Шатрын дэлхийн аварга монгол хүүхдүүд
- schedule 2015 оны 4 сарын 14
- chat_bubble 1
Алтан-Өлзийн Энхтуул /22 настай/ - Эмэгтэйчүүдийн Их мастер
– 2010 онд Туркийн Кайсери хотноо болсон “Сурагчдын дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээн”-ий 17 хүртлэх насанд тоглож түрүүлснээр Монголын шатарч хүүхдүүдээс анхны сурагчдын дэлхийн аварга болсон.
А.Энхтуул 2006 онд Чехийн Пардувиц хотноо болсон Өсвөрийн сурагчдын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга, 2011 оны Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнээс хүрэл медаль хүртэж байжээ. Мөн 2012 онд Вьетнамд болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж Азийн аварга болсон.
2014 оны хоёрдугаар сард Москва хотноо болсон Зүүн бүсийн шатрын холбооноос зохион байгуулсан олон улсын тойргийн тэмцээнд их мастер цолны гурав дахь нормоо биелүүлж Монголын гурав дахь (өмнөх нь Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг их мастер болсон.
Даваадэмбэрэлийн Номин-Эрдэнэ /15 настай/ - Эмэгтэйчүүдийн Их мастер
– 2010 онд Грекийн Порто Каррас хотноо болсон “Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээн”-нд 10 хүртлэх насанд /107 хүүхэд тоглосон/ тоглож 11 тавилаас 9 оноо авч түрүүлснээр Монголын шатарч хүүхдүүдээс анхны өсвөрийн дэлхийн аварга болсон.
Тэр өмнө 7-р сард БНХАУ-ын Бээжэнд болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 9 тавилаас 7 хожин түрүүлж Азийн аварга болоод байсан.
Д.Номин-Эрдэнэ 2015 оны эхэнд Унгарын Кечкемет хотноо болсон "Нappy New Year" олон улсын тэмцээнд амжилттай оролцож эмэгтэйчүүдийн их мастерийн 3 дахь баллаа хүртэж Монголын дөрөв дэх (өмнөх нь Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, А.Энхтуул) их мастер болсон.
Сумъяагийн Билгүүн /18 настай/, ФМ
- 2011 онд Туркийн Анталия хотноо болсон “Сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-ний эрэгтэй ангилалд тоглон 9 өргөөс 7.5 оноогоор түрүүлж 14 настайдаа Сонирхогчдын дэлхийн аварга болсон.
С.Билгүүн 2012 онд Энэтхэг Дели хотноо болсон Азийн сурагчдын аварга шалгаруулах шатрын тэмцээн U15 насны ангилалын рапидын төрөлд түрүүлж Азийн аварга болсон.
Баярын Ану /21 настай/, ФМЭ
– 2011 онд Туркийн Анталия хотноо болсон “Сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-ний эмэгтэй ангилалд тоглон 9 өргөөс 5 оноогоор түрүүлж 18 настайдаа сонирхогчдын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга болсон. /Эрэгтэй, эмэгтэйчүүд хамт тоглосон/
Есөнтөмөрийн Төгстөмөр /9 настай/, ФДМ
- 2013 онд Грекийн Халкидики хотноо болсон “Сурагчдын дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээний 7 хүртлэх насны ангилалд тоглон 9 өргөөс 8 оноо аван түрүүлж дэлхийн аварга болсон.
Е.Төгстөмөр өмнө нь 2012 онд Шри Ланка Колумб хотноо болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 6 хүртлэх насанд 7 өргөөс 7 хожин түрүүлж Ази тивийн аварга болсон.
2014 онд Өмнөд Африкийн Дурбан хотноо болсон Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээний 8 хүртлэх насанд 11 өргөөс 9.5 оноогоор мөнгөн медаль авсан.
Баярсайханы Янжинлхам /19 настай/, ФМЭ
- 2013 онд Румыны Яси хотноо болсон Сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эмэгтэйчүүдийнхээ ангилалд түрүүлэн дэлхийн аварга болсон.
Янжинлхам 2011 онд 15 насандаа АНУ-д болсон Охидын Дэлхийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд түрүүлэн аварга болж байсан.
Гижэрийн Мөнхбаяр /16 настай/, ФМ
- 2014 онд Сингапурт болсон шатрын Сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 9 өргөөс 8 оноо авч тэргүүлэн дэлхийн аварга болсон.
Даваахүүгийн Мөнхзул
– 2014 онд Өмнөд Африкийн Дурбан хотноо явагдсан Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээний 8 хүртлэх насанд 11 өргөөс 8.5 оноо авч түрүүлэн дэлхийн аварга болсон.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...