Хамгийн өвөрмөц гүүрүүд
- schedule 2015 оны 3 сарын 3
- chat_bubble 0
Өнөө цагт гүүр, гүүр барих нь тийм ер бусын гайхалтай зүйл биш юм. Гэсэн хэдий ч улс орнууд, архитекторчид тийм жирийн нэг гүүр барихыг огтоос хүсдэггүй байна.
Тиймдээ ч анх хүний явах замыг хөнгөвчлөн байгалийн мод, олс, банзан гүүрүүд он цаг улиран өнгөрөхийн хэрээр янз бүрийн зориулалттай төрөл бүрийн материалаар олон талын ашигтай, тухайн газар орчиндоо өнгө үзэмж нэмсэн, уран нарийн загвар дизайнтай байхаар архитекторууд ур ухаанаа уралдуулах болжээ.
Ингээд хамгийн өвөрмөц гүүрүүдийг танилцуулъя.
Усан гүүр.
"Магденбургийн усан гүүр" гэж нэрлэгддэг Германы энэ гүүр дэлхийн хамгийн урт усан гүүр. Германы эдийн засгийн асар их ач холбогдолтой Эльба болон Хавел голуудын хоёр усан сувгийг холбодог. Гүүрийн урт 918 метр.
Octavio Frias de Oliveira гүүр
Octavio Frias de Oliveira гүүр бол их сонирхолтой дизайнтай гүүр. Бразилийн Сан-Паулу хотод байдаг энэ гүүр нь нийт 1600 м урттай хоёр вавхар замтай мөртлөө 138 м өндөр Х хэлбэрийн ганц тулгуур баганатай дүүжин гүүр юм.
Банпо гүүр (Banpo Bridge)
Сөүлд хотод байдаг Банпо гүүр нь маш үзэсгэлэнтэй усан оргилуурт гүүр юм. "Сарны солонго" хэмээх уг гүүрний энд тэндээс цацрах ус өнгө өнгөөр ялгардаг. Хан мөрний хоёр эргийг холбосон 1140 м урт энэ гүүр Гиннесийн дээд амжилтын номд хамгийн урт усан оргилуурт гүүр хэмээн орсон байдаг.
Занаесвиллийн Y хэлбэртэй гүүр
АНУ-ын Огайо мужийн Занесвилл хотод байдаг автомашины Y хэлбэрийн гүүр бол дэлхийн өвөрмөц хэлбэртэй гүүрүүдийн нэг. Гүүрийг Ликинг болон Макингем голуудын уулзвар дээр барих шаардлага тулгарсан туул ийм хэлбэрийг сонгосон байна.
Кикки гүүр
Дэлхийд гурвалсан буюу Y хэлбэрийн гүүр олон байдаг ч Японы Кикки хэмээх явган хүний дүүжин гүүр бусдаас онцгой. Гүүрэн дээгүүр нь явахад ямар ч дуу чимээ гардаггүй байна.
Хэликс /Helix/ гүүр
Сингапурт "Helix" гэдэг нэртэй гайхалтай өвөрмөц загвартай явган хүний гүүр байдаг. Энэ гүүрийн урт 280 м бөгөөд гүүрийн загварыг хүний ДНК дууриан хийжээ. Гүүрийн гэрэлтүүлгийг компьютерийн программаар удирддаг байна.
Хэндорсоны долгионт гүүр /Henderson Wave Bridge
Сингапурт могой мэт долгиолох ер бусын загвартай явган хүний гүүр байдаг. Гүүрийн урт нь 274 метр.
Питонбруг /Pythonbrug/ гүүр
10 гаруй жилийн трш Амстердамын оршин суугчдын нүдийг хужирлаж байгаа 90 метр урт явган хүний энэ гүүр Борнео арлыг эх газартай холбодог. Питон буюу аварга могойн нэртэй энэ гүүр юуг харагдуулах нь ойлгомжтой биз ээ.
Малайзын өндөр уулын оргилыг тойруулан хийсэн энэ "Тэнгэрийн гүүр бол аялал жуулчлалыг татах зорилгоор хийгдсэн явган хүний гүүр. Гүүрийн урт 125 метр боловч далайн түвшнээс 700 м-ийн өндөрт байрладаг. Бас нэг онцлог нь ганцхан тулгуур баганаас өндөр хавцал налууд дүүжлэгдэн байдаг нь үнэхээр ер бусын юм.
