Эмэнд харшил төрүүлэгч 5000 аллергин бодис байдаг
- schedule 2014 оны 12 сарын 19
- chat_bubble 0
Эмийн бодис нь хүний өвчинг илааршуулж, хөдөлмөрийн чадвар сэргээх ач тустай боловч бие, махбодод их, бага хэмжээгээр сөргөөр нөлөөлдгийг мэдэхгүй хүн бараг үгүй.
Гэвч эмийн сангаар үйлчлүүлэгчдийн ихэнх нь эмчийн жоргүйгээр эм авч, хэрэглэж байна. Тэд авах эмээ өөрсдөө шууд нэрлэдэг. Харин цөөхөн хэд нь эмийн санчаас “ Би ... ингээд байна. Юу уувал зүгээр вэ” гэж асуудаг.
Орчин үед дэлхийд 30 мянга гаруй эм бүртгэгдсэнээс харшил төрүүлэгч 5,000 гаруй аллергин бодис судлагдаад байгаа аж.
Эмийн гаж нөлөө нь биеийн аль нэг эд эрхтэнийг хордуулан, дархлааны тэнцвэрт байдлыг алдагдуулж, харшил, донтол хэлбэрүүдээр илэрдэг байна.
Гэхдээ зарим өвчтөн юунаас, тухайлбал ямар эмнээс харшил өгөөд байгааг сайн мэдрэхгүй хугацаа алдсанаас хүндрүүлдэг.
Энэ талаар эмч мэргэжилтнүүд дараах зөвлөгөөг өгч байна.
• Эмийн бус эмчилгээний бусад аргуудыг өргөн хэрэглэх
• Юуны өмнө эмчийн жоргүйгээр бусдын амаар, эсвэл өөрөө дур мэдэн эм, эмийн бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзах
• Эмийн санчийн санал болгосон бүхнийг авч хэрэглэхгүй байх. /Тухайн хүн анагаах ухааны мэдлэгтэй ч бизнес эрхлэгч шүү дээ/
• Нэгэнт тухайн нэг эмийг ууж хэрэглэх зайлшгүй шаардлага үүссэн нөхцөлд бие махбодод үзүүлэх нөлөөллийн талаарх тайлбартай нь уншиж танилцах
• Эмийн бодисуудын солбилцох урвал явагддагийг байнга санах /пенициллин-церолоспорин/ Парамино бензолоос үүссэн эмийн бодисуудын хооронд /сульфаниламид сулфанил, мочевин, тиозидын хаван хөөгч эмүүд/
• Ихэвчлэн харшил өгдөг эм, тариа /пенициллины бүлэг, бүх төрлийн витаминууд/ хэрэглэхээс зайлсхийх
• Урьд нь тухайн эм, эмийн бүтээгдэхүүнийг хэрэглэж байсан эсэх, хэрэглэж байсан бол харшил өгч байсан эсэх талаар тунгаан бодох
• Хэрэв харшил үүсгэж байсан бол энэ тухай эмчдээ хэлэх
• Нэгэнт хэрэглэсэн эмийн бодисоос харшил өгч байгааг мэдсэн тохиолдолд биеэс зайлуулах арга хэмжээг нэн даруй авах
• Харшил өвчний эхний шинж тэмдэг илэрвэл нарийн мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Эмчилгээний зарчим эмчийн заалтаар хийгдэнэ.
Харшлын урвал нь эрт буюу хожуу илрэх нь тухайн хүний бие махбодын онцлог эмийн тун хэмжээ, чанар, орчин зэргээс шалтгаална. Түүнчлэн харшил нь эмийн тунгаас шалтгаалахгүй маш бага бичил тунд ч өгдөг.
Хоол хүнсэндээ бүх төрлийн гурилан бүтээгдэхүүн, будаа, хунсий ногоо, шингэц сайтай татсан, жигнэсэн мах, сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж, шингэн юм сайн уух нь харшлаас сэргийлэхэд тустай аж.
Харин эмийн харшил илэрсэн үед бүх төрлийн исгэлэн жимс, шарсан, хайрсан, нөөшилсөн, лаазалсан хүнсний бүтээгдэхүүн, хийжүүлсэн ундаа хэрэглэхийг хориглодог.
Биднийг тойрон байгаа бодис бүхэн харшил үүсгэж болно. Харшил үүсгэгчийг тогтооход өвчтөний өөрийн ажиглалт, нямбай байдал чухал үүрэгтэйг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Эх сурвалж : www.budda.mn
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...