Гиннесийн дээд амжилтын ном гэж хэн бүхний мэддэг алдартай ном бий. Энд дэлхийн хүн, амьтны тогтоосон дээд амжилтыг бүртгэн баталгаажуулж байдаг. Анх 1955 хэвлэгдэн гарсан уг ном хүн төрөлхтөний хүүж бүтээсэн төрөл бүрийн дээд амжилтыг олж тогтоон олонд таниулан алдаршуулах зорилготой байжээ. Үүнд орсон хүмүүс хийгээд байгууллага хамт олон цаашлаад улс орны нэр хүнд дээшилдэг.
Өнөөдөр Гиннесийн номонд хүн төрөлхтөнд хэрэгтэй, сайн сайхны төлөө шинжлэх ухааны олон салбаруудад хийсэн /санаатай болон санаандгүй/ дээд амжилтуудаас гадна хувь хүний биологийн биеийн чадавх чадамжаас эхлүүлээд ямар ч хэрэггүй гаж, солиотой гэмээр амжилтууд ч байдаг болсон.
Энэхүү байдал нь хүмүүсийг санаатайгаар Гиннесийн номонд орохын тулд инээдтэй, солиотой гажиг үйлдлүүдийг хийхэд хүргэх болжээ.
Ингээд сонирхолтой, солиотой, инээдтэй Гиннесийн зарим дээд амжилтыг сонирхуулъя.
Хамгийн том сонгино
Хойд Англид амьдардаг Пит Глэйзбрук Гиннесийн номд орох дэлхийн хамгийн том сонгино ургуулжээ. Тэрээр 2011 оны есдүгээр сард 9 кг жинтэй сонгино хураан авчээ.
Нэг цаг хугацаанд хамгийн олон хүн нүүрний маск тавьсан
2013 оны долоодугаар сарын 28-нд Тайваньд 1,213 хүн 10 минутын турш нэгэн зэрэг нүүрний маск тавьж Гиннесийн дээд амжилтыг тогтоосон банйа.
Хамгийн урт хумстай /гарын/ хүн
Дэлхийн хамгийн урт хумстайгаар шалгарч Гиннесийн дээд амжилтыг эзэмшсэн хүн бол 45 настай Кристин «Гүн» Уолтон аж. Түүний хумсыг 2011 онд Нью-Йоркод хэмжихэд гарынх нь 309.8 см, баруун гарын 292.1 см нийт 601.9 см-т хүрсэн байжээ. Тэр хумсаа 1990 оноос хойш бюу 18 жилийн турш ургуулж энэхүү амжилтыг тогтоожээ.
Нэг цаг хугацаанд хамгийн олон хүн цагариг эргүүлсэн.
2013 оны 2-р сард Бангконгийн Таммасат их сургуулийн стадионд 4,483 хүн нэгэн зэрэг 7 минутын турш цагариг бүсэлхийгээрээ эргүүлжээ. Ингэснээр энэ төрлийн Гиннесийн дээд амжилтыг тогтоосон байна.
Биен дээрээ хамгийн олон халбага тогтоосон хүн
.
Гиннесийн дээд амжилтын номонд "Биен дээрээ хамгийн олон халбага тогтоосон хүн" номинацийг Гүржийн 39 настай Этибар Эльчиев гэгч эзэмшдэг. Тэрээр 2011 оны арванхоёрдугаар сард Тбилист биен дээрээ 50 халбага соронздон тогтоож өөрийн амжилтыг шинэчилж байжээ.
Ямар ч хувцасгүйгээр цасан хунгарт суух.
Хятадын иргэн Жин Сунхао ямар ч хувцасггүйгээр цасан хунгарт сууж дээд амжилтыг тогтоон Гиннесийн номонд бичигджээ. Тэр 2011 оны арваннэгдүгээр сард 46 минут 7 секундын турш цасан дунд суужээ.
Дэлхийн хамгийн том кантоны хуурсан будааны хоол.
