Талийгаач охины төрсөн эцэг, хойд эхийг сэжигтнээр татаж, цагдан хорьжээ
- schedule 2015 оны 2 сарын 27
- chat_bubble 0
Дөрвөн настай охиныг зодож амь насыг нь хөнөөсөн хэрэг энэ сарын 21-нд Баянзүрх дүүрэгт гарсан. Олны цочирдуулсан энэ хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, ахмад Ё.Лхагвасүрэн тодруулга өгчээ.
“Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтэсийнхэн уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Талийгаач охины төрсөн эцэг болон хойд эхийг сэжигтнээр татаж, цагдан хорьсон. Амиа алдсан охины үхлийн шалтгааныг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэн өгөөд байна. Дүгнэлтүүд ихнээсээ гарч байгаа. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр охиныг хүчирхийлээгүй болох нь тогтоогдсон. Мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байгаа болохоор хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй. Явцын дунд тодорхой мэдээлэл өгөх болно” гэв.
Хэргийн талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр охины аав Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн мэргэжилтэн Т.Цогт гэгч бөгөөд Цагдаагийн байгууллагаас түүнийг ажлаас нь түтгэлзүүлэн шалгаж байгаа юм байна. Уг мэдээллийг нийтлэхдээ манай ажилтан зураг андуурч тавьсанд Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, ахмад Ё.Лхагвасүрэнгээс хүлцэл өчье.
Хэргийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон л зүйл бичиж. Харин илүү дэлгэрэнгүй процессын чанартай мэдээллийг “Өдрийн сонин”-ы сурвалжлагч Э.Хүрэлбаатар олж уншигчдад хүргэлээ. Тэрээр ингэж бичжээ.
Хамтран амьдрагч Г.Маралмаа нар энэ сарын 18-нд дөрвөн настай охиныг "Шатан дээрээс унаад ийм болчихлоо” гэсээр Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт авчирсан байна. Тухайн өдрийн жижүүр эмч н.Сувд-Эрдэнэ болон бусад эмч, сувилагч нар охиныг анхан шатны үзлэгт оруулж тархиндаа хүнд гэмтэл авсан болохыг тогтоожээ.
Мөн биеийн байдал маш тааруу, өвдөлтийн улмаас ухаан алдсан, гар хөл, тохой, нуруу, цавь гэх мэт маш олон газар хүнд мохоо зүйлээр цохисон болов уу гэмээр хөх няц болсон байжээ. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн нэгдсэн төвийн эмч нар Гэмтлийн эмч нарыг яаралтай дуудаж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна.
Тархиндаа авсан гэмтэл үхэлд хүргэсэн гэх дүгнэлт гарсан байна
Талийгаач охиныг эмнэлэгт хүргэж ирсэн Т.Цогт болон хамтран амьдрагч Г.Маралмаа нар тухайн өдөр ээлжинд гарч байсан эмч нараас “Би одоо яах юм бэ. Энэ хүүхдийг эмчлээд сэргээгээд өг л дөө. Битгий цагдаа дуудаарай” гэх мэтээр гуйж, уйлж байсан гэнэ. Тэд нэг хоногийн өмнө тус эмнэлэгт ирж охиноо үзүүлээд дараа нь ямар нэгэн муу зүйл болох юм бол ямар нэгэн хэл үг гаргахгүй гэсэн гарын үсэг зураад хэвтүүлэлгүй явсан гэнэ.
Охиноо эмнэлэгт байгааг сонсоод охины төрсөн ээж Б.Өнөржаргал ирсэн гэнэ. Гэмтлийн эмнэлгийн эмч нар ирж үзлэг хийгээд “Тархиндаа гэмтэл авч, цус харвасан байдалтай ирсэн. Цус харваад 4-5 хоносон байна. Амьдрах найдвар байхгүй болчихсон байна. Юу ч гэсэн Гэмтлийн эмнэлэгт аваачиж яаралтай тархины мэс засалд оруулах хэрэгтэй байна” гээд охиныг аваад явсан байна. Ингээд гэмтлийн эмнэлэгт аваачиж тархины мэс засал хийсэн байна.
