Хүслээ биелүүлэхэд тань туслая
- schedule 2015 оны 5 сарын 27
- chat_bubble 0
Найз минь зах зээлийн нийгмийн эхэн үед бизнес гээчийг хийж багагүй мөнгөтэй болж чадсан хүн. Тэрээр өөрийнхөө хоббид хэнээс ч илүү мөнгө зарцуулдаг хэр нь ахуй амьдралаа муухан авч яваад байх шиг санагддаг. Хүн гэртээ тохь тухтайхан шиг амьдрахгүй л юм бол ийм маягаар мөнгөтэй байгаад яах ч юм билээ гэж хөндлөнгөөс нь харсан надад бодогдож байсан үе бий.
Найз минь зах зээлийн нийгмийн эхэн үед бизнес гээчийг хийж багагүй мөнгөтэй болж чадсан хүн. Тэрээр өөрийнхөө хоббид хэнээс ч илүү мөнгө зарцуулдаг хэр нь ахуй амьдралаа муухан авч яваад байх шиг санагддаг. Хүн гэртээ тохь тухтайхан шиг амьдрахгүй л юм бол ийм маягаар мөнгөтэй байгаад яах ч юм билээ гэж хөндлөнгөөс нь харсан надад бодогдож байсан үе бий. Тэрээр эхнэр хүүхдээсээ магадгүй өөрөөсөө харамлан сайн чанарын машин ч унадаггүй. Бусдын адил хөдөө гадаа салхинд гарч биеийн чилээгээ гаргах зуслангийн байр гэж алга. Гэтэл нэг сонирхолтой зуйл нь байнга л эдгээр эд зүйлсийг хүсч мөрөөддөгт байгаа юм. "Нэг хаустай болчихвол ч..." гэж ярьдаг хэр нь бариулсангүй. Нэгэн удаа би түүнээс их л зориг гарган асуусан.
"Хүслээ биелүүлэхэд чухам юу нь болохгүй байна гэж...". Харин тэр хэлэхдээ үүнийг дагаад бөөн мөнгө урсана. Хүн хэдий чинээ их өмчтэй болно, төдий чинээгээр сэтгэлээ зовоох болно" гэж товчхоон хариулсан юм. Энэ нь байртай боллоо гэхэд түүнийхээ бүрэн бүтэн байгаа эсэхийг жилийн дөрвөн улиралд байнга л очиж шалгаж байх болно. Дээр нь харуул хамгаалалт шаардагдах тул сар бүр хүн цалинжуулах хэрэг гарна. Хэрэглэсэн хэрэглээгүй цахилгааны хөлс төлж таарна. Харин унах сайн машины хувьд гэвэл үнэтэй машин эвдэрсэн ч засварын мөнгө, сэлбэг хэрэгсэл нь үнэтэй тусах тул түүнийг авах хэрэггүй гэж үздэг гэж байсан юм.
Үүнээс үзэхэд өмчтэй байхыг хүсдэг ч гарч болох тэр зардлаас хэтэрхий ихээр болгоомжлох болсон нь эргээд тухайн хүндээ "стресс" болж амьдрал нь утга учраа алдаж эхлэх шиг. Уул нь энэ бүгдийг даатгалын компанид л даатгачихад болно шүү дээ. Энэ тухай мэддэг л байлтай. Харин даатгалын компанид итгэдэггүй байх гэвэл үнэнд нийцэх олов уу?
Гэнэтийн ослын гэдэг ч юм уу даатгалын нэрийг нь сонсоод зарим нь шууд л "муу ёр" гэж хэлдэг. Харин тэр хэлээд байгаа муу ёрыг нь зайлуулахад даатгалын компанийн зорилго оршдог. Ядарч явахад тэвнээр туслахад тусад тооцдог гэдэг шиг тэр л үед даатгалын компани туслах нь гарцаагүй. Хүн сайн сайхан явахад бүгдийг мартдаг. Хайртай аав, ээж дээрээ очоод үнсүүлээд гарахаа санадаггүй. Харин бүх зүйл өнгөрсөн хойно амаа барьцгаадаг шүү дээ.