Коста-Рикод 2013 оны хоёрдугаар сард 52 тогооч кантоны хуурсан цагаан будаагаар дэлхийн хамгийн том хоолны порцыг бэлтгэжээ. Бараг 1.3 мянган кг уг хоол 7000 хүнийг хангалттай хооллосон байна.
Гурван цахилгаан хөрөөгөөр жоглёрдсон амжилт
Словакийн Милан Роскопф гэгч 2009 оны зургаадугаар сард асаалттай гурван цахилгаан хөрөөгөөр 62 удаа жонглёрдон өөрийн тогтоосон өмнөх амжилтыг эвдэн Гиннесийн дээд амжилтаа шинэчилжээ. Тэрбээр өмнө 35 удаа жонглёрдож байжээ.
Майхнаар бүтээсэн хамгийн урт пазле
Гиннесийн номны шинэ категор "Майхнаар бүтээсэн дэлхийн хамгийн том пазле"-ийн амжилтыг Хятадын Шандун мужийн Циндао хотын наран шарлагын газар 2012 оны 10-р сард тогтоожээ. Лууг дүрсэлсэн 900 майхан байсан гэнэ.
Дэлхийн хамгийн өндөр үс засалт
Японы загвар өмсөгч, дизайнер Казухиро Ватанабэ дэлхийн хамгийн өндөр босоо /мохавк-индианёуудын загвар/ үс засалттай хүн юм. 113.5 см өндөр үстэй тэрээр 2012 оны 9-р сард Гиннесийн дээд амжилтын батламжаа гардсан байна.
Тэр үсээ энэ хүртэл ургуулахад 15 жилийн хугацаа зарцуулжээ. Өмнөх дээд амжилтыг /80 см/ мохавкаар Германы Стефан Срока эзэмшдэг байжээ.
Хамгийн том төрийн далбаа
Румынд Бухарест хотын Клинченид үйлдвэрлэсэн дэлхийн хамгийн том төрийн далбааг 2013 оны тавдугаар сарын 27-нд дэлгэн харуулжээ. Түүний хэмжээ 350х227 метр байжээ. Энэ нь хэвийн хэмжээнээс 100 гаруй дахин том гэсэн үг аж. Үүнийг оёход 70 км утас хэрэглэсэн гэнэ.
Өмнөх дээд амжилтыг Леванчууд эзэмшиж байжээ.
Хүнээр бүтээсэн дэлхийн хамгийн том төрийн далбаа
Харин Энэтхэг улс 2014 оны 12 сарын 7-нд 43,830 хүнээр дэлхийн хамгийн том төрийн далбааг бүтээн Гиннесийн дээд амжилтыг тогтоожээ.
Өмнөх дээд амжилтыг Балбачууд Катмандуд 35,000 хүнээр, түүний өмнө Пакистанчууд Лахорт 28,957 хүнээр, Багладеш 27,000 хүнээр тус тус тогтоон Гиннесийн дээд амжилтыг эзэмшиж байжээ.
Хөрш зэргэлдээ орнууд ийнхүү өрсөлдөж байжээ.
Дэлхийн хамгийн том аквариум
Далайн амьдралын харуулсан дэлхийн хамгийн том аквариум Сингапурын аялал жууулчлалын Сентоза арал дээр 2012 оны 11 сарын 2-нд нээгджээ. Нийт 8 га талбайг хамарсан "Далайн амьдрал" буюу "S.E.A. Aquarium" парк.
Тус аквариум 49 амьдрах орчин бүхий 10 бүстэй бөгөөд 45 сая литр усны багтаамжтай, 800 гаруй зүйлийн 100 мянган гаруй амьтан байдаг аж. Хамгийн том нийлэг хавтангаар хийгдсэн аквариум.
Хийлдэг сумогийн хувцас өмсөн хамгийн олон хүн оролцсон уралдаан.
