Албан тушаалын гэмт хэргийн улмаас 61 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
- schedule 2015 оны 3 сарын 3
- chat_bubble 0
Авилгатай тэмцэх газар 2014 онд авилгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг судалгааны үр дүнд суурилан хэрэгжүүлэх, албан тушаалтны ашиг сонирхлын зөрчилгүйгээ илэрхийлдэг мэдэгдлийг тухай бүрт нь гаргадаг дадлыг хэвшүүлэх, хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн цахим бүрдүүлэлтийг төгөлдөржүүлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн, хуульч шуурхай ажиллагааг эрхэмлэж, авилгын гэмт хэргийн илрүүлэлт, мөрдөн байцаалтын үр дүнг нэмэгдүүлэх, авилгын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих хуулиар хүлээсэн үндсэн чиг үүрэг, зорилго, зорилтоо хэрэгжүүлэхэд анхаарч ажилласан талаар тус газрын албаны хүн хэллээ.
Иргэдийн дунд “Улс төрийн захиалгаар хүн хэлмэгдүүлдэг” гэсэн нэр хоч зүүгээд байгаа тус газар өнгөрсөн онд хуульд заасан ажлаа л хийсэн юм. Тухайлбал иргэд, улстөрчид АТГ-т гомдол гаргаж хэн нэгнийг шалгуулахад нөгөө нь “улс төрийн захиалгаар хэлмэгдүүллээ” хэмээн сенсаац дэгдээдэг нь зуршил болсон.
ТӨРИЙН 124 БАЙГУУЛЛАГЫН АВИЛГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ҮНЭЛЭВ
АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс авилгын хор аюулыг нийгмийн бүхий л хүрээнд ухуулан таниулах чиглэлээр олон ажил хийжээ. Тухайлбал, оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурал, парламентын мэтгэлцээн, “Төр түмэн нүдтэй” цуврал баримтат нэвтрүүлэг, олон тооны гарын авлага боловсруулжээ.
Төрийн байгууллагуудын авилгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааг үнэлэх аргачлалыг улам боловсронгуй болгосноор авилгаас урьдчилан сэргийлэх ажилд иргэдийг татан оролцуулах, хяналт тавих боломж бүрдүүлжээ. Өнгөрсөн онд үнэлгээнд УИХ-аас байгуулагддаг долоон байгууллага, 16 яам, Засгийн газрын 26 агентлаг, 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 44 хуулийн этгээд, нийт 124 байгууллага хамрагдаж, улсын дундаж үнэлгээ 60 хувьтай байгаа хувиар нэмэгдсэн эерэг үзүүлэлттэй гарсан гэнэ.
Авилгын эсрэг үйл ажиллагааны үнэлгээний дүнтэй холбогдуулан Баянхонгор, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл аймгийн 123 суманд авилгын эсрэг үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх зорилгоор АТГ-ынхан ажиллах явцдаа төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулах, хуулиар хориглосон хандив зохион байгуулах, хууль тогтоомжоор тогтоосноос бусад нэмэлт төлбөр хураамж тогтоох, давхар ажил эрхлэлттэй холбогдох хязгаарлалт, “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-ыг зөрчих асуудал нийтлэг байгааг илрүүлж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авчээ.
771 АЛБАН ТУШААЛТНЫ ТОМИЛГООГ ХҮЧИНГҮЙ БОЛГОВ
Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ өнгөрсөн онд 266 өндөр албан тушаалтан АТГ-т гаргаж бүртгүүлсэн байна. Харин улсын хэмжээнд төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны 112 байгууллагын 51579 албан хаагч мэдүүлэг 99.99 хувь нь гаргасан аж. Мэдүүлгээ гаргаж өгөөгүй, хугацаа хожимдуулсан мэдүүлэг гаргагчдад авилгын эсрэг хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцуулсан аж. Ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хуулийг зөрчсөн асуудлаар нийт 344 өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авснаас 310-ыг нь хянан шийдвэрлэж, зөрчлийг арилгуулжээ.
