Бяцхан охин аймшигт өдрүүдийг энэ байшинд өнгөрөөжээ
- schedule 2015 оны 2 сарын 26
- chat_bubble 8
Дөрвөн настай бяцхан охин төрсөн эцэг, хойд эхийнхээ гарт хэрцгийгээр амиа алдсан байж болзошгүй онц ноцтой хэрэг гарсан нь олныг цочирдуулаад байна.
Охины эцэг нь Баянзүрх дүүргийн цагдаагийн дугаар хэлтэст шинжээчээр ажилладаг Цогт гэх залуу байсан гэдгийг албаныхан хэлж байгаа юм.
Бяцхан охин учир битүүлгээр хүнд гэмтэл авах үедээ төрсөн эцэг болон хойд эхтэйгээ амьдарч байсан юм. Ингээд эмнэлэгт тав хоног ухаангүй байж байгаад энэ сарын 21-нд өөд болжээ.
Бид өчигдөр бяцхан охины амьдралынхаа сүүлийн өдрүүдийг өнгөрүүлсэн гэрт нь очсон юм. Тэр байшин нь Баянзүрх дүүргийн нэгэн гэр хороололд байрладаг аж. Тохилог хашаан дотор байрлах энэхүү байшинд хөөрхий охин төрсөн эцэг болон хойд эхийн хамт амьдарч байжээ.
Хашаанд нэг гэр цаана нь талийгаач охины амьдарч байсан хоёр давхар байшин харагдана. Нэг давхарт нь автомашины гарааж, агуулах байх бол хоёрдугаар давхрыг нь амьдрах зориулалтаар тохижуулжээ.
Гадаа хүн ирсэн чимээнээр хашаанд нь байх гэрээс нэгэн бүсгүй гарч ирж “Энэ байшинд одоогоор хүн амьдрахгүй байгаа. Өмнө нь амьдарч байсан хүүхэн залуу хоёр хүүхэдтэйгээ цагаан сарын өмнөхөн л уг байшинг түрээслэн нүүж ирсэн юм. Энэ байшингийн үндсэн эзэд нь Орбитод амьдардаг учраас байраа хоосон байлгахаар хүнд түрээслүүлдэг ч юм уу л гэж ярьж байсан юм. Нэлээд удаан эзэнгүй байсан байшин л даа. Тэгээд л саяхан хүн суулгасан нь энэ. Ийм хэрэг болсныг саяхан л сонслоо. Бид цагаан сараар хөдөө явж шинэлээд ирэхэд л ийм зүйл болсон байна. Биднийг байх үед бол хүүхэд уйлах чимээ сонсогдоогүй. Би тэдэнтэй нэг ч удаа таараагүй ээ. Хүүхэд маань л залуухан аав, ээж, охинтойгоо орж байхыг нь харсан гэсэн” хэмээн ярив.
Үүний дараа бид хөршүүдээс тэдний талаар тодруулах гэсэн “Танихгүй, мэдэхгүй байна” гэдэг хариултыг л өгч байв. Мөн хорооны ажилтнууд ч ямар нэгэн мэдээлэлгүй байлаа.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэд өмнө нь нийтийн байраар амьдарч байгаад саяхан энэхүү байшинд нүүж ирсэн гэдгийг мөн хэлж байв.
Р.Энхсайхан: Охин тархиндаа маш хүнд гэмтэл авсан байсан
Талийгаач охин эмнэлэгт хүргэгдэж ирэхдээ биеийн байдал нь ямар байсан талаар ГССҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Р.Энхсайханаас тодрууллаа.
-4 настай охин бусдад зодуулсан байдалтай эмнэлэгт хүргэгдсэн ч гэмтлээ даалгүй нас барсан хэрэг гарсан байна. Охиныг Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс танай төв рүү шилжүүлсэн гэсэн үү?
-Цагаан сарын битүүний өдөр буюу хоёрдугаар сарын 18-нд Баянзүрх дүүргийн эмнэлгээс 13.30 цагт ГССҮТ-д яаралтай дуудлага ирсэн. Бусдад зодуулсан байж болзошгүй 4 настай охин байна. Бид түүнд нарийвчилсан томографийн шинжилгээ хийгээд үүнд төрөлжсөн нарийн мэргэжлийн гэмтлийн мэс заслын мэдрэлийн эмч хэрэгтэй байна гээд манайд хандсан. Бид уг дуудлагыг 13.30 цагийн үед хүлээж аваад гавал тархины мэс заслын эмч нар очиж үзсэн. Бид эрчимт эмчилгээний эмч нартай холбоо барихад бусдад зодуулсан байдалтай ирсэн хүүхэд байна. Энэ хүүхдэд яаралтай мэс засал хийж амь насыг нь аврах шаардлагатай боллоо гэсэн. Ингээд охиныг Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс ГССҮТ рүү тээвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулсан. Энд бэлтгэл ажлаа хийн 17.00 цагийн үед охинд яаралтай мэс ажилбар хийсэн. Өмнө нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хийгдсэн эмчилгээ өвчтөний түүх байгаа.
