Та мөнгө бодоод хямарч сууна уу?
- schedule 2015 оны 5 сарын 14
- chat_bubble 0
Та хямарч байна уу? Байнга мөнгө бодоод л... мөнгө олох аргаа олохгүй, авсан цалин нь юунд хүрэхгүй болохоор хямарч л байж таарах нь. Энэ цаг үед ашигтай хөрөнгө оруулалт хийж, хэзээ ч хөл алдахааргүй байх боломж байна. Өнөө цагт хуримтлалтай иргэд болон хуримтлалаа үүсгэж эхэлсэн хүмүүс хэрхвэл дээр вэ?
Хуримтлал үүсгэх маш олон төрлийн арга байна. Харин түүнээс сонгох боломж нээлттэй байгааг анзаарах хэрэгтэй.
1. Ихэнх иргэн гар дээрх бэлэн мөнгөөрөө хуучны үнэт эдлэл худалдан авч байна. Одоогоос таван жилийн өмнө 25 сая төгрөгөөр худалдан авч байсан хаш хөөрөг өнөөдөр 100 сая хэдийнэ хүрээд байна. Тиймээс баялаг бүтээхийг бус харин бүтээсэнтэй адил орлого олж болох үнэт эдлэлийн наймаа танд илүүтэй ойр санагдвал болж байна аа.
Тэгэхдээ үүнээс илүү бас нэг арга бий. Энэ бол эдийн засаг хямралтай байгаа үед орон сууц худалдан авах арга.
2. Улс орны эдийн засаг хямрах үед хамгийн түрүүнд орон сууцны үнэ хямдардаг. Барилгын компаниудын мөнгөний эрэлт удааширч магадгүй түүнээс их хэмжээний алдагдал хүлээхэд хүрч ч мэднэ. Тиймээс зарим нь үл хөдлөх хөрөнгийн үнэ хямдрах үед худалдан авч хуримтлалаа “хамгаалах” боломжтой гэж үзэж байна. 2010 онд орон сууцны үнэ нэг ам метр нь 950 мянгаас 1200 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Энэ үнэ 2013 онд 2,3-2,5 сая төгрөг болтлоо өссөн. Харин өнөөдөр үнэ аажмаар буурч байна. Нэг ам метр нь дунджаар 2,1 сая төгрөгийн үнэтэй байна.
Үе үеийн Засгийн газрын нэн тэргүүний зорилт болгон хэрэгжүүлж байгаа орон сууцны 8%-ийн зээл олгох хөтөлбөр нь бага болон дунд орлоготой иргэдэд хүн шиг амьдрах боломж олгосон юм. Тиймээс банкинд хадгаламжтай нэгэн нь урьдчилгаагаа төлөөд ипотекийн зээлд хамрагдаад эхэлчихсэн. Зарим нэгэн нь үүнийг мөнгө олох боломж хэмээн харж байна. Зээлд хамрагдаж орон сууц худалдаж аваад түүнийгээ түрээслүүлэх. Дундаж 50 ам метр талбайтай хоёр өрөө байр худалдаж аваад түүнийгээ сарын 500 мянган төгрөгөөр түрээслүүллээ гээд бодохоор хэр их мөнгө олох билээ. Жилд 6 сая төгрөгийн ашигтай ажиллах нь. Ер нь бол олсон мөнгөөрөө зээлээ төлчихөөд байна гэсэн үг.
Харин энэ бизнес удахгүй хумигдах байх.Улсын бүртгэлийн Ерөнхий газар өөрийн эд хөрөнгий бүртгэлд бүртгүүлсэн орон сууцны бүртгэлийн тайланг олон нийтэд танилцуулсан юм. Уг тайланд дурдсанаар хамгийн олон өөрийн эзэмшлийн орон сууцтай буюу нийт 68 орон сууцтай иргэн бүртгэгдсэн бол 57, 39 бас 33 орон сууцтай иргэд ч бүртгэгдсэн байна. Тодруулбал улсын хэмжээнд 20-оос дээш орон сууц эзэмшдэг найман иргэн байдаг бол 10-20 орон сууц эзэмшдэг 80 иргэн байдаг байна. Орон сууц өмчлөх эрхийн бүртгэлд нийт 239 мянган иргэн бүртгэлтэй байгаагийн 84.5% нь нэг орон сууцтай байгаа бол 12.5% нь хоёр байртай, 2.1% нь гурван байртай байгаа гэсэн тоо гарчээ. Харин хамгийн олон орон сууц эзэмшдэг аж ахуй нэгжийн эзний хувьд 81 орон сууцтай байгаа бол түүнээс доош 61, 54, 48 байр /орон сууц/ эзэмшдэг хуулийн этгээдүүд бүртгэгджээ. Мөн 20-оос дээш байр /орон сууц/ эзэмшдэг 23 компани байгаа бол 10-20 байр /орон сууц эзэмшдэг 40 аж ахуй нэгж байна гэж мэдээллээ.
