"Мак Энержи" ХХК болон БНХАУ-ын "Харбины эрчим хүчний олон улсын компани"-тай хамтран цахилгаан станц байгуулна
- schedule 2015 оны 1 сарын 30
- chat_bubble 0
Өмнөговь аймгийн нутагт орших Нарийнсухайтын нүүрсний уурхайг түшиглэн 2х135 МВт цахилгаан станцыг түлхүүр өгөх нөхцлөөр барьж байгуулах гэрээнд МАК Энержи ХХК болон БНХАУ-ын “Харбины эрчим хүчний олон улсын компани" 2015 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд гарын үсэг зурав.
Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд Монгол Улсын "МАК Энержи" ХХК болон БНХАУ-ын "Харбины эрчим хүчний олон улсын компани"-ийн удирдлагууд оролцсоноос гадна Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Ц.Сүхбаатар, худалдаа эдийн засгийн зөвлөх Б.Хүрэнбаатар нар уригдан оролцов.
Нарийнсухайтын цахилгаан станц байгуулагдсанаар Өмнөговь аймаг, орон нутгийг эрчим хүчээр найдвартай хангах, нүүрсний уурхайнуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, цахилгаан тоног төхөөрөмж ашиглан өртөгийг бууруулах, экспортыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм байна.
Нарийнсухайтын цахилгаан станц ашиглалтад орж, Өмнөговийн сүлжээнд холбогдсоноор "Оюутолгой", "Цагаансуварга", "Тавантолгой" зэрэг уул уурхайн томоохон үйлдвэрүүдийн хэрэгцээг хангах нэмэлт эх үүсвэр болох юм.
2014 онд БНХАУ-ын Дарга Си Зиньпин Монгол Улсад айлчлах үеэр энэхүү төслийг хэрэгжүүлэх тухай Санамж бичгийг хоёр улсын аж ахуйн нэгжүүд байгуулж байсан бол ийнхүү төслийг хэрэгжүүлэх дараагийн шатны ажлыг эхлэхэд бэлэн болж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...