Осака хотын статусыг өөрчлөхийг дийлэнх иргэд дэмжсэнгүй
- schedule 2015 оны 5 сарын 19
- chat_bubble 0
Өнгөрсөн ням гаригт Осака хотын статусыг өөрчилж, таван тусгай дүүрэгтэй засаг захиргааны нэгж болгох асуудлаар иргэдийн бүх нийтийн санал хураалт явагдлаа. Осака хотын 1,406,084 оршин суугч санал хураалтанд оролцож засаг захиргааны өөрчлөлтийг 694,844 иргэн дэмжиж,705,585 иргэн өнөөгийн засаг захиргааны бүтцийг хэвээр үлдээх санал өгчээ. Осака хотын дарга “Ишинно кай” намын тэргүүн Т.Хашимото 2011 оноос Осака муж, хотыг нэгдсэн засаг захиргааны бүтэцтэй болгох, тус хотын 24 дүүргийг 5 тусгай засаг захиргаатай нэгжтэй болгох мөрийн хөтөлбөрийг дэвшүүлэн ажиллаж эхэлсэн. Гэвч Осака мужийн ИТХ-д сөрөг хүчин мөртлөө давуу байр суурьтай Либерал Ардчилсан Нам, Комэй нам зэрэг намуудын дэмжлэгийг авч чадаагүйн улмаас мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд ахиц гаргаж чадалгүй өнөөг хүрсэн юм.
Иймээс иргэдийн бүх нийтийн санал хураалтыг явуулж, ард иргэдийн дэмжлэгийг авах нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд шийдвэрлэх түлхэц болно хэмээн үзсэн. Харамсалтай нь хотын дарга Хашимото нь иргэдээсээ дэмжлэг авч чадалгүй ялагдал хүлээж, цаашид Осака хотын статус хэвээр үлдэх болов. Санал хураалтын эцсийн дүн гарсантай холбогдуулж хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хотын дарга Т.Хашимото "өмнөө тавьсан зорилт биелэгдэхгүй болсон тул" сонгуульд дахин нэр дэвшихгүй, улс төрөөс бүрмөсөн гарах болно гэдгээ албан ёсоор мэдэгдэв.
Таатай амьдрах орчин, оршин суух нөхцөл, ирээдүйгээ Осака хотын иргэд өөрсдөө шийдлээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...