Хүний өмч хөрөнгө шатаж байхад “галын дөл өөдөө” гэж амандаа хэлээд л зогсож байх жишээтэй. Хүн орон байр, өмч хөрөнгөө алдаад боож үхэхийн даваан дээр байхад шүү дээ. Бас нэг жишээ. Билигтэй сайн өдөр хурим найртай тааралдвал "түй" гэж ирээд л нулимдаг. Учир нь аз жаргалыг нь хуримлаж буй хосууд нь аваад одчих юм байх аа. Харин үүний эсрэгээр буяны ажил явдалтай таарвал харин ч таатай байгаа дүр төрх илэрдэг. Учир нь талийгаачийн амьдарч болох байсан үлдсэн насных нь аз жаргал тухайн хүнд ирдэг гэсэн ярианд итгэдэг.
Арай ч дээ.
Бид гадаадын гэх бүхий л зүйлд "нугасгүй". Нэг үгээр дуртай. Гэтэл тэдэнд ийм хэмжээний сүсэг бишрэл байхгүй шүү дээ. Харин ч дэлхийд нилээн хурдацтай хөгжиж буй даатгалын компаниудад хандах нь их. Эхээс дөнгөж төрсөн нярай ч даатгалтай байдаг гээд бодохоор. Бид чухам юугаа хүлээсэн юм бэ? Амьдралд хүндрэл учрахад үзмэрчид үзүүлж өргөл барьц болгон өгдөг мөнгөөрөө даатгалд хамрагдчихвал харин ч тустай бус гэж үү?
Гандантэгчинлэн хийдийн гадаа үзмэрчид олон. Тэднийг тойрсон иргэд хэдийд ч цөөрч байсангүй. Жаргал зовлон хосолсон энэ л хорвоод бүх зүйл санаснаар болдоггүй болохоор бага ч болов зовлонгоо нимгэлэх гэж энд ирцгээдэг. Тэдний дунд жаргал ярих хүн нэгээхэн ч байхгүй. Харин зовж зүдэрч, алдаж эндсэн нь олонтаа буй зай. Үзүүлсэн нэгэн сэтгэлээр улам унах нь ч бий. Нүүрэнд нь гэрэл гийх нь ч харагддаг. Энэ бүгд тухайн үзмэрч, зурхайч нараас ихээхэн шалтгаалдаг. Гайгүйхэн хувцас өмссөн нэгнийг нь зовлон дуусч буй биш харин эхэлж байна гэж айлгах нь их гэнэ лээ. Засал хийлгэ, хийлгүүл гэх сонсогдох бөгөөд энэ нь багагүй хөлс мөнгөтэй дуулддаг. Хүнийг ч хэлэлтгүй, ная шүргэж яваа ээж минь ч бидний сайн сайхны төлөө үзүүлж, засал хийлгэж явсан удаатай.
Үүнийг бичигч би үүгээр юу хэлэх гээд байна гэвэл аливаад алдаж эндэхээс сэргийлж амьдардаг болохоос өнгөрсөн хойно нь сүсэг бишрэлтэй нэгнийг дагаж бурханы ном уншуулж хамаг мөнгөө зараад юу хийх билээ дээ.
Алдсан хүн арван тамтай гэж ярьдаг шүү дээ. Хүний зовлон дээр дөрөөлж баяжигсад нэг биш нэг хэсэг бий гэдгийг санаж явахад илүүдэхгүй буй зай.
Манайхны нэртэй гэх бизнесменүүдээс "Монголд хамгийн хурдацтай хөгжиж буй бизнесээс гурвыг нэрлэхийг хүсвэл уул уурхай, ашигт малтмал, банк, хүнсний үйлдвэр тэр дундаа согтууруулах ундаа үйлдвэрлэдэг үйлдвэрийг нэрлэх байх. Харин хэний ч санаанд "Даатгалын компани" гэж ороогүй байх. Учир нь энэ салбарын талаархи ойлголт тэр бүр хангалттай бус гэсэн үг юм. Гэтэл гадаадын бусад улс оронд хамгийн их хөгжиж буй салбарыг нэрлэхдээ үл хөдлөх хөрөнгийн бизнес дараагаар нь даатгалын компанийг дурддаг. Тэгэхдээ эдгээр нь үнэт цаасны бизнесийг чухам яаж гүйцэх билээ. Банк санхүүтэй холбоотой бизнес эрхлэгчид хоёр дахь бизнесээрээ даатгалыг сонгодог. Учир нь банкны салбарт хүчээ үзэгсэд энэ төрлийн бизнесийг эрхлэхэд тийм ч их хүндрэл учирдаггүй гэдэг юм билээ.