Хамгийн сүүлийн үеийн тоо баримтаар 2015 оны I улирлын байдлаар 1 696 орон сууц эзэмшигчид шинээр бүртгүүлсэн байна. Үүнээс 73% нь Улаанбаатар хотод бүртгүүлжээ. Энэ бүгдээс үүдэн иргэн хүн хоёроос дээш тооны орон сууц худалдан авбал татвар төлдэг байхаар эрх зүйн зохицуулалт хийгдэж мэдэхээр байгаа юм.
Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульийн төслийг Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д. Дорлигжав УИХ-ын дарга З.Энболдод өргөн барив.
Энэ удаагийн хуулийн төслөөр улс орны эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг уян хатан, түргэн шуурхай, нээлттэй, боловсронгуй болгох шаардлагатай байгааг харгалзан зарчмын шинжтэй өөрчлөлтөөс гадна хуулийн 40 гаруй зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа тул Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд заасны дагуу хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа өмчийн бүх төрөл, хэлбэрийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх, эзэмших, ашиглах болон тэдгээртэй холбоотой бусад эрх нь улсын нэгдсэн бүртгэлтэй болсноор улсын хэмжээний үл хөдлөх эд хөрөнгийн статистик тоо мэдээ бүрэн гүйцэд, үнэн зөв гарахаас гадна түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой төрийн бодлого, төлөвлөлт тодорхой болно. Түүнчлэн цахим бүртгэлийн үйлчилгээ нэвтэрч эхэлснээр төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээ чирэгдэлгүй, хурдан шуурхай болж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн нэгдсэн сан бий болж, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үйлчилгээг мэргэжлийн байгууллагаар дамжуулан гүйцэтгэх, ингэснээр иргэд цаг хугацаа, үйлчилгээний зардлаа бууруулах, хууль зүйн аливаа эрсдэлээс өөрийгөө хамгаалах боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзэж байгаа юм.
За аль аль талаас нь бодох л хэрэгтэй. Гэхдээ эдийн засгийн байдал сайжирч эхэлмэгц үл хөдлөх хөрөнгийн үнэ хамгийн ихээр өсдөг гэдгийг мартаж болохгүй. Мэдээж үүний тулд хэзээд үнэ цэнээ алдахааргүй орон сууц, объектоос сонголтоо хийх нь чухал.
3. Мөнгө олох өөр арга хайгаад үзье. Мөнгөө банкинд хадгалуулах уу? Жилийн хүү нь өндөр. Болж байна аа.
Банкуудын хадгаламж өссөн үзүүлэлттэй гарч байгаа. Мэдээж энэ өсөлтөд хүү нөлөөлж байна. Үүнээс иргэд багагүй хуримтлал бий болгож чадна. Өнөөдөр манай ихэнх банкууд жилийн 15 хувийн хүүтэйгээр хадгаламж авч байгаа. Байрны урьдчилгаа мөнгөнөөс арай ахиу 60 сая төгрөгийг хадгаламжид нэг жилийн хугацаатайгаар хийлээ гэхэд 9 сая төгрөгийн хүү авах нь. Хоёр өрөө байр түрээслүүлж олсон мөнгөнөөс их байна шүү. Зарим иргэд 8 хувийн зээлд хамрагдаж ахиу мөнгө аваад түүнийгээ хадгаламжид жилийн хугацаатай хийж 15-8=7 хувийн ашиг олдог ч гэлцдэг. Нэг бодлын боломжийн арга юм аа. Тэгэхдээ бас болоогүй ээ. Үүнд бас болгоомжтой хандах нэг зүйл бий. Тэр бол манай улсад банкны нэг харилцагчийн 20 сая хүртэлх төгрөгийн хадгаламжийг даатгах хууль үйлчилдэг. Өөрөөр хэлбэл таны хуримтлалын 20 сая төгрөг л хамгаалагдаж, үлдсэн хэсэг нь муугаар хэлбэл дампуурвал зүгээр л салхинд хийснэ гэсэн үг. Хэт хаширлахаар хийх бизнес ч олдохгүй нь дээ.
4. Үнэт цаасны зах зээлийн мэдлэгтэй нэгэн нь хувьцаан дээр багагүй анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байна. Ашигтай бүхэн зохих эрсдэл дагуулах нь гарцаагүй. Зах зээлээс таны худалдан авсан хувьцааны үнэ буураад эхлэвэл та яах вэ? Өсөхийг нь хүлээх үү, эсвэл худалдах уу? Эрсдэл бага үүрэхийн тулд даруй худалдах хэрэгтэй гэж байгаа. Хэрэв та сонирхоод үзье гэвэл Монголын хөрөнгийн биржээс зохион байгуулдаг ”Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалтад хамрагдаад үз. Танд хэрэг болно. Мэдэлгээ мөнгө болгох цаг хэдийнэ болсон. Энэ бүхэн хол санагдаж байвал үүнээс илүү мөнгө олох арга бас байна.
