Дэлхийн хамгийн аймаар "Тэнгэрийн болоод үхлийн" замууд
- schedule 2015 оны 5 сарын 26
- chat_bubble 0
Дэлхийн даяар жолооч нарын айдсыг шалгасан, адал явдал хайгчдын адриналиныг ялгаруулдаг, осол эрсдэл дагуулсан маш олон автозамууд байдаг. Тэдгээр замуудаас энэ удаад аймшигтай хийгээд, сүрдэм авто замын заримаас нь товч дурдъя.
Энэ замуудад айх айдсаа ардаа хийсэн маш туршлагатай жолооч нар л явдаг. Өчүүхэн, болгоомжгүй алдаа гаргавал өөрийн болоод бусдын амь насыг авч одох аюултай.
Пакистан- Хятад. Карахорумийн зам
Хятад-Пакистаны газар нутгийг дамнан 1966-1986 онуудад 20 жилийн турш барьсан дэлхийн хамгийн өндөрт байдаг хурдны зам. Замын хамгийн өндөр хэсэг нь Карахорумын /Хар чулуу гэсэн утгатай үг/ уулсын 4693 м өндрөөр дайрдаг байна. Замын төслийн нийт өртөг 3 тэрбум ам.доллар болжээ. Барилгын ажлын явцад цасны нуранга болон бусад осол зэргээс 1000 гаруй ажилчид амь үрэгдсэн байдаг гэнэ.
Зам зөвхөн зуны улиралд нээлттэй байдаг бөгөөд өвлийн улиралд цас, мөс, цасны нурангиас үүдэн хаагддаг аж. Зам Хятадын Шинжан-Уйгурын Шинкангаас Пакистаны Гилгит-Балтистан хүртэл 1300 км урт үргэлжилнэ.
Хятадын Гуолян хонгил зам
Хенан мужийн Хуйшиан, Шиншиан хотуудыг холбосон Тайхан уулын хонгил замыг нутгийнхан "Алдаа гаргавал уучлахгүй" хэмээн нэрлэдэг гэнэ. Уг замын орон нутгийн иргэдийг гадаад ертөнцтэй холбоо бариулахын тулд барьжээ. 1972 оноос өмнө энэ хонгил нь уулын тосгодын оршин суугчдыг бусдадтай харьцдаг гол явган зам байжээ. Харин түүнийг нь өргөсгөж авто зам болгосон байна.
Гүлиан тосгоны орчим дахь 1200 м замыг цул хадан уулыг нүхэлж гаргасан байдаг гэнэ. Энэ хонгилын зам 1977 онд ашиглалтад орсон бөгөөд 5 м өргөн, 4 м өндөр юм байна.
Энэтхэгийн Зожи Ла зам
Энэтхэгийн сүрлэг сайхан Зожи Ла хэмээх зам жил бүрийн тавдугаар сарын төгсгөлөөр нээгдэж аравдугаар сард хаагддаг. Учир нь Жамму, Кашмир нутагт Шринагар болон Ладакийн Лех хотыг холбодог 3500 м-ийн өндөрт Гимлайн салбар уулст байдаг уг зам ихэнх хугацаандаа цас мөсөнд дарагддаг байна.
Уг замын урт нь ердөө 9 км боловч дэлхийн хамгийн осолтой замын нэгэнд тооцогддог. Зам маш нарийн учир зөвхөн нэг урсгалаар л явдаг. Өөрөөр хэлбэл машин зөрөх, эргэх боломжгүй учраас нэгэнт хөдөлсөн машинуудаа явж өнгөрөөж байж дараагийнх нь хөдөлдөг.
Хятадын Тяньмэнь зам
Тэнгэр ууланд гарах маш олон нугачаа, эргэлт бүхий тахиралдсан "Тяньмэнь" буюу орчуулбал "Тэнгэрийн зам" гэгддэг зам. Уг замыг бас "99 нугачаат зам" хэмээн нэрлэдэг байна. 11 км урттай "Тэнгэрийн зам"-ыг 8 жилийн хугацаанд барьжээ.
Хятадын Хунан мужид байх “Тяньмин үндэсний парк” дахь үзэсгэлэнт Тяньмин уулын оройд хүрэх 2 зам байдаг аж. Нэг нь 98 кабин бүхий 7455 м урт кабель зам. Үүний 1279 м нь эгц өгсүүр юм байна.
Харин нөгөө нь 99 нугалаатай 11 км-ийн урттай уулыг хэрчсэн зам гэнэ. Энэ замын хамгийн өгсүүр хэсэг нь 37 хэм байдаг гэнэ. Тус ууланд 131.5 м гүн байгалийн нүхэн агуй байдаг аж.
Боливын Хойд Юнгас зам
Боливын нийслэл Ла-Пас далайн түвшнээс дээш 3600 м-ийн өндөрт оршдог. Нийслэлээс хойш 50 км-т орших Хойд Юнгас муж хүрэх зам дэлхийн хамгийн осолтой сүрлэг замуудын нэг. Мужийн засаг захиргааны төв Коройко ордог Камино-де-лас-Юнгас /Camino de las Yungas/ замыг орон нутгийнхан "Үхлийн зам" гэж нэрлэдэг байна.
1995 оноос энэ замыг дэлхийн хамгийн аюултай зам хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг. Учир нь жил бүр 300-аад хүн авто болон дугуйн ослоос болж нас бардаг байна.
