Дэлхийг тойрох нүүдлийн үзэсгэлэнгээ Монгол Улсаас эхэллээ
- schedule 2015 оны 5 сарын 5
- chat_bubble 0
БНХАУ-ын алдарт зураач Ша Ма Ла И-н уран зургийн үзэсгэлэнгээ Улаанбаатар хотноо Монголын Уран зургийн галерейд нээлээ. Дэлхийн байгаль хамгаалах сангийн үндсэн бэлгэ тэмдэг болсон “Хулсны баавгай”-н гэж хэлж болох энэхүү үзэсгэлэнг нээж ӨМӨЗО-оос Монгол Улсад сурч буй оюутнууд дэлхийд гайхагдсан морин хуур болон хуучир хөгжмөөр ая барьж сонирхууллаа.
Үзэсгэлэнг нээж зураач Ша Ма Ла И үг хэлсэн юм. Тэрбээр,
-Би Си Чуань мужаас ирсэн зураач. Танай сайхан Улаанбаатар хотод өнөөдөр хүрэлцэн ирлээ. Үзэсгэлэнг нээхэд гүн туслалцаа үзүүлсэн ерөнхий зохион байгуулагч Улаанбаатар хот дахь БНХАУ-н соёлын төв, Монголын Уран зургийн галарейн хамт олонд баярлалаа. БСШУЯ-ны төлөөлөл хүрэлцэн ирсэн байна. Үзэсгэлэнгийн нээлтэд минь ирсэнд Танд баярлалаа.
Энэ удаагийн үзэсгэлэнгээ “Хулсны баавгай”-н бүтээлээрээ гаргаж байна. Дэлхийд нэн ховордсон энэхүү амьтныг бид Хятад улсын “эрдэнэ” хэмээн нэрлэдэг. Дэлхийд 1000 гаруйхан байдаг, түүнээс 300 гаруйг нь хүн өсгөж үржүүлдэг энэ амьтан олон улсын найрамдал, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсоор ирсэн билээ. БНХАУ-ын Засгийн газраас 24 улсад эв найрамдлын бэлэг тэмдэг болгож хулсны баавгай бэлэглэсэн байдаг. Тэдгээрээс дөрвийг нь энд зурсан байгаа. Миний төрсөн нутаг Си Чуань муж бол хулсны баавгайн нутаг. Тиймээс өөрт ойр байдаг хулсны баавгайг бүх талаас нь бүрэн дүүрэн харуулж зурлаа. Ингэж зурахын тулд хулсны баавгайн амьдралтай танилцаж, урт хугацааны судалгаа хийснийг энд хэлэх хэрэгтэй байх.
БНХАУ-д миний бүтээл хэдийнээ олны хүртээл болоод байна. Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр багагүй нийтлэсэн.
Би дэлхийг тойрох нүүдлийн үзэсгэлэнгээ хамгийн ойр, хөрш улс болох Монголын Улаанбаатар хотоос эхэлж байна. Энэ нь ч учир утгатай. БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад хийсэн айлчлалын үеэрээ Торгон замын эдийн засгийн бодлогыг тогтоосон. Тэр дагуу улс орноор тойрон аялж үзэсгэлэнгээ гаргах болно.
Монголд хулсны баавгайтай адил төстэй нэн ховордсон говийн бор баавгай буюу мазаалай байдаг. Би хожим мазаалай зурж уран бүтээлийнхээ санг нэмэгдүүлэх бодолтой байна. Ховордсон амьтдыг хайрлан хамгаалах сэтгэлийг уран бүтээлээрээ дамжуулан төрүүлэхийг эрмэлзэж байна гэлээ.
Д.Гантөмөр: Хүүхдүүдийг байгаль, амьтанд хайртай болгох боловсролын сургалт давхар явагдаж байгааг бид бүхэн харж, ойлгож хүндэтгэж байна
БСШУЯ-ын Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр нээлтийн ажиллагаанд оролцож үг хэллээ. Тэрбээр,
-Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдоржийн урилгаар Монгол улсад албан ёсны айлчлал хийсэн БНХАУ-ын дарга Си Зинпиний айлчлал амжилттай болж энэ хүрээнд хоёр улсын соёлын хамтын ажиллагаа урьд урьдынхаас эрчимтэй хөгжиж байна. Энэ олон талт ажиллагааны хүрээнд БНХАУ-ын алдарт зураачийн уран бүтээлийн үзэсгэлэн “Уран зургийн галарей”-д нээгдэж буйд БСШУЯ-ны зүгээс халуун талархал илэрхийлж, мэндчилгээ дэвшүүлье.
Аливаа уран бүтээл нь урлаг төдийгүй нийгэмдээ өгсөн дохио, зурвас болж байдаг. Ша Ма Ла И зураачийн бүтээлээс хүн байгалийн харилцаа, экологийн амьдрал, урлагаар дамжуулж брэнд үүсгэх менежмент хийх, цаашилвал аялал жуучлалыг хөгжүүлэх, хүүхдүүдийг байгаль, амьтанд хайртай болгох боловсролын сургалт давхар явагдаж байгааг бид бүхэн харж, ойлгож хүндэтгэж байна. Монголчууд ч гэсэн мал амьтныг өөрөө өөрсдийнхөөрөө дүрслэн зурдаг. Энд монгол адууг дурдмаар байна. Сая зураач мазаалайн тухай цухас дурдлаа. Монголын зураачид ч гэсэн дэлхийд нэн ховордсон мазаалайг уран бүтээлдээ тусгаж дэлхийгээр тойрон аялж, үзүүлж таниулах ажил дээр та бүхэнтэй хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна. Энэ тал дээр яамны зүгээс дэмжлэг үзүүлж ажиллахад бэлэн байдаг. Монгол Улсаас гараагаа эхлэж буй дэлхийд брэнд болсон Панда буюу хулсны баавгайг таниулан дэлхийг тойрох нүүдлийн үзэсгэлэнгийн ажилд тань амжилт хүсье гэлээ.