2010 оны зун Лондон хотын Баттерси паркад хийлдэг сумогийн өмсгөл өмссөн хамгийн олон хүн оролцсон тэмцээн болжээ. "Сумочид" 5 км зайд уралдсан байна. Тэд Сахарын Африкийн боловсролын санхүүжилтэнд зориулсан цогц арга хэмжээний хүрээнд энэхүү арга хэмжээг зохион байгуулсан байна.
Мөн үүгээрээ бас Гиннесийн дээд амжилтад бүртгүүлсэн байна.
Хамгийн том аяллын чемодан.
Гуанжоу хотод Хятадын экспортын барааны яармаг худалдааны 100 жилийн ойд зориулан аяллын том чемодан үйлдвэрлэжээ. Чемодан 180 см өндөр байсан бөгөөд 2006 онд Гиннесийн номд бүртгэсэн байна.
Дэлхийн хамгийн том дарсны хундага.
Дэлхийн хамгийн том дарсны хундагыг Marynissen Estate Winery компани 2011 оны нэгдүгээр сарын 14-нд Онтариод болдог Ниагарийн мөсөн дарсны фестивалийн үеэр танилцуулжээ. 1.2 м өндөртэй шинэ хундагыг наадамд оролцогч 30 гаруй дарс үйлдвэрлэгчдийн 27 дарсаар дүүргэжээ.
Агааарын тэнцвэрийн дэлхийн дээд амжилт
2009 оны дөрөвдүгээр сарын 25-нд Хятадын Хунань мужийн Чжанциажиэд ууланд 24 настай Самат Хасань гэдэг каскадёр агаарын тэнцвэрийн гайхамшгийг үзүүлжээ.
Тэрбээр хамгаалалтгүйгээр урьд нь хэн ч явж чадаагүй 700 м урт, 3 см-ийн диаметртэй, 39 хэмийн налуу утсан дээгүүр явж Гиннесийн дээд амжилтыг тогтоожээ.
Хамгийн олон гэрчтэй /дагалдагчтай/ хурим
Шри-Ланкийн Нисансала, Налин нарын хурим 2013 онд Негомбод болжээ. Хуримын ёслол хамгийн олон дагалдагчтай /гэрчтэй/ гэдгээрээ Гиннесийн дээд амжилтыг тогтоожээ.
Хуриманд 20 хүү /пажей/, 23 охин /букет/, 25 залуу/грумстэн/, 126 бүсгүйчүүд /сүйт бүсгүйн найз/ нийт 191 хүн хуримын гэрчээр оролцсон байна. /Манайд хуримын ийм ёслол хийдэггүй учир бүгдийг нь гэрч хэмээв./
Дөрвөн хөллөөд уралддаг 100 м-ийн уралдааны дээд амжилт
Дэлхийн хамгийн хурдан гүйгч Усайн Болт 100м-т 9.58 секунд хурдалдаг. Тэгвэл дэлхийд ялангуяа Японд нэгэн сонирхолтой 100-м-ийн уралдаан зохион байгуулдаг байна. Энэ нь дөрвөн хөллөөд уралдах тэмцээн.
Такаси Кокубу хэмээх 37 настай жүжигчин залуу уг тэмцээний аваргаар шалгарчээ.
Гэхдээ "Сармагчин гүйлт" гэдэг энэ уралдааны амжилтыг Киничи гэдэг япон хүн эзэмшдэг. Тэр Африкийн патас сармагчингуудын хөдөлгөөнийг ажиглан судалж байгаад 2013 онд 100 м-т 16.87 секунд хурдалж өмнөх өөрийн 17.23 секундын амжилтыг эвдэн Гиннесийн номд шинэчлэн бүртгүүлж байжээ.
Сонирхуулахад өндөр өсгийтөөр 100 метрт гүйх уралдааны дэлхийн дээд амжилт 14.53 секунд, Майкл Жексоны сарны явалтын /араараа явдаг/ дээд амжилт 38 секунд байдаг гэнэ.