Хяналт шалгалтын чиглэлээр 2528 мэдүүлэг гаргагчийн 2012, 2013 оны мэдүүлэгт хяналт хийж, мэдүүлгээ хуульд заасан хугацаандаа мэдүүлээгүй, хожимдуулж мэдүүлсэн 260 албан тушаалтанд сахилгын арга хэмжээг авахуулж, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулалгүй томилогдсон 771 албан тушаалтны томилгоог хүчингүй болгуулжээ.
Мэдүүлгийн хяналт шалгалтын дүнгээр хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн албан тушаалтны тоо 2013 оныхоос 54-өөр, зөрчилгүй албан тушаалтны тоо 83-аар тус тус буурсан байна. Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 2736 мэдүүлгээр буюу 26,4 хувиар нэмэгдсэн нь хяналт шалгалтын ажлын ачаалал төдий хэмжээгээр нэмэгдсэнийг харуулж байгаа юм.
МӨРДӨН БАЙЦААЛТЫН ШАТАНД 4 ТЭРБУМ 858 САЯ ТӨГРӨГИЙН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЖЭЭ
Хэвлэл мэдээллийнхэн төдийгүй иргэдийн анхаарлыг татаж байдаг зүйл бол АТГ-т шалгаж буй хэрэг. Тус газар 2014 онд 781 гомдол, мэдээлэл хүлээн авснаас 498 нь гэмт хэргийн шинжтэй байжээ. Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад 18 хувиар өсжээ. Хуульд заасан харьяаллын 598 холбогдогч, 721 үйлдэлтэй 239 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалт явуулсан нь 2013 оны мөн үетэй харьцуулахад 27.8 хувиар өссөн байна.
Мөрдөн шалгасан эрүүгийн хэргийн 69-ийг буюу нийт шалгасан хэргийн 28.9 хувийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлжээ. Үүнийг өмнөх оныхтой харьцуулахад зургаан хувиар өссөн, 48 хэргийг буюу 20.1 хувийг хэрэгсэхгүй болгох саналтай шилжүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.8 хувиар буурсан аж. Тус газрын Мөрдөн шалгах албаныхан 19 хэргийг буюу 7.9 хувийг эрүүгийн хэрэгт нэгтгэж, 14 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлж, 42 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байна.
Эрүүгийн хэрэгт нийт 598 хүнийг сэжигтэн, яллагдагчаар татан шалгасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 49.5 хувиар өсөв. Хэргийн холбогдогчдыг албан тушаалын байдлаар нь авч үзвэл улс төрийн албан тушаалтан 45 буюу 7.5 хувь, төрийн захиргааны албан тушаалтан 141 буюу 23.6 хувь, төрийн тусгай 58 буюу 9.7 хувь, төрийн үйлчилгээний 48 буюу 8.0 хувь, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын албан тушаалтан 90 буюу 15.1 хувь, гадаадын иргэн ес буюу 1.5 хувийг эзэлж байна.
Гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад 61 тэрбум 145 сая 500 мянган төгрөгийн хохирол учирснаас дөрвөн тэрбум 858 сая төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлж, 17 тэрбум 355 сая 700 мянган төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн хамгаалжээ. Анхан шатны шүүхээс 18.6 тэрбум төгрөгийг улсын орлого болгох шийдвэрлэсэн байгаа юм.
2014 онд байгууллагын батлагдсан урсгал төсөв 11.843.085.700 төгрөг байсан бөгөөд тухайн жилийн төсвийн тодотголоор 45.8 сая төгрөг хасагдаж урсгал төсвийн санхүүжилт 11.797.237.800 төгрөгөөр шинэчлэн батлагдсан гүйцэтгэл нь 11.223.616.237 төгрөг байгаа ба хөрөнгө оруулалтын төсөв 3.5 тэрбум төгрөг батлагдсанаас 2.131 тэрбум төгрөгийн санхүүжилтийг авч, авилгатай тэмцэх, авилгын эсрэг үндсэн хөтөлбөрт арга хэмжээний хүрээнд байгууллагын үндсэн чиг үүргээ ханган биелүүлэх үйл ажиллагаанд зарцуулж ажиллав. Урсгал зардлаас нийт 573.621.563 төгрөг хэмнэжээ. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах бэлтгэл ажлыг бүрэн гүйцэтгэлээ.
Эх сурвалж: WWW.GOGO.MN
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...