БНХАУ-ын Засгийн газар хамгийн ойр дотно харилцаатай улс оронд панда баавгайгаа бэлэглэдэг
Үзэсгэлэнгийн Ерөнхий зохион байгуулагчаар ажилласан Улаанбаатар хот дахь БНХАУ-ын Соёлын төвийн орлогч захирал Хасбагана,
-Би хувьдаа Панда баавгайн үзэсгэлэнгийн зохион байгуулагч болсонд сэтгэл хангалуун байна. Панда нь нөхөрлөлийн бэлэг тэмдэг болсон амьтан. Манай Хятад улсын Засгийн газар хамгийн ойр дотно харилцаатай улс оронд панда баавгайгаа бэлэглэдэг. Зургийн үзэсгэлэнгээ ч Монголоос эхэлж буй нь хоёр улсын нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон гүн утгыг илэрхийлж байна гэлээ.
Монголын Уран зургийн галарейгаас “Талархалын бичиг” гардууллаа
Монголын Уран зургийн галарейн зүгээс Монгол Улсад хүрэлцэн ирж үзэсгэлэнгээ гаргаж буй зураачид “Талархалын бичиг” гардууллаа. Талархалын бичигт “БНХАУ-ын Си Чуань мужийн “Урчуудын Эвлэл”-ийн хорооны дарга, Бүх Хятадын “Урчуудын Эвлэл”-ийн орлогч дарга ноён Ша Ма Ла И таныг дэлхийг тойрох нүүдлийн үзэсгэлэнгээ Монгол Улсаас эхлэж буйд талархаж, бидний цаашдын харилцаа, хамтын ажиллагаа улам батжин дэвжихийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье! Монголын уран зургийн галарейн дарга Батбаатар” гэж бичжээ.
Ийнхүү үзэсгэлэнгийн нээлт амжилттай болж өндөрлөлөө. Үзэсгэлэн тавдугаар сарын 6-ныг дуустал үргэлжлэх юм.
БНХАУ-ын алдарт зураач Ша Ма Ла И-нээс цаашдынх нь төлөвлөгөөнөөс асууж сонирхлоо.
-Та Монголд нийт хэдэн бүтээлтэй ирэв?
-Би энэ удаад 65 бүтээлтэй ирлээ. 50 гаруй нь панда бусад нь арслан, бар болон уул, усны үзэмжийн зураг байгаа. Би уул усны үзэмжийг харуулсан зураг зурах дуртай. Харин ойрын хэдэн жил дандаа Панда зурлаа.
-Та нийт хэдэн орноор явж үзэсгэлэнгээ гаргах төлөвлөгөөтэй байна..? Үүнд хэдий хэр хугацаа зарцуулах бол?
-Нийтдээ 20-иод улс оронд үзэсгэлэнгээ гаргах төлөвлөгөөтэй байна. Үүнд хоёр жил зарцуулах байх гэж тооцоолсон.
- Дараагийн үзэсгэлэнгээ аль улсад нээх гэж байна..?
- Одоогоор тодорхой болоогүй байна. Гадаадын улс оронд үзэсгэлэнгээ нээхэд ярьж тохиролцох, зөвшөөрөл авах гээд олон ажил бий. Тиймээс яваандаа тодорхой болно.
Хусны баавгай Панда нь дэлхийн байгаль хамгаалах сангийн үндсэн бэлгэ тэмдэг. Панда өөрөө олон мянган үзэгч дагуулдаг. Тиймээс зураач Ша Ма Ла И-гийн үзэсгэлэнг маш олон хүн үзэж сонирхох нь гарцаагүй.
Ингээд БНХАУ-ын алдарт зураач Ша Ма Ла И-гийн уран бүтээлийн ажилд амжилт хүсье! Үзэсгэлэнг дэмжигч байгууллагаар “Солонго мэдээллийн төв”-ийнхөн ажиллалаа.
Зураач Ша Ма Ла И нь,
- БНХАУ-н Баруун Өмнөдийн Их сургуулийн орлогч захирал, докторантын удирдагч багш,
- Си Чуань мужийн “Урчуудын Эвлэл” –ийн гишүүн,
- Бүх Хятадын “Урчуудын Эвлэл”-ийн орлогч дарга,
- Си Чуань мужийн Ардын урлагийн холбооны дарга,
- Си Чуань мужийн Утга урлагийн холбооны орлогч дарга,
- Бүх Хятадын Ардын урлагийн холбооны дарга,
- Бүх Хятадын Төрийн явдалын хорооны эрдмийн зэрэг олгох, хянан зөвшөөрөх хорооны ажлын хэсгийн гишүүн,
- БНХАУ-ын “Хулсны баавгай”-н зураачдын хувьд тэргүүлэгч зураач юм.
БНХАУ-ын алдартай зураачдын нэг бөгөөд “Хулсны баавгай”-н зургууд нь олон улсад хадгалагдаж байгаа.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...