Монголын сэтгүүлчид АСЕМ-ийн төлөө нэгэн зорилгын дор нэгдлээ
- schedule 2015 оны 3 сарын 26
- chat_bubble 0
Италийн Милан хотноо 2014 оны аравдугаар сард болсон АСЕМ-ийн дээд хэмжээний 10 дахь уулзалтаас дараагийн 11 дэх удаагийн дээд түвшний уулзалтыг Улаанбаатар хотноо 2016 онд зохион байгуулах шийдвэр гарсан билээ. Уг уулзалтад дэлхийн 53 орны төрийн тэргүүн, Засгийн газрын төлөөлөл, сайд дарга нар хүрэлцэн ирэх бөгөөд Монгол Улс олон улсын хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдээр дамжин дэлхий нийтийн анхаарлын төвд орох гэж байна.
Энэ чухал үйл явдлыг угтан Улаанбаатарт 2016 онд болох АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад бэлтгэж, эх орноо сурталчлах ажилд Монголын сэтгүүлчид өнөөдрөөс хүчээ нэгтгэн нэгэн зүгт харж, хамтран ажиллахаар боллоо. Үүнд зориулсан хэвлэлийн бага хурлыг АСЕМ-ийн уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны асуудал хариуцсан ажлын хэсгээс эрхлэн өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд зохион байгуулав.
Хэвлэлийн бага хуралд ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, мэдээллийн газар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, МҮОНТ, МОНЦАМЭ агентлаг, Өдөр тутмын сонины холбоо, Монголын сайтын холбоо, Мэдээллийн тэргүүлэгч сайтуудын холбоо, Мэдээллийн сайтуудын ассоциац, Монголын телевизүүдийн холбоо, “Монгол масс медиа” ХХК, АСЕМ-ийн өмнөх уулзалтуудыг сурвалжилж байсан сэтгүүлчдийн баг, бүрэлдэхүүн болон хэвлэл, мэдээллийн нийт хэрэгслүүдийн төлөөлөл оролцов.
Хэвлэл, мэдээллийн олон байгууллага, холбоод, сэтгүүлчид нэгэн санаа зорилготойгоор, нэг үйл хэргийн төлөө, нэг чигт харж ажиллахаар цугларч, нэгдсэн уриалгад хүрснээрээ энэ арга хэмжээ сүүлийн олон жилд болж байгаагүй тохиолдол болсныг оролцогчид өндрөөр үнэлж байлаа.
АСЕМ-ийн уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулах Үндэсний зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны асуудал хариуцсан ажлын хэсгийн ахлагч А.Ганбаатар: -Өнөөдрийн хэвлэлийн хурлаас та бүхэн нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Монголын сэтгүүлчид 2016 оны АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад гар бие оролцож, иргэд, олон нийт, төр засаг, хувийн хэвшлийн дэмжлэгийг хэвлэл, мэдээллээр дамжуулж хүргэх болно.
Эхний удаад сэтгүүлчид нэгдлээ. Дараа нь Монголын олон нийт, олон субъектууд 2016 оны АСЕМ-ийн уулзалтад нэгдэж оролцоно гэдэгт найдаж байна. Сэтгүүлч та бүхэнд баярлалаа гэв.
“Сэтгүүлчид АСЕМ-ийн зүг хамдаа”уриалга гаргасан хэвлэл, мэдээллийн байгууллагууд ойрын үед Санамж бичигт гарын үсэг зурахаар болов.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...