Саддам Хуссейний бунханг устгажээ
- schedule 2015 оны 3 сарын 20
- chat_bubble 0
Иракын удирдагч агсан Саддам Хуссений бунхан Тикрит хотын ойролцоох “Исламын улс” бүлэглэлийн эсрэг тулаанд бараг бүхэлдээ устсан тухай “АП” агентлаг мэдээллээ. Нэгэн цагт ал-Авжа дүүргийн хамгийн тансаг нь байсан бунхан одоо дээвэр багана нь л нурж үлдсэн балгас болсныг тус агентлагийн дүрс бичлэгт үзүүлсэн байна.
Хэдийгээр сунни исламчуудын их удирдагчийн бунхан устсан ч гэлээ Саддам Хуссейний цогцсыг өөр газарт шилжүүлсэн хэмээн үзэж байгаа аж. Америкийн хүчнийхэн Тикрит хотоос гаралтай Саддам Хуссейнийг 2003 онд баривчилсан юм. Иракын шүүх түүнийг курдууд болон шиа исламчуудыг олноор хөнөөж хүнийг эрхийг зөрчсөн хэмээн буруутгаж 2006 онд дүүжилж хөнөөсөн билээ. Түүний цогцсыг 2007 оноос хойш Тикрит хот дахь бунханд нь хадгалж байсан юм.
Тикрит хотод Саддам Хуссений бунхан байсан нь “Исламын улс” тэнд олноор бөөгнөрөх бас нэгэн шалтгаан болсон хэмээн Иракын холбогдох албаныхан ярьжээ.
Ираны дэмжлэгтэй Шиа цэргүүд болон Иракын хүчнүүд хамтран хэт даврагч “Исламын улс”-тай байлдаж Тикрит хотыг эргүүлэн авахыг оролдож байгаа юм. Тикрит хотын хойд, өмнөд хэсэгт довтолж буй Иракын хүчин 48 цагийн дотор хотын төвийг эзлэн авна хэмээн мэдээлж байна. Исламын улс бүлэглэл өнгөрсөн зургаадугаар сард Тикрит хотыг эзэлсэн бөгөөд олон зуун дайчдаараа хотыг мануулж байсан юм. Мосулын дараа орох хоёр дахь том хотыг буцааж авах байлдаанд 20 мянган шиа цэргүүд болон Иракын 3000 цэрэг оролцож байгаа аж.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...