Эмч нар “Тархиндаа хүнд гэмтэл авч, цус алдаж, цус нь нөжирсөн байна. Тархийг нээх үед нөжирсөн цусны хамт охины тархи нь гоожсон. Гоожсон тархийг таслан авсан. Одоо ямар ч найдвар байхгүй болсон. Охинтойгоо салах ёс гүйцэтгэ” гэжээ. Тархины ихэнх хэсэг нь байхгүй болсон охин гурван хоног үхэлтэй тэмцэлдсэн байна. Талийгаач охины нэг нүд нь хараатай, ам нь ангалзаж байгаад нартаас үүрд буцжээ.
Охиныг юунаас болж амиа алдсан талаар Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч нар урьдчилсан дүгнэлтийг гаргажээ. Дүгнэлтээр “Охиныг бусдад зодуулж амиа алдсан байна. Мөн тархи, болон бусад хэсэгт мохоо хатуу биетээр цохиж гэмтэл учруулсан байна. Мөн гар, хөлөндөө зөөлөн эдийн гэмтэл, хөхрөлт няцралттай байна. Тархиндаа авсан гэмтэл үхэлд хүргэжээ” гэх утга бүхий дүгнэлт гаргасан аж. Талийгаач охины бэлэг эрхтэн цавь орчимд гарсан зулгаралт, няцралт хүчирхийлүүлснээс биш зодуурынх байсан гэнэ.
Сэжигтнүүд бие биенийхээ эсрэг мэдүүлэг өгчээ
Дөрвөн настай охиноо зодож амь насыг нь хөнөөсөн хэрэгт сэжиглэн аав Т.Цогт болон түүний хамтран амьдрагч Г.Маралмаа нарыг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийнхан шалгаж байгаа юм байна. Т.Цогт, Г.Маралмаа нараас хэргийн талаар мэдүүлэг авсан байна. Албаны эх сурвалжийн онцолж буйгаар сэжигтнүүд бие биенийхээ эсрэг мэдүүлэг өгсөн байна. Г.Маралмаа “Т.Цогт охиноо ээж дээрээ очно гэж уйлаад байхаар зодсон. Аймаар зодоод байхаар нь би очиж салгасан” гэх утга бүхий мэдүүлэг өгсөн гэнэ. Харин Т.Цогт “Миний хамтран амьдрагч Г.Маралмаа намайг эзгүй байхад зодсон байсан. Охиныг минь зодож, загнаж, хоол унд өгөхгүй, бие засуулахгүй хорьдог байсан” гэжээ.
Охины ээж саажилт өвчтэй гэнэ
Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээч мэргэжилтэй Т.Цогт талийгаач охины ээж Б.Өнөржаргалтай таван жилийн өмнөөс хамтран амьдрах болжээ. Тэд дөрвөн жил орчим хамтран амьдарч, охинтой болжээ. Талийгаач охины ээж Б.Өнөржаргал хэдэн жилийн өмнөөс саажилт өвчтэй болсон юм байна. Өвчний улмаас бусдын асаргаанд гэртээ байдаг болсон гэнэ. Өвчнөө эдгээх гэхээр гадаадын орнуудад очих шаардлагатай, их хэмжээний мөнгө хэрэг болсон учир эмчилгээ хийлгэж чадахгүй байсан аж.
Харин Т.Цогт Г.Маралмаатай танилцаж хоёр жил гаруй болсон байна. Өнгөрсөн жил эхнэр хүүхдээ орхин Г.Маралмаатай Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд ШУТИС-ийн харьяа КТМС сургуулийн хажуухан талд нийтийн байр хөлслөн амьдрах болжээ. Тэд өнгөрсөн оны есдүгээр сард Б.Өнөржаргалын гэрт очиж, “Хүүхдээ өөр дээрээ өсгөнө. Хүүхдээ харах нь битгий хэл өөрийгөө ч харж чадахгүй болсон болохоор охиныхоо ирээдүйг бод” гээд талийгаач О-г аваад явсан байна. Хааяа охин дээрээ очдог боловч олигтой уулзаж чаддаггүй байсан гэнэ. Ингээд хэрэг гарахаас гурав хоногийн өмнө аав, хойд ээж нарын зөвшөөрлийн дагуу хоёр хоног охинтойгоо хамт хоносон байна. Хохирогч Б.Өнөржаргал эдгэрэхгүй өвчтэй болсон учир ирээдүйг нь бодож охиноо аав, хойд ээж нарт өгөх шийд гаргасан бололтой. Мөн Т.Цогтын дарамт шахалт ч нөлөөлсөн гэж түүний ойр тойрны хүмүүс хэлж байна лээ.
