Ц.Мөнхзаяа ДАШТ-ээс гурав дахь хүрэл медалиа авлаа
- schedule 2015 оны 8 сарын 28
- chat_bubble 0
Өчигдөр Казахстаны нийслэл Астана хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий дөрөв дэх өдөр эрэгтэйчүүдийн 81 кг, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн барилдаан болж медалийн эздүүд тодорлоо.
Энэ өдөр эмэгтэй -63кг-д А хэсэгт ОУХМ Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа, D хэсэгт ОУХМ Цэнд-Аюушийн Цэрэннадмид, эрэгтэйчүүдийн -81 кг-д С хэсэгт ОУХМ Отгонбаатарын Ууганбаатар нар барилдсан.
О.Ууганбаатар эхний тойрогт Шинэ Зеландын Ивика Павлиникийг цэвэр ялсан ч 2-р тойрогт Канадын шилдэг жудоч Антойне Валиос-Фортиерт торгуулиар ялагдан тэмцээнээ өндөрлүүллээ. Харин манай бөхийг ялсан Канадын бөх цааш амжилттай барилдан Астанагаас хүрэл медаль хүртлээ. Тэрээр өмнө Олимпийн хүрэл, ДАШТ-ий мөнгө, Пан Америкийн наадмын хүрэл, Пан Америкийн АШТ-ий 3 мөнгө 2 хүрэл медаль хүртэж байсан дэлхийн шилдэг тамирчин.
Ц.Цэрэннадмид 1-р тойрогт Европын АШТ-ний мөнгөн медальт Туркийн Бусра Катипоглуг цэвэр ялж, 2-р тойрогт Испанийн Изабел Пучег торгуулиар ялсан хэдий ч 3-р тойрогт Нидерландын Аника Ван Емденд ялагдан тэмцээнэ дуусгалаа. Цэрэннадмид ДАШТ-ний хошой хүрэл, Европын АШТ-ий мөнгө хүрэл медальт Нидерландын шилдэг тамирчинтай үндсэн цагт энэ тэнцүү барилдан нэмэлт цагийг сунгасан юм. Гэвч "Алтан оноо" буюу нэмэлт цагт жаахан идэвх муутай барилдснаар торгуулиар ялагдсан.
Ц.Мөнхзаяа 1-р тойрогт гоц мөргөж, 2-р тойрогт Кубын Марисет Эспинозаг ялж /Кубын тамирчин гараар хөлд хүрч хориотой мэх хийн хасагдсан/, 3-р тойрогт Хятадын Ян Жунхау ялж шөвгийн наймд үлдэн хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болсон. Хэсгийн аваргын төлөө Словений Тина Трстеняктай эхний хэсэгт тэнцүүхэн сүүлийн хугацаанд оноогоо нөхөх гэж байж том үнэлгээ алдан ялагдлаа. Ингэснээр түүнийг даган торгуулийн хэсэгт хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон.
Дагах барилдаанд Европын АШТ-ий хүрэл медальт Хорватын Марияна Мисковичийг юүко үнэлгээгээр ялан хүрэл медалийн төлөө барилдах эрхийг авсан. Улмаар хүрлийн төлөө ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Европын АШТ-ий мөнгө хүрэл медальт шилдэг тамирчин Изриалийн Яарден Гербийг барилдааны эхэнд вазари үнэлгээ аван ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ.
Энэхүү хүрэл медаль нь энэ ДАШТ-ий гурав дахь, манай улсын ДАШТ-ээс авсан эмэгтэйчүүдийн 5 дахь, нийт 12 медаль болж байна.
Өмнө нь:
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...