Таван ажлын хэсгийн мэдээллийг сонслоо
- schedule 2015 оны 7 сарын 1
- chat_bubble 0
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2015.07.01/ хуралдаанаар "Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг байлаа. Хэлэлцүүлгийн үеэр Ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томьёоллоор санал хураалт явуулан, чуулганы нэгдсэн хуралдаанаар батлах нь зүйтэй хэмээн үзлээ.
Дараа нь Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Жилийн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцэв. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцээрийн төслийг дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгүүдийн мэдээлэл сонсох байлаа.
Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих нийт зургаан ажлын хэсэг байгуулагдан ажилласан бөгөөд дээрх зургаан ажлын хэсгийн тав нь өнөөдөр мэдээлэл хийсэн юм.
УИХ-ын гишүүн А.Тлейхан УИХ-ын 2015 оны 41 дүгээр тогтоолоор батлагдсан хөтөлбөрт дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр тусгагдсан 9.1-9.11 дэх зорилт, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг ахалсан бөгөөд түүний хийсэн мэдээллийн дараа УИХ-ын 2015 оны 41 дүгээр тогтоолоор батлагдсан хөтөлбөрт хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр тусгагдсан 4.1-4.5, 6.1-6.4 дахь зорилт, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг ахалсан УИХ-ын гишүүн Г.Батхүү мэдээлэл хийсэн юм.
Түүний дараа УИХ-ын 2015 оны 41 дүгээр тогтоолоор батлагдсан хөтөлбөрт нийгмийн халамжийн бодлогыг зорилтот бүлэгт чиглүүлэх хүрээнд тусгагдсан 3.1-3.6 дахь зорилт, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг ахалсан УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, УИХ-ын 2015 оны 41 дүгээр тогтоолоор батлагдсан хөтөлбөрт экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлуулах чиглэлээр тусгагдсан 7.1-7.6, 10.1-10.15 дахь зорилт, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг ахалсан УИХ-ын гишүүн С.Одонтуяа, УИХ-ын 2015 оны 41 дүгээр тогтоолоор батлагдсан хөтөлбөрт Төсвийн нэгдмэл байдлыг хангаж, ил тод байдлыг дээшлүүлэн, алдагдлын хэмжээг зохистой түвшинд хүргэх чиглэлээр тусгагдсан 1.1-1.5, 5.1-5.2 дахь зорилт, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг ахалсан УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан нар мэдээлэл хийлээ.
Ажлын хэсгүүдийн мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, мөн байр сууриа илэрхийлснээр Байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...