Талийгаач охин ээж дээрээ очно гэж уйлснаас зодуулсан бололтой
Энэ сарын 10-нд талийгаач охины ээж Т.Цогт, Г.Маралмаа нарын амьдарч байгаа гэрт очиж охинтойгоо хоёр хоног байхаар зөвшөөрөл аваад гэртээ аваачсан гэнэ. Ингээд энэ сарын 12-ны шөнө эргүүлэн аав дээр нь хүргэж өгсөн байна. Талийгаач охин хамгийн сүүлд “Ээжээ би аав дээр дахиж очихгүй. Тантай л хамт баймаар байна. Аав, нөгөө ээж хоёр намайг загнаад байдаг юм. Хоол өгөхгүй зөндөө өлсдөг” гэж шулганаад ээжийнхээ энгэрт бумбагар хацраа наагаад унтжээ. Гэтэл охины аав болон хойд ээж нь Б.Өнөржаргалын гар утас руу нь залгаж “Яг одоо хүүхэд авчирч өг. Чи угаасаа хүүхдээ тэжээж чадахгүй юм байж. Охиноо сайн сайхан явуулмаар байгаа бол охиноо авчирч өг” хэмээн олон удаа доромжилж, айлган сүрдүүлж ярьсан гэнэ. Тэдний дарамт шахалтад орсон ээж Б.Өнөржаргал энгэрт нь наалдан унтаж байгаа дөрвөн настай нялх охиноо шөнийн 03:00 цагт аав дээр нь аваачиж өгсөн байна. Биенээс нь бие болгон ургаж, орчлон хорвоод ээж болгон ангир уургаа амлуулсан охиноо дахиж хэзээ ч уулзахгүйгээр үхэл рүү нь явуулснаа мэдсэнгүй.
Унтаж байхад нь аав дээр нь авчирч өгснийг мэдсэн дөрвөн настай О “Ээж дээрээ очмоор байна” гээд уйлсан гэнэ. Ээжийгээ нэхэж уйллаа гээд нялх охиныг аав, хойд ээж нар нь хайр найргүй зодсон гэнэ. Т.Цогттой байр хөлслөн амьдардаг иргэдийн “Хоёрдугаар сарын 12-13-нд шилжих шөнө жаахан охины уйлах дуугарсан. Эрэгтэй хүн “Чимээгүй болохгүй бол ална шүү” гэж хашгираад байсан. Харин эмэгтэй хүн “Чи тэр ээж дээрээ очиж яадаг юм бэ. Дуугүй болохгүй бол” гэх цахиртсан дуу гарч, охины ээрэн уйлах дуу гарсан гэнэ. Гурван цаг орчим хүүхдийн уйлах дуу гарч, хүүхдийг зодох, эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоорондоо хэрэлдэх, Тэгвэл энийг ингээд алаад өгье гэх дуу гарсаар намжсан гэнэ.
Тэгээд энэ сарын 17-нд “Хүүхэд ухаан алдчихлаа" гээд яаралтай түргэн тусламж дуудаад эмнэлэг явсан байна. Талийгаач охин О-г аав, хойд ээждээ зодуулсан аврал эрэн байдаг чадлаараа хашгирч байхад нийтийн байранд амьдарч байсан 50 гаруй хүний нэг нь ч гарч ирэн тусламж үзүүлээгүй байна. Бүгд л орондоо гурван цаг гаруй охины аврал эрэн уйлахыг сонсож хэвтжээ. Харин охин “Муу хүүрийг ингээд алчихъя” гээд турьхан жаахан биеийг нь, хайр найргүй зодох аав, хойд ээж нарынхаа тэсвэрлэшгүй яргаллыг дуустал нь уйлсан байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...