Борооны улиралд манан их буудгаас замын харагдах орчин маш хязгаарлагдмал болж улам аюултай болгодог аж. Хэдийгээр Камино-де-лас-Юнгас зам маш аюул осолтой ч жилийн жилд адал явдал хайгчдыг олон зуугаар нь соронзон мэт татсаар байгаа гэнэ.
Аляскийн Далтон хурдны зам
1974 онд тавигдсан энэ зам Аляскаас олборлодог нефть дамжуулах хоолойн дагуу тайгын цас мөсөн "цөлөөр" 666 км урт үргэлжилдэг. Замын дагуу ердөө гуравхан жижигхэн суурин дайран өнгөрдөг. Тийм учраас бүх тээврийн жолооч нар түлш, хоол хүнс, ус ундаагаа сайтар бэлтгэн явдаг аж.
Арктикийн далайн эргээс Аляскийн төв хүрдэг Далтон хурдны замыг дэлхийн хамгийн алслагдмал зам гэдэг. Энэ замаар зуны улиралд өдөр бүр дунджаар 250, өвөлдөө 160 ачааны автомашин явдаг. Замын хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 1440 м-т хүрдэг гэнэ.
Чили-Аргентинийн Лос-Караколес зам
Лос-Караколес /Paso Internacional Los Libertadores/ зам нь Андын нуруугаар дамнан Чили Аргентин улсуудыг холбодог. Зам жилийн ихэнх хугацаанд нимгэн цас, мөстэй байдаг нь замын олон тахиралдсан нугачаа, ороомог нь аюул ослыг улам нэмэгдүүлдэг байна.
Замын саад бэрхшээл, тойрог нугачаа, эргэлт зэргийг анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээ сайтай. Хэдийгээр аюул осол ихтэй замуудын нэг гэгддэг ч замын чанар нь сайн гэнэ. Энэ зам дээр ачааны машинуудаас гадна суудлын хөнгөн тэрэг, бүр хоёр давхар аяллын автобус ч явж байгааг харж болно.
Замын хамгийн өндөр цэг нь 3200 м-т байдаг байна. Энэ замын нэг хэсэг болох алдартай Христ Редентор /Cristo Redentor/ хонгил бий. Дэлхийн хамгийн өндөрт байрлах уг хонгил 3080 м-ийн өндөрт байдаг.
Шинэ Зеландын Скипперс-Роуд зам
Скипперс роуд буюу "Ахмадын зам"-ыг тухайн нутгийн голоос /Шотовэр/ хоньчид алт олсноор 19-р зуунд байгуулсан гэнэ. Замыг ердөө гурван сарын хугацаанд барьсан байна.
Скипперс хавцлаар тавигдсан 6 км урттай уг зам нь маш нарийн учир зөвхөн нэг талдаа /нэг урсгалаар/ явдаг учир эргэх, зөрөх боломж огт байхгүй аж. Замд аюулгүйн хашлага, тулгуур шонгууд огт байхгүй.
Зам руу орохын өмнө аюул ослоос сэргийлсэн янз бүрийн анхааруулга байдаг байна. Бас "Энэхүү замд гэнэтийн ослын даатгал үйлчлэхгүй" гэсэн утгатай анхааруулга ч байдаг гэнэ.
Бас машин тэрэг түрээсэлдэг бүх компаниуд уг /Капитан роуд/ зам руу явах тохиолдолд жуулчдад машин түрээсэлдэггүй гэнэ.
Орос -Гүрж. Гүржийн дайны зам
Владикавказ Тбилисмийг холбосон 208 км урт замыг 1799 онд нээсэн байна. Уг замыг Орос эзэнт улсын арми Өмнөд Кавказын хяналтандаа оруулах зорилгоор тавьсан аж. Зам Казбек уул, Терек хөндий Дарьял хавцал, Загалмайт дамжин өнгөрүүлэх, Цагаан Арагви голын хөндий, Кура голын баруун эргийг дайран өнгөрдөг аж. Замын хамгийн өндөр хэсэг нь 2384 метрт байдаг аж.
Замыг босгоход 1860 оны байдлаар 4 сая фунт зарцуулсан байдаг гэнэ.
Зам түүх дурсгал хийгээд байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий газруудаар дайрдаг тул үнэхээр сэтгэл булаам байдаг аж. Гэвч уулын, хөрсний, цас мөсний нуранга гээд багагүй эрсдлийн дор зорчих болдог байна. Өнөөдөр хамгийн аюултай хэсэг нь хонгил бүхий хэсгүүд нь болсон байна.
Орос. А360 буюу «Лена» зам
ОХУ-ын А360 буюу "Лена" хурдны зам 1163 км урт үргэлжилдэг ба үүний ихэнх хэсэг нь маш зузаан мөнх цэвдэгт оршдог байна. Энэ ачааны автомашин явах асфальтон зам тавих боломжгүй болгодог аж. Тавиад ч өвөл нь хөлдөөд зун нь гэссэнээс хагараад машин явах боломжгүй болгодог гэнэ. Тэгэхээр маш их өндөр өртөг зардлаар их зузаан тавих шаардлага тулгарч байгаа гэнэ.
Лена хурдны зам өндөр уул, аймшигт хавцлаар дайрдаггүй ч замын ихэнх хэсэг нь шороон гадаргуутайгаас өвлөөс бусад үед ялангуяа бороо устай үед жолооч нарын жинхэнэ үйлийг үздэг зам болдог байна.
2006 онд «Лена» зам дэлхийн хамгийн аюул осолтой замын жагсаалтад орсон байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...