5. Энэ бол Засгийн газрын үнэт цаас буюу бонд худалдан авах. Тэгэхээр мөнгөө өсгөх, хуримтлал үүсгэх хамгийн зөв арга бол манай өнөөгийн нөхцөлд Засгийн газрын бонд буюу өрийн бичиг худалдан авах болоод байна.
Засгийн газрын үнэт цаас нэг бүр нь 100 мянган төгрөгийн үнэлгээтэй болохоор хүссэн хүн бүр худалдан авах боломжтой. Засгийн газрын үнэт цаасны арилжааг өмнөх жилүүдэд Монголбанкнаас зохион байгуулдаг байсан. Тэр үед дөрөвхөн банкны хооронд арилжаа явагддаг, үр өргөөжийг нь банкууд хүртдэг байлаа. Өнөөдөр Монголын хөрөнгийн биржид Засгийн газрын үнэт цаасыг бүгдэд нээлттэй арилжаалж байна.
Хамгийн гол нь хугацаа богино. Гурав, зургаан сар, нэг жилийн хугацаатай. Анхдагчаас хоёрдагч зах зээл рүү нийлүүлж байна. Тэгэхээр гурван сарын хугацаатай бонд худалдаж авлаа гэхэд заавал гурван сар хадгалах албагүй гэсэн үг. Долоо хоног юм уу, хоёр сар болоод ч зарж болно. Хүү бодогдоно. Өөрөөр хэлбэл хүү нь өдрөөр бодогдоод явна гэсэн үг. Банкныхаас үүгээрээ өөр. Банкинд жилийн хугацаатай хадгаламж нээлгээд хугацаанаас нь өмнө мөнгөө авбал хүү нь буурдаг шүү дээ. Монголын хөрөнгийн бирж үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны системдээ бүрэн өөрчлөлт хийж Т+1 горимд энэ оны гуравдугаар сарын 4-нөөс шилжээд байгаа. Үйлчлүүлэгчийн үнэт цаас худалдаж авсан, зарсан мөнгө дансанд нь гурав хоногийн дараа /Т+3/ ордрг байсныг нэг өдрийн дотор /Т+1/ ордог болгожээ.
Засгийн газрын үнэт цаасыг аливаа нэг төлбөрийн тэр дундаа тендерийн баталгаа болгож ашиглах боломжтой. Тиймээс мөнгөө өсгөж чадна гэсэн үг. Хөрөнгийн биржээр дамжуулж Засгийн газрын үнэт цаас худалдаж авсан бол үнэт цаасаа барьцаалах бас боломжтой. Цаашлаад үнэт цаасаа аж ахуйн нэгжүүд хоорондоо бэлэглэж, шилжүүлж болно. Өөр нэг давуу тал нь Засгийн газрын үнэт цаасны хүү татвараас зуун хувь чөлөөлөгддөг. Тэгэхээр энэ бүгдийг бичигч миний бие эндээс ямар ч эрсдэлийг олж харахгүй байна. Эргэцүүлээд нэг бодоод үзээрэй. Хэрэв Засгийн газрын үнэт цаас худалдан авахаар шийдсэн бол тогтвортой үйл ажиллагаа явуулж буй Үнэт цаасны компанид хандахад л болно. Идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа 62 үнэт цаасны компани бий. Танд тэд 5000 төгрөгөөр үнэт цаасны данс нээж өгөх болно. МХБ рүү ирэх шаардлагагүй.
Харин шимтгэлийн тухайд гэвэл дуулгах таатай мэдээ байна. “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хурлаар Монголын хөрөнгийн биржийн “Электрон арилжааны системийн арилжааны журам”-д өөрчлөлт оруулж, уг өөрчлөлтийг Санхүүгийн зохицуулах хороогоор батламжлуулаад байна.
Ингэснээр 2015 оны тавдугаар дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Монголын хөрөнгийн биржийн арилжаагаар хийгдэх хувьцааны арилжааны шимтгэлийн хувь хэмжээг гүйлгээний үнийн дүнг үл харгалзан 2015 оны наймдугаар сарын 15-ны өдрийг хүртэл түр хугацаанд 0.15 хувь болгон бууруулан тооцох юм. За арай энгийнээр тайлбарлавал Засгийн газрын үнэт цаас худалдан авсан, зарсан тохиолдолд мөнгөн дүнгээс хамааран 0,4 хүртэлх хувийн шимтгэл авдаг байсныг хэмжээ харгалзахгүй жигд 0,15 хувь болгон буурууллаа гэсэн үг.
Зах зээлийн өнөөгийн нөхцөл байдалд тохируулан авч буй энэхүү арга хэмжээ нь үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалт хийх зардлыг бууруулах, мэргэжлийн байгууллагууд болон хөрөнгө оруулагчдыг дэмжихэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Эх сурвалж: "БИЗНЕСИЙН МЭДЭЭ" сонин
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...