Эв нэгдлийн бэлгэдэл-Их Майдар
- schedule 2015 оны 10 сарын 2
- chat_bubble 0
Сайн цаг дөтөлж Их Майдар заларна
Бүтээн байгуулалт сүндэрлэж, бурханы сургааль дэлгэрнэ
Монгол Улс. Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг. Сэрүүн салхит хөндийн нөмөр хаалт мэт ихэрлэн орших Их, Бага Өгөөмөр. Чанх голд нь зүрх мэт хэлбэртэй хүрэн улаан хадат уул. Хэдэн зуун жилийн өмнөөс нутгийн олон Зүрх хайрхан хэмээн шүтэж ирсэн энэ уулын энгэр бэлд II Богд мэндэлсэн хэмээх домогтой. Нутгийн түмэн Зүрх уул зүрхний өвчнийг анагаах шидтэй хэмээдэг бөгөөд Дэлхийн энергийн төв хэмээх Хамарын хийдтэй адил энерги ялгаруулах шидтэй гэлцэх. Монголчуудын эртнээс шүтэж, онцгойлж ирсэн уул усны нэр хийгээд домог, түүх ул суурь, утга жанцантай гэдэг өдгөө ч шинжлэх ухааны үндэстэйгээр батлагдах. Оюутолгой, Эрдэнэт гээд эртний ерөөлт нэрсийн ерөөлт утгыг эдүгээ бид заримыг нь тайлж чадаагүй ч байж болох. Тэгвэл Зүрх уул юуг өгүүлнэ вэ?
Зүрх уулын өвөр дэх их бүтээн байгуулалт
Бүх дэлхийн энхийн үйлстнүүдийн чуулах цогцолбор болох ёстой энэ газар эдүгээ бүтээн байгуулалт өрнөж байна. Үе, давхарга бүр нь утга учир, билэгдэлтэй давхарлагууд болон Бурхан багшийн ринсрэл, сүншиг бүхий суварга, Алтан ганжир бүхий 108 метр өндөр байгууламжийн гол тулгуур байгууламжийг тэд хэдийнэ босгож, дэлхийн хамгийн том 54 метр Майдар бурханы гэгээн дүрийг хэдийнэ угсарч эхэлжээ. “Солонго” сэтгүүлийн төлөөлөгч биднийг энд ирэх өдөр мутар, хөл, тэргүүн тэргүүтнийг угсарч байсан нь бас л нэгэн ерөөлтэй мэт. Зөвхөн Майдар бурханы дүрийн нүүрэн хэсэг гэхэд жирийн хүн мэлмийд нь шүргэх төдий харагдана. Жирийн үгээр харьцуулахад тус бүр 2:2 метрийн өргөнтэй долоон том төмөр баганы дээр гагнуур барин ажиллах хүмүүс алсаас болжмор шиг жижигхэн харагдах нь сүрдэм. Ийм л ауагаа том байгууламжийг монголчууд эв сэтгэлээр нэгдэн барьж байгуулж буй гэхээр бахархам. Рио де Жанейро хот дахь Есүс Христийн хөшөө 39 метр, Монголын Цонжин болдог дахь Чингис хааны хөшөө 40 метр, Нью-Иорк дахь Эрх чөлөөний хөшөө 46 метр бол Их Майдар бурхан 54 метр \суваргат цогцолбор нь 108 метр\ гээд харьцуулаад бодохоор гайхалтай. Энд зөвхөн Бурханы дүр, Суваргат цогцолбороос Бодь модны суварга, Богдын өргөө, Ламын гэгээний өргөө, Манзушир хутагтын өргөө, дэлхийн бүх шашны түүхийг өгүүлэх музей, дэлхий шашнуудын сүм, Буддын парк, бясалгалын сүм бүхий соёмбо хэлбэр бүхий Соёмбо цогцолбор, оюуны эх өвийг дээдэлсэн Эко Майдар бүхэл бүтэн суурьшлын хот, Их Майдарын өлмийнөөс эхлэн өмнийн их говийг бүрхэн, сансар огторгуйгаас харагдах хүний гараар бүтээгдсэн хамгийн том ногоон гурвалжин-эко бүс гээд 10, 20, 30 жилээр бүтээхээр төлөвлөгдсөн асар том өлгий иргэншил босох билээ.
Зүрх уулын зөнтэй зүүд
Их, Бага Өгөөмөрийн уулаар түшүүлсэн Зүрх уул үдшийн бүрэнхийд яг даль жигүүрээ дэлгэсэн тэнгэрийн шувуу мэт харагдана. Тэнгэрийн шувуу бидэнд юу өгүүлэхийг хүсээ бол?
“... Цөвүүн цагийг гэтэлгэн сайн цагийг авчрах Майдар бурхан цог золбоот залуу хүүгийн дүрээр хөлөө урагш итгэлтэй алхан ирнэ. Магнайнаас нь гэрэл цацрах Майдар бурхан “Хүмүүн тохойн чинээ болж, эх дэлхийгээ зулгаан идэх цагийг гэтэлгэхээр би ирлээ” хэмээхүйд олон түмэн гайхан биширмүү...”
