Хүүхдүүд “шоронд” уйлж байна
- schedule 2015 оны 1 сарын 13
- chat_bubble 0
Цэцэрлэг дээрээ гурван сар болсон хүүхэд ч байна
Хүүхэд шалтгаангүй уйлна гэж үгүй. Эцэг эхээ санах, өвдөх, өлсөх, таагүй орчинд, танихгүй хүмүүс дунд байхдаа ... гээд олон шалтгааныг нэрлэж болно. Гэтэл энд дурдсан бүхий л шалтгаанаар нэгэн цэцэрлэгийн хүүхдүүд уйлж байна. Эцэг эхтэйгээ уулзаагүй гурван сар болсон, 30 хоносон хүүхдүүд байна гээд л бодохоор.
Амьдрал гэж хатуу юм даа. Зарим нэгэнд нь үр заяахгүй шаналж явахад зарим нь гаргасан үрээ хаа нэгтэй орхиод "мартчих" юм аа. VI бичил хорооллын орон сууцанд тодруулбал "АСЭ” эмэгтэйчүүдийн эмнэлгийн арын байрны II давхрын хоёр өрөө байранд хүүхдийн цэцэрлэг ажиллаж байна. 28-хан ам метр талбай бүхий уг байранд цэцэрлэг ажиллуулаад зогсохгүй бүхэл бүтэн айл хамт амьдарч байлаа. Энд сарын 250 000 төгрөгийн хөлсөөр бяцхан хүүхдүүдийг 24 цагаар хардаг юм байна. Ийм хөлс төлж байгааг нь бодохоор боломжтой айлын хүмүүс ханддаг гэлтэй. Гэтэл харамсалтай нь хүүхдүүдийн байгаа орчинг харахаар эцэг эхдээ хаягдсан гэж харагдахаар.
Бүгчим, чийгтэй нэг өрөөнд газраар зулан хэвтэх 20 орчим хүүхэд тоглож, наадах нь бүү хэл уйлах ч тэнхэлгүй хэвтэж байна. Хэзээ ч өмсүүлсэн нь үл мэдэгдэх хөлсөндөө наалдсан хоёр давхар хувцастай. Унтсан нэгэн нь нүдээ нээж сэрж ч чадахгүй байгаа нь гарцаагүй өлсөж тамирдсаных. Эвийлж, хайрлаач тэднийг. Эмээ, өвөө нь ач, зээгээ ийм газарт хувь заяатайгаа эвлэрэн хоног өнгөрөөж хэвтээг нь мэдэх болов уу?
Эцэг эхчүүд ийм газрыг яаж, хаанаас олж хүүхдээ авчирж өгдгийг гайхаад олсонгүй. Орчин нөхцөл муу байна гэж хэл үг хийж, хяналтын байгууллагуудад ханддаггүйг нь бодоход хүүхдээ авах сонирхолгүй гэдэг нь илт. Хамгийн гол нь бямба, ням гарагуудад ажилтай нэгэн нь хүүхдээ авахгүй ч байсан болдог гэж байгаа. Тиймээс зарим нь хэдэн долоо хоногоор, бүр гурван сараар ч хүүхдээ авдаггүй гэнэ. Эцэг эхээ хүүхдүүд нь хүлээж хэвтэнэ. Амьдын хагацал гэж үүнийг л хэлдэг байх даа. Ийм газарт хүүхдээ өгдөг эцэг эхчүүд үүнийг уншиж буй бол "Юун илүү үгтэй юм бэ. Энэ бол амьдрал. Чамд хамаагүй" л гэх байх. Дуугарахгүй бол болохгүй нь ээ.
Эцэг эхчүүдэд 100 хувь бурууг өгч бас чадахгүй нь. Ажиллаж, мөнгө олж амьдрах хэрэгтэй байдаг. Цэцэрлэгийн хүрэлцээ муугаас эрэлтийг мэдэрч, мөнгө олох шуналдаа хөтлөгдсөн нэгэн нь иймэрхүү газар хэдийнэ ажиллуулаад эхэлжээ. Хамгийн гол нь энэ замын хөлд хүүхдүүд хохирох нь. Өнөөдөр бид нэг л газрын тухай бичлээ. Ийм газар хэр олон байгааг бид хэлж мэдэхгүй. Гэмтэж осолдсон 2-4 насны хүүхдүүдийн 60,9 хувь нь гэртээ унаж, гэмтэх, түлэгдэх байдлаар гэмтсэн байна. Асран харах, хараа хяналтын гадуур байгаагаас сар бүр 15 хүүхэд зүй бусаар хорвоог орхидог гэж бодохоор л.
Уул нь хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэлгүй, аюулгүй орчинд хооллож хүмүүжүүлдэг газрыг цэцэрлэг гэдэг биз дээ. Энэ бүх нөхцөл, үндсэн утгаа бүрэн алдсан энэ мэт газрыг тэгвэл юу гэж нэрлэх вэ?
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүүхэд харах үйлчилгээний тухай" хуулийн төсөл юу болов?
Энэ газар зохих газраас зөвшөөрөл авсан болов уу?
Авсан бол ямар шалгуураар олгов?
Нийслэлийн Боловсролын газрын Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтнүүд мэдэж байгаа болов уу?
Мэргэжлийн хяналтын газрынханд хандаж шалгаж өгөхийг хүсье!
Хүүхдүүдийн өрөө /цэцэрлэг/
Хүүдүүдийн өрөөний багшийн эд зүйлс.
Угаалгын өрөөнд нь хүүхдүүдийн гэх нэг ч зүйл байсангүй.
Үүдний хэсэг.
Хүүхдүүдийн хоолыг энд бэлтгэдэг.
Нөгөө өрөөнд нь айл амьдарч байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...