Хамгийн чанга хуцдаг нохой
Алтан ретривейр үүлдрийн Чарли хэмээх нохой 2013 оны 3 сарын 29-нд Сидней хотод болсон Улаан өндөгний баярын шоун дээр 113.1 децибел хэмжээгээр хуцжээ. Ингэснээр Гиннесийн шинэ дээд амжилтыг тогтоон батламж авчээ.
Өмнөх дээд амжилтыг 2009 онд Лондон хотноо эзэнтэйгээ амьдардаг герман овчарк 108 децибелээр тогтоосон байжээ.
Сонирхуулахад, Америкт болсон хэн хамгийн чанга хашгирах вэ тэмцээнд 300-гаад оролцогчид оролцож тэргүүлэгчид нь 155-160 децибел дуугаар хашгирч байжээ. Энэ дууг та дэргэдээс нь сонсохын аргагүй гэнэ.
Хамгийн нимгэн бэлгэвч
2014 ХонгКонгт хэвлэлийн бага хурал дээр дэлхийн хамгийн нимгэн бэлгэвчийг үйлдвэрлэж эхэлсэн тухай мэдэгджээ. Хятадын Guangzhou Daming United Rubber Products компанийн бүтээсэн байгалийн латекс материалаар хийсэн энэхүү AONI бэлгэвч нь хэт нимгэн буюу 0.0036 см-ээр Гиннесийн дээд амжилтын номонд бүртгэгдсэн байна.
Харин өмнөх дээд амжилтыг 2012 онд гаргасан Японы "Okamoto" компанийн 0.0038 см зузаантай үйлдвэрлэсэн бэлгэвч тогтоож байжээ.
Хамгийн том бөмбөлгөн сан
Хүүхэд, залуучууд гэлтгүй томчуудын тоглох дуртай хамгийн том бөмбөлгөн сан Шанхай хотын Керри зочид буудалд 2013 оны 10 сарын 30-нд нээгджээ.
Энэхүү Гиннесийн дээд амжилтын номд бүртгэгдсэн 12.6х25 м-ийн харьцаатай бөмбөлгөн санд ойролцоогоор сая гаран бөмбөлөг байгаа гэнэ.
Хамгийн том үйсэн бөглөөний шигтгэмэл зураг
Албанийн зураач Саимир Страти 12.9х7 м харьцаатай талбайд 29,764 ширхэг өнгө бүрийн, янз бүрийн хэмжээтэй дарсны үйсэн бөглөөгөөр гитар барин тоглож байгаа Ромеог тэнгисийн дунд байгаагаар дүрслэн бүтээжээ. Энэхүү ажлаа 28 өдрийн турш өдрийн 14 цаг ажиллан байж бүтээжээ.
Тэрээр бас шүдний чигчлүүр, хадаас, шруп, багс гэх мэтээр шигтгэмэл зураг бүтээдэг авьяаслаг уран бүтээлч юм.
Шүдний чигчлүүрээр /давхиж буй морь/ хамгийн том мозайк бүтээсэн. Ойролцоогоор 1 сая шүдний чигчлүүр орсон байна. Үүгээр бас Гиннесийн дээд амжилтыг тогтоосон.
Мөн хадаасаар 8 м.кв талбай бүхий Ленорда Винчигийн хөргийг урлан бас л Гиннесийн дээд амжилтыг тогтоожээ. Хадаасны нийт жин 44 кг болжээ.
Дэлхийн хамгийн өндөр настай салса бүжигчин
Британийн Салса бүжигчин Педди Жонс, Испанийн Никотой хамтран Перугийн Лимад болсон олон улсын салса-конгрессийн үеэр болсон фестивальд салса бүжиглэжээ. Энэ арга хэмжээ 2011 оны 2 сарын 17-нд болсон юм. Тэр үед Педди 76 настай байсан аж. Ингэснээр Гиннесийн номд хамгийн өндөр настай салса бүжигчин хэмээн бичигджээ.
