Ж.Верди “Травиата” дуурийг Солонгосын уран бүтээлчидтэй хамтран тоглоно
- schedule 2015 оны 5 сарын 22
- chat_bubble 0
УДБЭТ-ын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлын хүрээнд 2015 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ээлжит томоохон үйл ажиллагаа болох Ж.Верди ”Травиата” дуурийн тусгай тоглолт тавдугаар сарын 23, 24-ний өдрүүдэд 17 цагт болно.
Уг бүтээлийг Монгол, Солонгос Улсын Дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойд зориулан БНСУ-ын уран бүтээлчидтэй хамтран тоглох юм. БНСУ-аас найруулагч Ан Ху Вон, удирдаач Рю Мон Ү, дуучин Жу Сан Хён /баритон/, Со Пил /тенор/, Шин Син А/сопрано/ нар уригдан ирээд байна.
Монголын талаас УДБЭТ-ын гоцлол дуучин СТА Б.Эрдэнэтуяа, Ц.Арюна, СТА Ш.Наранчимэг, Б.Батжаргал, СТА Э.Анхбаяр, М.Даваадорж, Ч. Энхтайван, Б.Алтанхуяг, дуучин Э.Отгонбат, Г.Энхболд нар дуулж, УДБЭТ-ын симфони найрал хөгжим, найрал дуучид, балетын жүжигчид оролцон тоглоно.
“Травиата” дуурийг 1977 онд найруулагч Ё.Цэрэндолгор анх УДБЭТ-ын тайзнаа найруулан тавьж, зураачаар АЗ Ч.Гунгаасүх ажиллаж, УГЗ Ч.Жамсранжав удирдсан байна. Энэ жил энэхүү тусгай тоглолтын хүрээнд тайз, хувцсыг шинэчлэн хийж байгаа юм.
Иймд үзэгч та бүхэн УДБЭТ-ын уран бүтээлчид, БНСУ-ын уран бүтээлчидтэй хамтран тоглож буй “Травиата” дуурийг 23, 24-ндхүрэлцэн ирж үзээрэй.
БНСУ-ын Найруулагч Ан Ху Вон нь Чүннам Сургуулийг дуурийн дуулаач, Солонгосын Урлагийн Үндэсний Их Сургуулийг дуурийн найруулагч мэргэжлээр, Италийн “Accademia Lirica Italiana in Milano” их сургуулийг мөн дуурийн найруулагч мэргэжлээр тус тус төгссөн.
Тэрээр “Тоска”, “Богема”, “Травиата”, “Лучиа Ди Ламмермур”, “Севилийн үсчин”, “L'occasione fa il ladro”, “Cosi fan tutte”, “La serva padrona”, “Lo speziale”, “Дон Жуан”, “Увидаст лимбэ”, “Дурлалын ундаа”, “Риголетто” зэрэг дэлхийн алдартай дууриудыг болон Солонгосын “Jigui”, “Spring spring” дуурь, “King” зэрэг алдарт мюзикльд найруулагчаар ажиллажээ.
Найруулагч Ан Ху Вон БНХАУ-ын Хөгжмийн театр, Шанхай хотын соёлын төв, Япон улсын Токио хотын соёлын төвүүд, Прага, Вена, Милан зэрэг хотуудад урилгаар очиж Солонгосын “Spring spring” дуурийг найруулан тавьж, уг дуурийн тойрон аяллыг дэлхийн олон оронд хийсэн байна.
Ан Ху Вон нь одоогоор БНСУ-ын Дуурийн Байгууллага болон Тэгү хотын дуурийн байгууллагад найруулагчаар ажиллаж Солонгосын Урлагийн Үндэсний Их Сургуульд багшилдаг аж.