-Охин танай эмнэлэгт ирэхдээ ямар гэмтэлтэй байсан бэ?
-Гэмтлийн хувьд үнэхээр амьдралд үл нийцэх их хэмжээний тархины бор хальсан доогуурх цус хуралттай, тархины эд их хэмжээгээр няцарсан байсан. Бид түүнийг эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн яаралтай мэс ажилбар хийсэн боловч охин нас барсан л даа.
-Охиныг Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтүүлэхээс өмнө танай төвд үзүүлсэн гэх мэдээлэл бий. Энэ үнэн үү?
-Тийм. Учир нь охиныг хоёрдугаар сарын 17-нд ГССҮТ-ийн Яаралтай тусламжаар үзүүлсэн байдаг. Яаралтай тусламжийн эмч үзээд энэ хүүхэд хэвтэж эмчлүүлэх шаардлагатай байна гэж хэлэхэд эцэг, эх нь “Ямар ч үед гомдол байхгүй. Бид хүүхдээ хэвтүүлэхгүй” гээд өргөдөл бичээд аваад явсан байдаг. Тэр өргөдлийг хуулийн байгууллагууд шалгах байх. Манай бүртгэл, архивт хадгалагдаад байж байгаа.
-Тухайн үед танай дээр ажилладаг цагдаа охины талаар бүртгэл хөтөлсөн болов уу?
-ГССҮТ дээр ажилладаг хэрэг бүртгэгч нар бүртгэсэн. Чухам яагаад эмчилгээ хийх шаардлагатай гэж байхад хуулийн байгууллага явуулсан юм. Тэр бол бидний асуудал биш.
-Охиныг үхэлд хүргэсэн шалтгааныг юутай холбоотой гэж үзэж байгаа вэ?
-Тархины амьдралд үл нийцэх хүнд гэмтэл, суурь ясны хугарал, тархины эдийн няцрал, тархины бор хальсан доорх цус хуралт, харвалтаас үүдэлтэй.
Хуулийн хүн ийм хэрэг үйлдээд зогсож байна гэдэгт бидэнд ямар ч хэлэх үг алга
Тэгвэл энэ хэрэг дээр Хүүхдийн төлөө үндэсний газрынхан ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа аж. Ингээд энэ талаар Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяагаас тодрууллаа.
-Дөрвөн настай охины амиа алдсан хэрэг дээр танай байгууллага ажлын хэсэг гарган ажиллаж байгаа гэсэн?
-Охины талаарх мэдээллийг хоёрдугаар сарын 18-нд манай 108 дугаарт түүний ээжийнх нь найз өгсөн. Энэ хүрээнд Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Баянзүрх дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төвд мэдэгдэж, мэргэжлийн чиг баримжаатай дүүргүүдийн харьяаллах газрууддаа шилжүүлсэн байгаа. Хүүхдийг ГССҮТ дээр байхад Баянзүрх дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн мэргэжилтэн Соёлоо очиж уулзсан байна. Тодорхой мэдээллүүдийг авч, хүүхдийг эмнэлэгт шилжүүлсэн, гэмт хэрэгтнүүдийг цагдаагийн байгууллага саатуулсан тухай манайд мэдэгдсэн. Бид үүнд ямар үүрэгтэй оролцох ёстой вэ гэхээр эцэг эхтэй холбоотой хүчирхийлэл, хүүүхдийн асуудлыг хуулийн хүрээнд нууцлалтай байх ёстой. Энэ хүрээнд дотооддоо ажлын хэсэг байгуулан ажиллаж, тушаал шийдвэр гарган арга хэмжээг авч ажилласан.
-Хүүхдийн төлөө үндэсний газар хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлж чадахгүй байна гэх шүүмжлэл байгаа. Та бүхэн энд ямар хариулт өгөх вэ?