Дэлхийн хамгийн үнэтэй десерт
Нью-Йоркийн Serendipity-3 ресторанд "Frrrozen Haute Chocolate" хэмээх десертийг 2007 оны 11-р сарын 7-нд танилцуулсан байна. Энэхүү халуун шоколад бүхий алттай зайрмаг нь 25 мянган ам.долларын үнэтэйгээр дэлхийн хамгийн үнэтэй десерт болж дэлхийн дээд амжилтын Гиннесийн номонд бүртгэгджээ.
Энэ тамтаггүй үнэтэй /жипний үнэ/ десертэнд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн дээд зэргийн 28 төрлийн какао орсон гэнэ. Үүний 14 нь дэлхийн хамгийн үнэтэй какао аж. Мөн хүнсний 23 каратын алтан хуудас /5 гр/-ыг уг амттаны сууринд дэвсэж өгчээ. Бас нэг каратын цагаан алмаз бүхий 18 каратын алтан бугуйвчтай гэнэ.
Энэ ресторанд бас 1000 ам.долларын үнэтэй цагариган боов байдаг гэнэ.
Хамгийн удаан хугацааны гар барилт
2011 оны 1-р сард Шинэ Зеландын Аластайр Галпин, Дон Пурдон нар 33 цаг 3 минутын турш тасралтгүй гар барилцаж Дэлхийн шинэ дээд амжилтыг хоёр дахин давуулан тогтоожээ. Үүний өмнөх рекордыг Матью Росен, Жо Акерман нар 15 цаг 30 минут 45 секундээр тогтоож байжээ. Сонирхолтой нь Аластайр Галпин гэрлийн шилийг хамгийн хол түлхсэн /бөөрөнцөг түлхдэг шиг/ амжилтыг 94 фут буюу 28.65 метрээр, чанасан өндгийг хальслах /18.95 секунд/ Гиннесийн дээд амжилтыг тогтоож байжээ.
Харин хамгийн сүүлийн дээд амжилтыг Балбын нийслэл Катманду хотын Олон улс судлалын сургуулийн /коллеж/ оюутан ах дүү Диниш Тимилсина, Паван Тимилсина нар 2011 оны 3 сарын 4-6-нд тогтоосон байна. Тэд оролдлогоо 4-ний 01.00 цагаас эхэлж 6-ны 7.35 минут хүргэж 42 цаг 35 минут тасралтгүй гар барилцсан байна.
1.1 сая зөгийгөөр хийсэн "комбинзон"
2015 оны 5-р сарын 25-нд Хятадын 55 настай зөгийчин Гао Бингуо өөрийн биен дээр 1.1 сая зөгий суулган дэлхийн Гиннесийн шинэ дээд амжилтыг тогтоолоо. Зөгийн нийт жин 109.1 кг болжээ. Өмнөх амжилт нь 85.5 кг байжээ. 10,000 зөгийг нэг кг гэж үздэг байна.
Зөгийн "комбинзон"-той болоход хатан зөгийнүүдийг биен дээрээ бэхлэн тогтоосноор түүний бүлийн зөгийнүүд шавааралдан сууцгаадаг байна. Ингэснээр бүх биеийг нь бүрхдэг аж. Тэрбээр энэ амжилтаа гүйцэтгэхийн тулд 3 цаг зарцуулсан байна.
Нэг газар хамгийн олон хүнд гоо сайхны үйлчилгээ үзүүлсэн
2015 оны 05-р сарын 4-нд Хятадын Шандун мужийн Жинан хотын спортын төвд /цэнгэлдэх/ 1000 эмэгтэй 1000 үйлчлүүлэгчдээ /эмэгтэй/ 30 минутын турш нүүрний иллэг хийж өгчээ. Энэхүү үйл явдлыг Гиннесийн дээд амжилтын номд бүртгүүлэх зорилгоор зохион байгуулсан байна.