БНСУ-ын Удирдаач Рю Мён Ү нь БНСУ-ын Сөүлийн Их Сургуулийг төгөлдөр хуурч, ХБНГУ-ын Франкфуртын Хөгжмийн Их Сургуулийг төгөлдөр хуурч, ХБНГУ-ын Кольны Их Сургуулийг оркестрын удирдаач мэргэжлээр тус тус төгссөн.Италийн Сенец хотын хөгжмийн сургуульд Софиа оркестрын Жанлуг Жэлмэттийн мастер класс,ХБНГУ-ын Бетховены нэрэмжит оркестрын зохион байгуулсан Роман Кофманы мастер класст тус тус оролцож байсан.Кольны Их Сургуульд суралцаж байх хугацаандаа Кольнын хөгжмийн наадам (Muzik Triennale Koln 2004)-д орчин үеийнхөгжмийн концерт, “Фигарогийн хурим” дуурь, балет зэрэг томоохон хэмжээний тоглолтуудыг удирдаж байжээ. Хөгжмийн Их Сургууль төгсөхдөө ХБНГУ-ын дуурийн фесьтивальд туслах удирдаач, Оснаврюг дуурийн театрын дуурийн дасгалжуулагч, Кольны дуурийн байгууллагын удирдаач, тус хотын дуурийн театрын “Нибэлүнгийн бөгж” (Der Ring des Nibelungen) балетын тайзны концертмейстр зэргээр ажиллаж, Кальсрю хотын Баден хотын театрт дуурийн дасгалжуулагч удирдаачаар ажиллан, Ж.Вердигийн “Реквием”, найрал дуунууд болон “Венецийн үхэл”, “Сүүдэргүй эмэгтэй” зэрэг олон тооны дуурийг удирдаж байсан. 2009 онд Солонгос улсын Тэжон хотын симфони оркестрийн туслах удирдаач, 2011 оноос эхлэн ерөнхий удирдаачаар ажиллаж байна. Симфони найрал хөгжим болон дуурийн удирдаачаар ажиллахаас гадна төгөлдөр хуурчийн хувьд олон үйл ажиллагаа зохион байгуулдаг.Солонгосын симфони оркестр, Тэжон хотын TJB симфоний оркестр, Чүннам хотын симфони оркестр, Гуанжү хотын симфони оркестр зэрэгт удирдаачаар ажилласан бөгөөд Солонгосын Чимшим Их Сургуульд багшилж байна.
Дуучин Со Пил: БНСУ-ын Мугвоны Их Сургууль,Италийн Ром хотын Санта-Сециллийн Улсын Хөгжмийн Их Сургуулийг онц дүнтэй төгссөн.Ром хотын хөгжмийн ассоциацийн Тусгай байрын шагналт,Бэнамино Жили(Beniamino Gigli)-гийн нэрэмжит уралдаанд нэгдүгээр байр болон шүүгчдийн нэрэмжит тусгай шагнал зэрэг хүртэж байсан.Марио Ланзагийн нэрэмжит уралдаан, Giacomo Lauri-Volpi-ийн нэрэмжит уралдаан, Дэлхийн шашны хөгжмийн уралдаан зэрэг өөр бусад олон улсын уралдаануудад шагналт байранд орж байсан. Франц, Газрын Дундад Тэнгисийн урлагийн фестивальд 2 жил дараалан Итали улсыг төлөөлөн оролцсон.Wiener Kammeroperтеатрын гоцлол дуулаач, Ром хотын Parco della Musica, Teatro dell’opera зэрэг Итали, Франц, Австрийн театруудад дуурийн дуучин, гоцлол дуучнаар ажиллаж байсан.Солонгосын Үндэсний Дуурийн байгууллагаас эхлээд томоохон театруудад “Кармен”, “Риголлето”,”Севилийн Үсчин”, “Травиата”, “Тоска”, “Simon Boccanegra”, “L Pagliacci”, “L Elisir d Amore”, “Lucia de Lammermoor”, “Dialogues des Carmelites” зэрэг дууриуд гол дүр болон Бетховены 9-р симфонийн гоцлол зэрэг олон дуурь, концертуудад гоцлон дуулсан. Одоогоор чөлөөт уран бүтээлчээр ажиллахын сацуу Пёнтэк болон Мугвоны Их Сургуульд багшилдаг.
Дуучин Жу Сан Хён: Ёонсей Их Сургууль болон Италийн Санта Сециллийн Улсын Хөгжмийн Их Сургуулийг дуурийн дуулаачаар төгссөн. G.Stefano, R.Leoncavallo, R.Nicologi, R.Bruson, G.Simionato, Campolieto, S.Gemini зэрэг нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд 1 байр, G.Puccini, Vocedel Mediterraneo, A.Zabaroni, Titta Ruffo зэрэг нэрэмжит олон улсын дуулаачдын уралдааны 2-р байрын шагналт, Maria Caniglia’ sulmona олон улсын уралдаанд тусгай байрын шагналт, V.Belliniнэрэмжит олон улсын уралдаанд 3-р байрын шагнал зэрэг нийт 30 гаруй уралдаан тэмцээнд оролцож шагнал хүртэж байсан. “Травиати”, “Аида”, “Тоска”, “Ил Таббаро”, “Трубадур”, “Риголлето”, “Богема”, “Фальстаф”, “Тосгоны алдар”зэрэг 20 гаруй дууриудын гол дүрд тоглож байсан. 2008-2010 онуудад Италийн Ром Flaiano театрын гоцлол дуучнаар ажиллаж, АНУ, Англи, Тайланд, Макао, Гон Конг, Арабын Нэгдсэн Улс зэрэгт айлчлан тоглож байсан. Одоогоор “La voca nelarte “агентлагийн дуучин, Ёонсэй Их Сургуульд багшаар ажилладаг.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...