Түүхэнд байгаагүй их мөнгөөр Америкчууд торгуулав
- schedule 2015 оны 2 сарын 11
- chat_bubble 0
Гадаадын компаниудын монополийн эсрэг авах арга хэмжээний хүрээнд Хятадын эрх баригчид гар утасны чип үйлдвэрлэгч "Qualcomm" компанийг зургаан тэрбум юань буюу 975 сая ам.доллараар торголоо.
Бээжингийн зүгээс гадаадын автомашин үйлдвэрлэгч, технологийн компаниудын үнээ тогтоосон үндэслэлийг нь нарийвчлан шалгаж байна.
Хятад бол дэлхийн хамгийн том гар утас үйлдвэрлэгч орон юм. Гадаадын маш олон технологийг ашиглах лицензэд ихээхэн мөнгө төлдөг аж. Харин сүүлийн үед гадныхны лиценз нь хэтэрхий өндөр үнэтэй байгааг Засгийн газар нь шүүмжлэх болсон.
Дэлхийн хамгийн том гар утасны чип үйлдвэрлэгчдийн нэг "Qualcomm" өчигдөр Хятадын компаниудад баримталдаг лицензийн бодлогоо өөрчлөх болсноо зарласан байна.
Эрх баригчид тэднийг зах зээл дээр хэт монополь байр суурьтай байгаа, мөн лицензийн төлбөрт илүү мөнгө авдаг гэж буруутгасан юм.
"Qualcomm" компанийн хувьд Хятадын хууль хэрэгжүүлэгчдийн шийдвэрт гомдолтой байгаа ч шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөөр болжээ.
Зургаан тэрбум юань буюу 975 сая ам.долларын торгууль гэдэг бол гадаадын компаниудад тавьж байсан хамгийн өндөр дүн юм.
Хятадын Засгийн газартай тохирсон ёсоор "Qualcomm" компани одооноос 3G, 4G сүлжээнүүдийнхээ патентыг бусад патентуудаасаа салгаж Хятадын компаниудад өгөхөөр болжээ.
Ингэснээр тэдний орлого үлэмж хэмжээгээр буурах аж. Гэвч "Qualcomm" нь нийт орлогынхоо тал орчим хувийг Хятадын зах зээлээс олдог тул эвлэрэхээс өөр аргагүй болжээ.
Эх сурвалж: WWW.IKON.MN
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...