Эмгэнэл - Улсын гарьд, МУГТ П.Сүхбат
- schedule 2015 оны 3 сарын 31
- chat_bubble 0
ЭМГЭНЭЛ
ДАШТ-ний хүрэл медальт, Азийн наадмын аварга,
Гавьяат тамирчин, Улсын гарьд Пунцагийн Сүхбат
/1964-2015/
Чөлөөт бөхийн нэрт тамирчин, ДАШТ-ний хүрэл медальт, Азийн наадмын болон тивийн аварга шалгаруулах тэмцээний аварга, Улсын гарьд Пунцагийн Сүхбат 2015 оны гуравдугаар сарын 29-ний өдөр зуурдаар нас барж чөлөөт бөхийн спортод хүнд гарз учирсанд түүний ар гэр, үр хүүхэд, ач зээ, ахан дүүс, хамаатан саданд бид гүн эмгэнэлээ илэрхийлж байна.
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул П.Сүхбат нь 1964 онд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрж 1982 онд ерөнхий боловсролын сургууль төгсөж МУБИС-ийн Биеийн тамирийн дээд сургуулийг дүүргэж биеийн тамирийн багшийн мэргэжил эзэмшсэн юм. Зодог тайлсны дараа чөлөөт бөхийн дасгалжуулагч, аж ахуйн ажил эрхэлж байлаа.
1979 оноос Налайх дүүрэгт Гавьяат дасгалжуулагч Д.Адьяатөмөрийн удирдлага дор чөлөөт бөхийн спортоор хичээллэж 1982-1995 онуудад чөлөөт бөхийн улсын шигшээ багийн тамирчин байсан. 1983 онд спортын мастер, 1987 онд олон улсын хэмжээний мастер цол хүртэж чөлөөт бөхийн дэвжээг олон жилийн туршид чимж Бүх ард түмний спартакиадаас алт, мөнгө, УАШТ-нээс 7 алт, 3 мөнгөн медаль хүртэж байсан гайхамшигт бөх байсан юм.
Эх орноо төлөөлөн Зуны олимпийн наадамд хоёр удаа оролцохдоо 1988 онд БНСУ-ын Сөүл хотод Ү байр, 1992 онд Испани улсын Барселон хотод IҮ байр эзэлж ДАШТ-нд 1986, 1989-1991, 1996 онуудад 5 удаа оролцохдоо 1990 онд Япон улсын Токио хотод болсон ДАШТ-нээс 80 кг-ын жинд хүрэл медаль хүртэж байжээ. 1987 онд Улаанбаатар хотод болсон Дэлхийн цомын төлөө тэмцээнээс мөнгө, 1990 онд БНХАУ-ын Бээжин хотод болсон Азийн наадмаас алт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, хошой алтан медаль хүртэж байжээ.
Олон улсын “Интернациональ” тэмцээнд 1989-1991, 1993 онуудад 4 удаа түрүүлж 1984 онд Унгар улсын Будапешт хотод болсон социалист орны залуучуудын “Нөхөрлөл” тэмцээнээс мөнгө, “Динамо” нийгэмлэгүүдийн спартакиадаас алт, Афганистан улсад болдог олон улсын тэмцээнээс 1985 онд алт, ОХУ-ын Буриад улсад болдог олон улсын тэмцээнээс 1985, 1988 онуудад хошой алт, Унгар улсад болдог олон улсын тэмцээнээс хошой мөнгө, Болгар улсад болдог Дан Коловын нэрэмжит олон улсын тэмцээнээс 1989 онд хүрэл, Гүрж улсын Тбилис хотод болдог олон улсын тэмцээнээс хүрэл, Узбек улсад болдог олон улсын тэмцээнээс мөнгөн медаль авч байжээ.
Түүний спортын талбарт гаргаж байсан өндөр амжилтыг үнэлж “Биеийн тамир спортын тэргүүний ажилтан” цол тэмдэг, МҮОХ-ны “Алтан медаль”, ойн медалиудаар урамшуулж 1991 онд Гавьяат тамирчин цолоор шагнаж байжээ.
Монголын ард түмний хайртай бөх П.Сүхбатын маань гаргаж байсан спортын гарамгай амжилт дэлхийн болон монголын чөлөөт бөхийн түүхэнд мөнхрөн үлдэж хойч үеийн залуучуудад бахархан дууриах үлгэр жишээ болж байх болно. Түүний инээмсэглэл дүүрэн нүүр царай, даруу төлөв зан, уран хурц барилдаан бидний зүрх сэтгэлд үүрд хадгалагдах болно.
Монголын чөлөөт бөхийн холбоо
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...