Таван цул эрхтэний тухай таны заавал мэдэх зүйл
- schedule 2014 оны 12 сарын 23
- chat_bubble 0
Хүний биед чухал үүрэггүй эрхтэн гэж нэг ч байхгүй. Аль нэг нь байхгүй юм уу доголдвол өвчин эмгэг үүсэх төдийгүй амь насаа алдана . Бүх эрхтэн систем жигд ажиллаж байж хүн хэвийн эрүүл амьдардаг гэсэн үг. Гэхдээ хүнд байх хос эрхтнүүдийн хувьд бол арай өөр. Аль нэг нь байхгүй бол үлдсэн нь үйл ажиллагаагаа нэмэгдүүлж, эсвэл томорч хэвийн ажиллах нөхцөл бүрдүүлдэг. Тухайлбал өрөөсөн бөөрөө авахуулсан хүний нөгөө бөөр хэмжээний хувьд яльгүй томорч доголдолгүй ажиллуулдаг юм.
Хүний таван цул эрхтэн гэж хэвлий, цээжний хөндийд ойролцоо байрладаг эрхтнүүдийг нэрлэдэг. Тэд бусад үйл ажиллагааг өөртөө төвлөрүүлсэн онцгой чухал үүрэгтэй гэж ойлгож болно. Эдгээр нь зүрх, уушиг, элэг, бөөр, дэлүү юм. Тус тусдаа өвөрмөц үүрэгтэй ч харилцан уялдаатай ажилладаг. Өөрөөр хэлбэл нэгнийх нь үйл ажиллагаа нөгөөгөө дэмжин тэтгэж байж иж бүрэн болдог юм. Зүрх хүний цээжний хөндийд хавирга болон нурууны ясаар хамгаалуулан оршдог. Өвчүүнээс зүүн тийш чигэлсэн хэсэгт атгасан гарын хэмжээтэй эрхтэн юм.
Гадуураа үнхэлцэг гэх нимгэвтэр хальстай зузаан булчин бүхий дундаа ховдол, тосгуур гэх хөндийтэй эрхтэн. Гадна хальс булчин хоёрын дунд тусгай шингэн байдаг. Үндсэн үүрэг нь тараагуур артери судсаар цусыг бүх биед очихоор шахаж, хураагуур вен судсаар буцаж ирсний дараа хүчилтөрөгчөөр хангуулан буцааж шахах байдлаар тасралтгүй ажилладаг хэмээн товч төсөөлж болно. Бусад эд эрхтэнд ямар нэг эмэгэг өөрчлөлт гарвал зүрх хамгийн түрүүнд мэдээлдэг. Тухайлбал зүрх дэлсэх, судасны цохилт түргэсэх, лугшилт нь өөрчлөгдөх, цусны даралт ихсэх буурах гэх мэт.
Уушиг бол амьсгалын гол эрхтэн. Ам хамраар амьсгал авахад тэлж гаргахад агших байдлаар ажилладаг ба цээжний булчин гол хөдөлгөгч нь болдог. Гаднаас хүчилтөрөгч авах ба түүнийгээ цусаар дамжуулан зүрхэнд хүргэдэг гэсэн үг. Уушиг цээжний хөндийн хоёр талд тэгш байрладаг хос эрхтэн мөн. Уушгийг хамгийн ихээр гэмтээдэг өвчин бол сүрьеэ. Түүнээс гадна хатгалгаа, гэмтэл, хавдар гээд нөлөөлдөг өвчин цөөнгүй. Элэг хэвлийн хөндийд өрцний дор наалдан байрлах ба ихэнх хэсэг нь хэвлийн баруун талд байдаг. Цус төлжүүлэх, биед хоол хүнсээр дамжин орсон бүх бодисыг шүүж цэвэрлэх үүрэгтэй. Ганц том эрхтэн боловч өвөрмөц нөхөн сэлбэх онцлогтой. Өвчний улмаас элгээ тайрууллаа гэхэд үлдсэн өчүүхэн хэсэг нь хүртэл хэвийн ажиллаж үүргээ гүйцэтгэсээр байдаг.
Архи тамхи, хоол хүнсний буруу хэрэглээ, эм тариа зэрэг нь элгэнд сөргөөр нөлөөлж өвчлүүлдэг. Хүнд бөгөөд элбэг тохиолддог өвчин бол шар өвчин, элэгний цирроз, хавдар мөн. Бөөр хэвлийн хөндийн ар хэсэгт ууц бүсэлхий тушаа байрладаг хос эрхтэн. Гадуураа хальс,зузаан өөх, шингэн зэрэг хамгаалалттай. Судсаар дамжин ирсэн цуснаас биед хэрэгцээгүйг нь ялган шүүж шээс болгоод гадагшлуулах үндсэн үүрэгтэй. Ялгарч буй шээсний хэмжээ, өнгө, үнэр, найрлага зэрэг нь олон өвчнийг оношлох ач холбогдолтой. Бөөрний үйл ажиллагаа доголдвол хорт бодис цусанд буцан шимэгдэж бүх биеийг хордуулах ба улмаар үхэлд хүргэх аюултай.
Бөөр өвчилсний улмаас зүрх судасны ажиллагаа ч доголддог. Дэлүү хэвлийн зүүн хажууд элгэнд наалдсан байрлалтай цул эрхтэн. Дэлүү бол цус төлжүүлэх үндсэн үүрэгтэйгээс гадна биеийн дархлааг сайжруулахад оролцдог гэж үздэг. Дэлүү нь цусны өвчнүүдийн үед үйл ажиллагаа нь алдагдаж томрон өвчилдөг юм. Дэлүү хэдийгээр хос эрхтэн биш боловч өвчлөн томорсон тохиолдолд мэс заслын аргаар авдаг. Энэ тохиолдолд цус төлж үүлэх үүргийг ясны чөмөг орлох ба элэг ч тодорхой үүрэгтэй.
Олхонууд ШААБАР
Эх сурвалж: www.budda.mn
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...