 1.8 хувиар өсчээ. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад гурилын үнэ өөрчлөлтгүй байна.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 1.0 хувь өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байсан бол элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 36.7 хувь, луувангийн үнэ 13.1 хувь, байцааны үнэ 26.0 хувь, манжингийн үнэ 21.3 хувь, сонгины үнэ 4.5 хувиар буурсан байв. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад төмсний үнэ 1.0 хувиар буурч, луувангийн үнэ 6.7 хувь, байцааны үнэ 7.2 хувь, манжингийн үнэ 5.0 хувиар өсч, сонгины үнэ өөрчлөлтгүй байна.
Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Задгай сүүний үнэ 1.2 хувь, "Элекстер" сүүний үнэ 1.7 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 2.2 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад "Элекстер" сүүний үнэ 0.6 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 3.7 хувиар өсч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна.
Өндөгний үнэ өмнөх сарынхаас 1.7 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.1 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.
Цөцгийн тосны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 1.7 хувиар өсч, өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад өөрчлөлтгүй байна гэж ҮСХ-ны Макро эдийн засгийн статистикийн газраас мэдээллээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...