-Бид аливаа нэгэн мэдээллийн дагуу ажилладаг. Мөн нөлөөллийн ажлуудыг хийж байгаа. Манай иргэдийн дунд асуудал болсон хойно л ярьдаг болчихоод байна. Ийм асуудал зөвхөн өнөөдөр болж байгаа юм биш. 4 настай охины хэргийн тухайд гэхэд л түүний аав нь буюу гэмт хэрэгтэн өөрөө Баянзүрх дүүргийн цагдаагийн шинжээч хүн байгаа юм. Өөрөө хуулийн хүн ийм хэрэг үйлдээд зогсож байна гэхээр бидэнд ямар ч хэлэх үг алга. Энэ хүүхдийн ээж /хойд ээж/ өөрөө маш их асуудалтай. Ийм ноцтой хэрэг гарч байхад, гарч болзошгүй байхад үүнийг хэнд ч хэлж, ярьдаггүй байсан байх жишээтэй. Бид үүнийг мэдээллээр л авахаас өөр арга байхгүй. 108 гэдэг утсыг ажиллуулснаар цаг хугацаа алдалгүй бид мэдээллийг авч хүүхэд эмнэлэгт хүргэгдэн энэ хүн цагдаад баригдсан асуудал бол бид хийх үүргээ гүйцэтгэж байна гэсэн үг.
-Ээж нь ямар асуудалтай юм бэ?
-Охины аав, ээж нь салсан юм билээ. Ингээд охиныг эцэг нь өөр дээрээ авсан байгаа юм. Энэ хугацаандаа охиноо хүчирхийлдэг байсан. Гэвч үүнийг процесс болсон тохиолдолд мэдэж байгаа нь харамсалтай байна. Үүнийг охины хойд ээж мэдэж байсан. Түүнд энэ талаар хууль хяналтын байгууллагад мэдэгдэх хугацаа хангалттай байсан.
-Охины төрсөн ээжтэй нь та холбоо барьсан уу?
-Манай Баянзүрх дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийн мэргэжилтэн Соёлоо ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа. Одоо мэдээллүүдээ манайх руу ирүүлж байна. Бид хүүхэд эрүүл мэндийн шаардлагаараа эмнэлэгт очсон байх ёстой, энэ хэргийг үйлдсэн хүн цагдаад очсон байх асуудал бол бидний цааш хүргэх хязгаар нь юм. Бид үүргээ гүйцэтгэсэн учраас хэрэг яаж төгсөх вэ гэдэг асуудлыг л эрэлхийлнэ.
-Энэ хэрэг дээр хэрхэн ажилласан бэ?
-Бид охиныг нас барахаас өмнө аюулгүй газарт буюу эмнэлэгт хүргэсэн. Аюултай байдлыг үүсгэсэн хүн өөрөө хорих газарт саатуулагдсан учраас бид аюул ослыг хязгаарлагдсан гэж үзэж байгаа. Энэ хүрээнд бид хүүхдийн эрүүл мэндийн асуудал дээр анхаарч ажиллаж эмч нартай холбогдох асуудлуудыг хийсэн. Бид шууд мэдээлэл цацах боломжгүй. Энэ өөрөө эрүүгийн гэмт хэрэг учраас цагдаагийн байгууллага үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгөх ёстой.
Охиныг өнөөдөр хөдөөлүүлж байна
Бид талийгаач охины төрсөн ээжтэй утсаар холбогдсон юм. Тэрээр “Охиноо маргааш /өнөөдөр/ хөдөөлүүлнэ. Гандан орж ном уншуулах, охиныхоо буяны ажлыг хийгээд гадуур явж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учраас хэвлэл мэдээллийнхэнд тодорхой нэр ус хэлж, мэдээлэл өгөхгүй байхыг цагдаагийн байгууллага болон өмгөөлөгч маань анхааруулсан. Тиймээс энэ хэрэг тодорхой болсны дараа мэдээлэл өгнө” гэлээ. Мөн энэхүү мэдээллийг цахим сүлжээнд байршуулсан түүний найзтай утсаар холбогдоход тэрээр “Цагдаагийн байгууллагаас нэмж мэдээлэл өгөхгүй байхыг сануулсан. Би өөрийн мэдэж байгаа бүхнээ л фэйсбүүк хуудастаа бичсэн” хэмээн ярьсан юм.
Энэ хэрэгт холбогдуулан охины төрсөн эцэг Ц болон хойд эхийг нь сэжигтнээр татан, цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.
Г.Даша | Гэрэл зургийг Ц.Баярбаатар
Эх сурвалж: WWW.EAGLE.MN
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...