Эд хөрөнгөгүй хүн гэж үгүй. Ядаж л унтаж буй ор, үзэж буй зурагтныхаа эзэн. Тиймээс дийлэнх иргэд эд хөрөнгөө илүүтэй даатгуулдаг аж. Энэ төрлийн даатгалд өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа биет бүх л зүйлээ даатгуулж болно. Үзэж буй зурагт тань цахилгааны хэлбэлзлэлээс болоод шатчихвал яах билээ. Зурагтны үнийн өчүүхэн хэсгийг хураамжинд өгснөөр цоо шинэ нэг зурагт авах хэмжээний нөхөн олговрыг даатгалын компаниас авч болно. Хүн өөрт нь ашигтай зүйлийг санал болгоход байнга эргэлздэг. Хардах хэрэггүй. Тантай адил олон хүн даатгуулж байгаа болохоор танай зурагт шатсан ч бусдынх нь энэ удаадаа шатахгүй...
Хүнд амь нас, эрүүл мэндээс илүү нандин зүйл гэж үгүй. Эрүүл байхад бүх зүйл болно гэдэг хэр нь даатгуулах нь даанч ховор. Учир нь өөрийнхөө амь насыг үнэлж чаддаггүй гэх үү дээ. Даатгалын компанийн ажилтнууд таны амь насыг үнэлж мэдэхгүй шүү дээ. Харин ашиг сонирхлын даатгал уран бүтээлч хүн бүгдэд байх хэрэгтэй зүйл шиг санагддаг. Өсч яваа, удахгүй Монголыг байлдан дагуулах дуучин, хөгжмийн зохиолч, алдарт яруу найрагч, зохиолч, эрдэмтдийн нэг Та бүх хөдөлмөрөө, байгаа хэдэн төгрөгтэйгөө шавхан байж хийсэн оюуны бүтээлийг тань үл хүндлэгч этгээдүүд гадуур хувилан зарж хөдөлмөрийн тань үр шимийг та биш тэд хүртэж буй тохиолдолд яах билээ. Хэрэв та даатгуулагч бол тухайн бүтээлээсээ олохоор төлөвлөсөн, олох ёстой орлогоо даатгалын компаниас авах боломж бий юм байна.
Уншигч таныг хариуцлагатай хүн гэдэгт итгэлтэй байна. Гэсэн хэдий ч өөрийн мэдэлгүй хариуцлага алдах үе нэг битгий хэл хэд хэдэн удаа ч гарч мэднэ. Хамгийн энгийн жишээ хэлье. Танайх бүтээгдэхүүн борлуулдаг компани байг. Таны нэг худалдагч санаандгүй, санаатай али нь ч болог архины лангууны хэсгийг унагачихжээ. Тэгвэл та тэр худалдагчийн цалингаас хэдэн төгрөг суутгаж авах уу? Аз таарвал авах байх. Эз таарвал өөрөө хохироод, дээр нь өнөөх хариуцлагагүй ажилчнаа ажлаас нь хална биз дээ. Тэгвэл та анх тэр худалдагчийг ажилд авахдаа хариуцлагын даатгалд хамруулчихвал тухайн үед гарсан хохирлыг даатгалын компаниар төлүүлээд л боллоо гэсэн үг. Ямар ч эрсдэл алга. Үүнтэй адилаар жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаж болно. Тухайн жолоочийн бусдад учруулсан хохирлыг даатгалын компани мөн л төлнө.
Эд хөрөнгийн бус ашиг сонирхолын даатгал гэж бий. Үүнд материаллаг эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбогдож үүсэхээс бусад бүх төрлийн ашиг сонирхлын харилцаанаас үүсэх эрсдэлийг даатгал хариуцах юм.
Сайн уншвал бүгд л танд хэрэгтэй. Тиймээс мэргэн оюундаа болгоож, шийдвэр гаргана гэдэгт найдаж байна.
Даатгал байгаа газар эрсдэл гэж үгүй дээ.
Г.ЭНХТУЯА
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...