Хавдрын эсийн ургалтыг зогсоох хүчтэй "Селений" талаарх сонирхолтой лекц уншлаа
- schedule 2015 оны 5 сарын 21
- chat_bubble 0
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс нийт эрдэмтэн, судлаачдын сонирхолтой лекцийн арга хэмжээг анх удаагаа зохион явууллаа.
Анхны лекцийг хүрээлэнгийн Хоол судлалын секторын эрхлэгч Ж.Батжаргал доктор “Селений хүний бие махбодид гүйцэтгэх үүрэг ба дутал” сэдвээр тавилаа. Энэхүү лекцэнд эмнэлгийн тогооч нар болон хүрээлэнгийн судлаач, ажилтнууд оролцсон юм.
Селений нь хавдрын эсийн ургалтыг зогсоодог, түүнчлэн эр бэлгийн эсийн хамгаалж, үргүйдлийн эмчилгээнд сүүлийн үед маш ихээр хэрэглэж байгаа бодис ажээ. Мөн урт наслахад маш чухал үүрэгтэй, хүнд металлаас бие махбодийг хамгаалдаг.
Селений нь ус, хөрсөнд тодорхой хэмжээгээр агуулагддаг бөгөөд ихэнхдээ хоол хүнснээс авдаг байна. Ялангуяа бразиль самар, загасны мах, лаазалсан туна загас, түүхий хясаа, цагаан будаа, тахианы жигнэсэн цээж мах, чанасан өндөгтэй гоймон, хавч, үхрийн мах, хуурсан буудай, наранцэцгийн үр, өндөр, бүхэл үрийн талх, чанасан аспарагус, 2 хувийн тослогтой сүүнээс авах боломжтой ажээ.
Хэрвээ селенээр баялаг хоол хүнс хэрэглэхгүй бол дутал болох бөгөөд кешаны өвчин, өсөлт удаашрха, эр бэлгийн эсийн хөдөлгөөн багасах улмаар үргүйдэлд хүргэх, булчингийн үрэвсэл, кардиомиопатий үүсдэг байна. Харин илүүдвэл ходоод гэдэсний эмгэг үүсч, үс унах, ядарч, сульдан, хэт цочромтгой болох, мэдрэлийн системийн эмгэг, чихрийн шижингийн өвчин хоёроор өвдөх эрсдэлтэй байдаг байна.
Ж.Батжаргал нь 1999 онд “Тав хүртэлх насны монгол хүүхдийн уураг илчлэгийн дутал, урьдчилан сэргийлэлт” сэдвээр Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. Хоол судлал, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр Энэтхэг, Тайланд, Малайз, Англи, Недарланд, Шинэ Зеланд, Өмнөд Африк, Дани, Авсрали зэрэг орнуудад олон улсын хуралд оролцон Монгол хүний хоол судлалын чиглэлээр илтгэл тавьж хэлэлцүүлэн, нийтлүүлсэн байна. Түүнчлэн Монгол хүний хоол тэжээлийн бодисуудын зөвлөмж хэмжээ, Хүнсний бүтээгдэхүүний химийн найрлагын хүснэгтийг эрүүл мэнд, хүнс, хоолны салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдийн өдөр тутмын ширээний гарын авлага болгосон байна.
2012-2014 онд Шинжлэх ухаан технологийн сангийн “Насанд хүрсэн Монгол хүний сийвэн дэх селений дундаж хэмжээ, зарим хавдар, зүрх судасны өвчний харилцан хамаарал” суурь судалгааны ажлын удирдагчаар тус тус ажиллажээ.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн нь эрдэм шинжилгээний ажлын үр дүнг дээшлүүлэх, олны хүртээл болгох, харилцан туршлага солилцох, судлаачдыг чадавхижуулах зорилгоор цуврал лекцийг шат дараатайгаар олон удаа зохион байгуулахаар төлөвлөж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...