Эх орончид ийм байдаггүй
- schedule 2015 оны 3 сарын 31
- chat_bubble 0
Эх орончид, үндсэрхэг үзэлтнүүд гэж балмад, мунхаг голдуу хүмүүс биднийг гадагшаа маш муухайгаар харагдуулж байна.
Өчигдөрхөн хэсэг залуус Бурхан халдунд аялж явсан өвөрмонгол залууг өмнөө сөхрүүлэн суулгаж байгаад, уул хад руу гарлаа гэж шоглосон зураг олон нийтэд цацагдав. Сошиал медиа бүхэлдээ тэр залуугийн зургаар дүүрчээ.
Цөс ихтэй “эх орончид” энэ үйлдлийг Бурхан халдун дээр гадаадынхан гарч, мөргөж болохгүй, удахгүй Алтан овоон дээр хүүхнүүд гарах нь дутаж, хятадууд аягүй бол дараа хүрз бариад орж ирнэ гэхчлэн саамширч байна. Хятад хүний шаахайн мөр уулын оргилд байтугай бэлд нь ч хүрэх ёсгүй л гэнэ. Ер нь их юм бичжээ.
Гадны хөрөнгө оруулагчидтайгаа гар барьж ч амжилгүй үргээж орхисон хийрхэгчид одоо хилээрээ нэг ч хүн алхуулахгүй гэж хашхирч мэдэхээр байна. Хашхирч орилсон орилоогүй энэ мэт үйлдэл, туйлширсан үзэл бодлууд нь Монголыг гадагшаа хамгийн болхи бүдүүлэг байдлаар харуулж байгаа. Монголчууд өвөрмонгол залууг барьж, залхаасан зураг хятад, өвөрмонголчуудын ашигладаг дотоод цахим сүлжээ /wechat/-нд бүхэлдээ тархсан тухай хүмүүс бичиж байна. Эндээс их эвгүй сэдэл төрөх магадлалтай. Бас гадагшаа цацагдсан ганц энэ зурагнаас болоод Монголд жуулчлах хүмүүсийн тоо буурах тун магадлалтай.
Тэнэг байхыг эх оронч гэдэггүй. Бурхан халдунд, Алтай таван богдод, өөр өндөр уул оргилд жуулчид, гадныхан аялж л байдаг. Хэрэв нарийн ярих юм бол энд хүн гаргах, гаргахгүй ууландаа харуул хамгаалалт, тэмдэг тэмдэглэгээгээ ягштал байрлуулж, ажиллуулах асуудал хөндөгдөх болохоос ууланд гарсан жуулчин хятад байна уу, орос байна уу, тэднийг хэн тааралдсан цөс ихтэй хэн нэг монгол нь сөхрүүлж суулгаад, доромжлох бол арчаагүй арга. Хүн дээрэлхэснээрээ эх орондоо хайртай болчихгүй.
Тэнэг байхыг эх оронч гэдэггүй. Монгол хүн явж байна гээд гадны улс оронд өөрийг чинь барьж хориод, айлгаж ичээгээд байвал ямар байх билээ.
Ингэхэд, монгол хүн явж байна гээд гадны улс оронд өөрийг чинь барьж хориод, айлгаж ичээгээд байвал ямар байх билээ. Журам зөрчсөн, хориотой газар аялсан, эсвэл зорилго нь сөрөг үр дагавартай бол хэн нэгэн хариуцсан байгууллага, хүн нь арга хэмжээ авна уу гэхээс монголчууд шиг “Би эх оронч нь байна аа” гээд өвдөглүүлж суулгадаг өөр улс манайхаас бусад газарт байхгүй байх.
Хамгийн өндөр, дэлхийд ганцхан байдаг уул гээд Эверестэд гарсан уулчдыг түвдүүд барьж хүлж, зодоод байвал яах вэ гэж нэгэн жиргээч бичсэн байсан. Энэ бараг агаар нэг ойлголт. Тэнд очиж болох бүс, очиж болохгүй бүс бий. Тэр нь хамгаалдаг, хэлдэг хүнтэй, хаягтай.
Тэрнээс монгол шиг дүрэмгүй улс ховордсон. Бас Монгол шиг нэг хэсэг нь эх оронч-үндсэрхэг үзэлтнүүд, нөгөө хэсэг нь тэрслүү, эх орондоо "хайргүй" хүмүүс гэж хоёр хуваагдсан улсыг XXI зууны соёл иргэншлээс хайж олох амаргүй болсон байх.
Монголоор л нэг өөрийгөө мартаж, "эх орон минь" гэж цээж дэлдэж, тэмцэлд уриалсан хүмүүс. Худлаа л байдаг байхгүй юу, бодит амьдрал дээр бол...
Б.БАЯСАХ
Эх сурвалж: WWW.NEWS.MN
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...