Төрийн соёрхолт Н.Нацагням ачигч хийж мөнгө олдог байжээ
- schedule 2015 оны 1 сарын 30
- chat_bubble 0
Төрийн соёрхолт инженер Н.Нацагням цагтаа ачигч хийж мөнгө олдог байсан гэнэ. Тэрбээр хоёр газар зэрэг ачигч хийж олсон мөнгөөрөө өөрийгөө хувцаслаж байснаа National Times News-т өгсөн ярилцлагадаа дурьджээ. Тэрбээр мэдлэгээ дээшлүүлэхийн тулд хувийн багш хөлсөлдөг байсан бөгөөд хувийн багшийн мөнгийг хэн төлдөг байсныг сэтгүүлч түүнээс лавлахад ингэж хариулсан байна.
“Аав ээжээсээ мөнгө авч хувийн багш хөлсөлж үзээгүй. Би арван жилдээ зуны амралтаар ачигч хийдэг байлаа. Уг нь зуслангийн дэлгүүрт ачигч, цэвэрлэгч тус тусдаа 200 төгрөгийн цалинтай байсан. Гэтэл зөвхөн Найрамдалын район хэмнэлт гаргахын тулд энэ хоёр ажлын орон тоог нэгтгээд туслах ажилтан гэж нэрлээд нэг хүний цалин өгдөг болсон.
Би хоёр хүний ажил хийж, нэг цалин авдаг байхад Октябрийн районы хариуцсан зуслангийн дэлгүүрт хоёр хүн тус бүр 200 төгрөг авч байсан. Долдугаар ангийн хүүхэд 80 кг-ийн шуудайтай гурил зөөнө гэдэг хэцүү шүү дээ. Аав маань Найрамдалын районы бүх үйлчилгээ, үйлдвэрийг хариуцсан дарга байсан. Тиймдээ ч намайг арай гайгүй ажилд оруулж болох байлаа. Ядаж л би цэвэрлэгч хийхгүйгээр зөвхөн ачигчаа хийгээд 200 төгрөг авах боломжтой.
Гэхдээ аав маань их хатуу, зарчимч хүн. Тухайн үед хөдөлмөр хүнийг голно, хүн хөдөлмөрийг голж болохгүй гэсэн утгатай социалист орнуудын уриа лоозон байсан. Аав тэр үгийг хэлээд тас загнасан. Тиймээс тэр зуны гурван сар гүрийсэн дээ. Харин дараа зунаас нь зусланд биш, хотод Сансарын үйлчилгээний төвд ачигч хийсэн. Тэнд цалингаа хийснээрээ авдаг байсан. Сар хагас болоод 600 төгрөг авсан даа. Харин залхуу ачигч нар тогтмол сарын 200 төгрөгөө авдаг байсан.
Тухайн үеийн хүүхдүүд 65 төгрөгийн гутал өмсөж байхад би 144 төгрөгөөр гутал авдаг байсан. Хүүхдүүд 40-50 төгрөгөөр өмд авч байхад би 400 төгрөгийн фирмийн жинс өмсөнө. Мөн хүүхдүүд 14 төгрөгийн цагаан цамц өмсөхөд би цалингаараа 65 төгрөгийн хятад цагаан цамц авч өмсдөг байлаа” хэмээн Н.Нацагням ярьсан байна.
Түүний хүмүүжил ааваас нь маш их шалтгаалсан нь дамжиггүй. Хүнд хэцүү гэлгүй ажил хийж сургасан талаар мөн ингэж хэлжээ.
“Аав минь миний хувьд анхнаасаа л агуу хүн байсан. Одоо ч агуу. Загнуулах аавтай байна гэдэг азтай хэрэг. Би аравдугаар ангиа төгсөөд конкурст тааруу оноо авсан. Тиймээс Найрамдалын районд монтёр хийж олсон мөнгөөрөө тухайн үеийн ханшаас бараг 100 дахин өндөр хөлсөөр физик, математикийн хувийн багш авч сурсан даа. Тэгээд ТИС–д орсон чинь физикийн хичээлд нь суух ямар ч шаардлага байгаагүй.
Найрамдалын районд хоёр бригад байсан юм. Нэг нь агаарын шугам руу гардаг цэвэр, хоргүй ажил. Тэгтэл аав намайг хамгийн хортой ажилд оруулж байгаа юм. 15 см зузаан нарийн шороог цэвэрлэнэ. Өвөл газар доорх кабел тасрахад хөлдүү газар ухаж кабелийн холболт хийнэ. Дугуй шатаадаг тул их муухай үнэртэй.
Гагнуур хийхэд хүмүүсийн гараар юм туурна. Хүмүүс танай аав дарга байж яагаад заавал хамгийн хортой ажилд оруулсан юм бэ гэнэ. Энэ тухай аавд хэлэхэд нөгөө лоозонгоо хэлээд тас загнана. Бүр би хордоод үхвэл яах юм гэхэд "үхэхгүй юу" гэж хэлж байсан тийм л хатуу зарчимч хүн. "Хүний хийдэг ажлыг чи яагаад хийж болдоггүй юм бэ." гээд их уурлаж байсан” хэмээн Н.Нацагням хүүрнэжээ.
Эх сурвалж Г.Батзориг National Times New
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...