Хуйвалдааны Засгийн газарт зүтгэж чадахгүй
- schedule 2014 оны 12 сарын 22
- chat_bubble 0
ШӨХТГ-ын дарга О.Магнай өнөөдөр ажлаа өгч буйгаа мэдэгдлээ. Тэрбээр шийдлийн гэх нэртэйгээр шинээр байгуулагдсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийг удирдахаас татгалзаж байгаагаа илэрхийлэв. Учир шинэ Засгийн газар сөрөг хүчингүй, ардчиллын үнэт зүйлсийг эсрэг үйлдэл хийж, хуйвалдааны журмаар байгуулагдсан. Энэ нь түүний итгэл үнэмшил, зарчимтай нийцэхгүй гэж О.Магнай үзжээ.
ШӨХТГ нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг. Өрсөлдөөний тухай хуулиар тус агентлагийн удирдлагыг зөвхөн Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаанд оруулж томилдог байна. Тиймээс О.Магнай ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өнөөдөр Ерөнхий сайдад аваачиж өгөх аж.
Тэрбээр ШӨХТГ-ын даргаар хоёр жил гурван сарын хугацаанд ажиллахдаа 6000 гаруй иргэний өргөдөл, гомдлыг бүрэн шийдсэн байна. “Мөн 1100 удаа хяналт шалгалт хийж, иргэдийн 1.8 тэрбум төгрөгийг буцаан олгуулсан. 2012-2014 онд архи согтууруулах ундааны хууль бус зар сурталчилгаа гарахгүй болсон. Орон сууцны м.кв-ын зөрүү 1 тэрбум орчим төгрөгийг буцаан олгуулж, үүрэн телефоны хэрэглэгчдийн ярианы төлбөрийг секундын горимд шилжүүлсэн. Жилд нэг удаа лифтүүдийг шалгахаар болсон зэрэг ажлыг хийлээ” гэж мэдээллээ.
Түүнчлэн Шүүхийн шатанд байгаа СӨХ-ны дээд зөвлөл, Арилжааны банкуудын асуудлыг дараагийн ажил авах хүн заавал шийдвэрлэх ёстой гэдгийг онцолсон.
Б.Буд
Эх сурвалж: WWW.SHUUD.MN
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...