Мянганы гүүр (Gateshead Millennium Bridge)
Английн хойд хэсэгт байдаг "Мянганы гүүр" бол маш өвөрмөц загвартай сонирхолтой шийдэл бүхий дугуйтай болон явган зорчигчийн гүүр юм. Гүүрийн зүрх нь эсрэг хоёр зүгт байх хоёр ган нуман арк юм. Нэг нуман арк дээр нь зорчих зам нь байна. Нөгөө нуман арк нь хүндрүүлэгч тэнцвэржүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг байна. Голоор хөлөг онгоц явах үед нэг тал нь хүндрүүлэн замтай аркаа 25 м өндөрт өргөн нэвтрүүлдэг аж.
Aiola Island гүүр
Австрийн Граце хотод байдаг энэ гүүрийг өөрийн гэсэн аралтай хийжээ. Арал дээр баар, кафе, наран шарлагын газар, орчин тойрноо ажиглах талбай байдаг.
"Өнхөрдөг" гүүр Rolling Bridge
Хай-тек загвартай явган хүний гүүр. Жижиг суваг дээгүүр явган хүнийг гаргах зориулалттай 12 метрийн урт гүүр бүтээжээ. Харин усан сувгаар жижиг завь явах үед гүүр хураагдан дугуй хэлбэртэй болдог байна. Энэ гүүр жуулчдын сонирхолыг ихэд татдаг аж.
Чиндао-Хайван гүүр
Усан дээр байдаг дэлхийн хамгийн урт гүүр. Хятад улс 26,707 м урт гүүрийг барихад 55 тэрбум юань буюу 8.72 тэрбум ам.доллар зарцуулж 10,000 гаруй ажилчид 4 жилийн хугацаанд барьж босгожээ. Энэ гүүр нь 20111 онд нээгдсэн ба Циндао хотыг Хуандао дүүрэгтэй холбох 42 км урт замын Жиаожоу булан дээгүүр тавигдсан нэг хэсэг юм.
Банг На гүүр /Bang Na Expressway/
Банг На гүүр бол Тайландын гол замын трасс бүхий хамгийн урт гүүр. Энэ аварга олон салаа, давхар гүүрний нийт урт нь 54 км. 2010 он хүртэл газар дээрх дэлхийн хамгийн урт гүүр байсан.
Акаси-Кайкё /Akashi Kaikyo/ гүүр
Хоншю арлын Кобе хотыг бас нэгэн арал дээр байх Аваджи хоттой холбодог 1,991 метр урт дүүжин гүүр. Дүүжин гүүрний уртыг үндсэн спан /хоёр тулгуурын тундах хэсэг/-аар тодорхойлдог. Харин энэ гүүрийн нийт урт нь 3,911 м урт гэнэ.
Миио Виадак /Millau Viaduct/ гүүр
Францын өмнөд нутгийн Мио дэргэдэх Тан голын хавцал дээгүүр баригдсан 8 тулгууртай авто замын дүүжин гүүр. 343 м өндөрт байрладаг уг гүүр дэлхийн хамгийн өндөр гүүрт тооцогддог. Гүүрийн нийт урт 2,460 м. Харин хамгийн урт спан /хоёр баганын хоорондох зай/ 342м урт. 400 сая еврогийн өртөгөөр бүтсэн уг гүүрийг дөрвөн жилийн турш барьж 2004 онд нээсэн аж.
Сиднейн Харбор /Harbour/ гүүр
Сиднейн Харбор гүүр бол дэлхийн хамгийн өргөн замтай гүүр юм. Энэ гүүр Сидней хотыг боомттой холбодог ба өргөн нь 49 метр бол урт нь 1,149 метр аж. Энэ гүүр явган хүний, дугуйтай хүнд зориулсан, төмөр замын хоёр, автомашины 8 эгнээ замтай. Ган бүтэцтэй гүүрийн нийт жин 52,800 тн гэдэг.
Санкт-Петербургийн хөх /Синий/ гүүр
Хөх гүүр Гиннесийн дээд амжилтыг эзэмшдэг дэлхийн хамгийн өргөн гүүр. Мойка голын дээгүүр баригдсан гүүрийн өргөн 99.9 м гэж ярьдаг ч яг үнэндээ 97.3 урт. Гүүрийн нэг онцлог нь дээр нь Гэгээн Исаакийн талбай оршино. Тэгэхээр талбайн урттай тэнцүү гэсэн үг. Бас нэг сонирхолтой онцлог нь гүүрний өргөн нь уртаасаа бараг 3 дахин урт. Тэгэхээр дэлхийн хамгийн богино гүүрүүдийн нэг болно.
Сонирхуулахад Мойка гол дээгүүр 4 гүүр байдаг ба тэднийг улаан, ногоон, шар, хөх гэж нэрлэдэг гэнэ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...