Монгол Улс Япон Улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулав
- schedule 2015 оны 3 сарын 2
- chat_bubble 0
Монгол Улсын Засгийн газраас Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг Япон Улстай байгуулахаар хэлэлцээний баг томилон ажиллуулж, 3 жил орчим хугацаанд хэлэлцээ 7 үе шатны хэлэлцээг хийж дуусгасан билээ.
Үүнтэй холбогдуулан, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр”-т 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Токио хотноо гарын үсэг зурж, энэхүү хэлэлцээрийг байгуулсан болно.
Талуудын гарын үсэг зурсан Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн чуулганаар хэлэлцэж баталсан.
Энэхүү хэлэлцээр нь барааны худалдаа, гарал үүслийн журам, гаалийн горим, эрүүл ахуйн арга хэмжээ, худалдаан дахь техникийн саад тотгор, үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг сайжруулах, оюуны өмч, цахим худалдаа, өрсөлдөөний бодлого, маргаан шийдвэрлэх, хамтын ажиллагаа, хувь хүний шилжилт хөдөлгөөн, Засгийн газрын худалдан авалт зэрэг 17 бүлэг, 10 хавсралт, бүхий баримт бичиг юм.
Уг хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй заалтыг тусгасан тусгайлсан хэрэгжүүлэх хэлэлцээр нь энэхүү баримт бичгийн салшгүй хэсэг болно.
Манай улс Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг Япон Улстай байгуулснаар бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэн орох, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд заасан гуравдагч хөршийн бодлогыг эдийн засгийн агуулгаар баталгаажуулахад томоохон түлхэц болно гэж үзэж байна.
Японы хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр дэвшилтэт технологи, ноу-хауг монголд нэвтрүүлэх, гадаад зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн шаардлагыг дээшлүүлэх, экспортын барааны нэр төрөл олшрох, эдийн засгийг төрөлжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.
Тус хэлэлцээрийг байгуулснаар оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн, савхин эдлэл, зарим төрлийн гутал, хүнсний зарим бүтээгдэхүүн зэрэг манай экспортын бараа Японы зах зээлд хөнгөлөлттэй тарифаар илүү чөлөөтэй нэвтрэх, хоёр талын худалдаанд саад болж байгаа стандарт, техник, хорио цээрийн саад тотгорыг багасгахад хамтран ажиллах, техник туслалцаа авах, талуудын худалдааны урсгал нэмэгдэх юм.
Хэлэлцээрийн хүрээнд Талууд чөлөөт худалдааны хэлэлцээр (ЧХХ)-ийн олон улсын жишгийн дагуу тухайн оны худалдааны үнийн дүнгийн 90 гаруй хувийг импортын гаалийн тарифаас шууд болон 10 жилийн хугацаанд үе шаттайгаар чөлөөлөхөөр харилцан тохиролцсон.
Барааны ангилалаар авч үзвэл, Манай хоёр улс Дэлхийн гаалийн байгууллагын Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем (БТКУС)-ийн ангиллаар Монголын тал 97 бүлгийн 5700 орчим төрлийн бараа, Японы тал 97 бүлгийн 9300 орчим төрлийн барааны импортын гаалийн тарифыг шууд чөлөөлөх буюу 10 жилийн хугацаанд үе шаттайгаар бууруулна.
Хөдөө аж ахуй, оёмол сүлжмэл бүтээгдэхүүн, савхин эдлэл, хүнд үйлдвэрийн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг японы зах зээлд илүү хөнгөлөлттэй тарифтайгаар нийлүүлснээр хоёр талын худалдаа нэмэгдэж, үйлдвэрлэл өсч, ажлын байр шинээр нэмэгдэх боломж бүрдэж байна.
ГАДААД ХЭРГИЙН ЯАМ
ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...