“Их Майдар бурханы ард сүндэрлэсэн 108 метр суваргын алтан ганжир алсаас гялалзан, их шүтээнийг бүтээхэд оролцсон бүхэн зочдыг угтах асар том танхимд цуглахад хүн бүрийн нэрийг гэрэлтүүлсэн 108 мянган бурхан угтана. Мөнх ногоон эко танхим, музей, боловсрол, танин мэдэхүйн танхим, ёслол хүндэтгэлийн танхимаар зочлон бурханы их дүрийн гарын тушаа орших бад цэцгийн сууринаа гадаалан гарч Их Майдарын мутраас оргилох рашааныг хүртэн, хааш хааш цэлийх Соёмбо цогцолбор, Эко Майдар хотыг талбин харна. Соёмбо цогцолборт зүг зүгийн бурхад, шашинтнуудын сүм оршин, өөр өөрсдийн номоо уншин бясалгана. Усан оргилуурын доор залуус зугаалж, хүүхдүүд Буддын паркт баясан тоглоно. Цааш хараа үл хүрэх газарт бурхны өлмийг тоссон ногоон байгууламж өмнийн говийг хүрэн алсарна”
Энэ бол өнөөдөр Зүрх уулын зүрхэнд дуншиж байгаа Их Майдар цогцолборын биелэх учиртай төлөвлөлт. Зүрх уулнаа зорчсон өдөр би ийм зүүдийг үзсэн билээ. Зүрх уулын зүүд зөнтэй. Зөнтэй зүүдийг биелүүлэхэд та бидний сэтгэлийн дэм хэрэгтэй гэнэм.
Их Монголын эв нэгдэл
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач, дизайнер Д.Эрдэмбилэг Их Майдар “дүр”-ийг олон жил зүрх сэтгэлдээ зуран зурсаар 2006 онд төслийн ажлаа албан ёсоор эхлүүлэн ауага том төсөл цаасан дээр биежин, Монгол Улсын Ерөнхийлөгч тэргүүтэн дэмжиж, гар бие сэтгэл нийлэх мэргэжил, мэргэжлийн хамт олноо бүрдүүлэн бүтээн байгуулалтаа эхлүүлсэн билээ. Үндэсний хэмээгдсэн энэхүү төсөл өнөөдөр дэлхийн хэмжээнд яригдах том бүтээн байгуулалт болж, мянга мянган хүн зон нэгдээд байна.
Их Майдар шүтээнийг залах ерөөлт газрыг олон жил хайж байсан төслийн багийнхныг анх энд ирэхэд Монголын тал нутгийн жирийн нэгэн айл өвөлжөөлж байсан гэдэг. Сайн цагийн Манзушир бурханы бүтээх шав оршоох тэдний их үйлсэд билэгшээсэн малчин ард өвөлжөө бууцаа найр тавин чөлөөлж, билэгт газар их Майдар бүтээх үйлсэд амжилт ерөөн хундан цагаан хониор мялаасан гэдэг. Яг л ийм ерөөлт сэтгэлээр Их Майдар бурхнаа залах их үйлсийг Их Майдар сангийнхан эхлүүлсэн болохоор чин сэтгэлт хүмүүсийн хандив, сэтгэлийн дэмээр ажил үйлс урагштай байна гэж Их Майдар сангийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн хатагтай Д.Ариунаа ярьж байна. Тэрээр аль болох олон хүнийг сэтгэлийн дэм нэгдэх тусам их шүтээний адис, шүншиг арвижин өөдлөх учиртай хэмээн чин сэтгэлээсээ дахин дахин өгүүлэх. Эдүгээ монголчууд бүгд Их Майдарын бүтээн байгуулалтад хараа тавин, сэтгэлээрээ нэгдэж буй. Бурхан шашинтны чин сүсэг ёсоор сар бүр өндөр насны тэтгэврээсээ 10 мянган төгрөг өргөх азай буурай ч бий. Ийн хандив өргөснөөр Их шүтээний өвөрт байрлах 108 мянган ширхэг шүншигтэй бурхны нэгийг та өөрөө бүтээж, мөн гэртээ залах бөгөөд өглөгийн эздийн нэрс үе үеийн их шүтээнээ гэрэлтэн байх юм.
Төр, засаг, УИХ, Монголын шилдэг бизнесмэнүүд төдийгүй гадаад улс, үндэстнүүдийн төлөөлөл ч Их Майдар бурхны бүтээн байгуулалтад зүрх сэтгэлээсээ дэмжин оролцож буй. Төслийг санаачлагч бүтээгчид дэлхийгээр тархан суурьшсан монголчууд ч сэтгэлээрээ нэгдэн оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа өгүүлж байна. Тэд “Үндэс угсаа нэгт Буриад зон олон Их Майдарын бүтээн байгуулалтад идэвхийлэн оролцож байгаа. Элэг нэгт Өвөрмонголчууд маань бас сэтгэлдээ тээн байгаа буй за” гэсэн үгээ “Солонго” сэтгүүлийн хуудсаар дамжуулж байгаа юм. Чин сэтгэлийн өглөг багаддаггүй гэдэг. Өвөрмонгол ахан дүүсийн дэмжлэг ч бас Их Майдар шүтээнийг залахад дэм болох буй за хэмээн үүнийг бичигч бас итгэн найдаж буй билээ. Чухам ерөөл билэгт ийм сэтгэлээр эдүгээ Их Майдар бурхныг бүтээх их үйлс өрнөж байна.
Зүрх уул зүрхэнд учирлал шивнэх мэт намуухан дүнхийнэ. Зүрх уул зүрхний хэмээр цохилж байна. Дэлхийн монголчууд нэгэн зүрхний цохилтоор нэгдэн Эв нэгдлийн билэгдэл Их Майдар шүтээнээ залахын учир ийм буюу. Зүрх уулын бэлд сүндэрлэх Их Майдар шүтээн дэлхийн монголчууд хийгээд дэлхийн энх тайвныг дээдлэгч хүн бүрийн сүсэг бишрэл, ариусал, хүндлэлийн зүрхэн төв болох болтугай.
А.ТУЯА
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...